Чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад оруулснаар нүүрсний экспорт нэмэгдэнэ

2021 оны 09 сарын 06

Энэ оны эхний 7 сарын байдлаар манай улс 10.811 мян.тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 18 орчим хувиар буурчээ. Гэхдээ экспортын биет хэмжээ буурсан ч, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлж, улсын төсөвт эхний хагас жилийн байдлаар 472.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан шалтгаан нь дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, БНХАУ-ын талаас хилийн боомтуудад хязгаарлалт тавьж байсантай холбоотой. Тухайлбал, наймдугаар сарын сүүлээр Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал тавьсан ч, улмаар хоёр тал тохиролцсоны үндсэн дээр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг тээврийн хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гэхэд  /2021.08.31-09.04/ тус боомтоор нийт 860 орчим автомашин хилээр нэвтэрч, 108.870 мян.тн нүүрс экспортолжээ.

Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхой бус учраас нүүрсний тээврийн дэд бүтцийг сайжруулах үүднээс хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 7 дугаар сард гаргаж, хэрэгжүүлэх үүргийг УУХҮЯ-д даалгасан. Нэг ёсондоо, цар тахлаас үл хамаарч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарц нь хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хэмээн Засгийн газар болон УУХҮЯ-ны зүгээс үзсэн байна. Энэ хүрээнд нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах ажлыг УУХҮЯ гардан зохион байгуулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж эхэлсэн.

Гашуунсухайтын боомтын уг чингэлэг тээврийн терминалыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 236 км зайд буюу тус боомтын зурвас газар болох нийт 30 га талбайд байгуулсан.  Бүтээн байгуулалтын хүрээнд тус газарт 30 га талбайн шимт хөрсийг хуулж, улс хөрсийг нягтруулан, улмаар хайрган хучилт хийж нягтаршуулжээ. Мөн барилга байгууламжийн хүрээнд гаалийн хяналтын бүс болон хилийн цэргийн хашаа барьж, ариутгалын төхөөрөмж суурилуулан, талбайн гэрэлтүүлгийг шийдээд буй. Түүнчлэн барилга байгууламжуудын цэвэр бохир усны шугам хоолой, нөөцийн сав, ус цэвэршүүлэх төхөөрөмж болон бага оврын цэвэрлэх байгууламжийг барьснаас гадна 40 м-ийн урттай 250 тоннын даацтай 4 ширхэг электрон автожин операторын байрны хамт угсарч суурилуулжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, мөн туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн тасралтгүй ажиллаж, хоёр сар хүрэхгүй хугацаанд дуусган, ийнхүү хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Уг төслийг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр гүйцэтгэжээ. Харин хилийн Шивээхүрэн боомтод барих чингэлэг тээврийн терминалыг 11.6 га талбайд  шийдэж байгаа аж. Тус төсөлд 8 ААН оролцож, одоогийн байдлаар газар шорооны ажил 50 орчим хувьтай байна. Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын хүрээнд гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байгаа билээ.

Чингэлэг тээврийн терминалыг байгуулснаар хилийн нэвтрэлт нэмэгдэж, нүүрсний экспорт өсч, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтайг албаны хүмүүс тодотгож байна. Хамгийн чухал нь, дараалалд олон хоног зогсох жолооч нарын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хоёр улсын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 10 сая тонноор нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа гарчээ.

Ташрамд дурдахад, Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5 хувийг бүрдүүлж байна. Манай улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,666.7 тэрбум төгрөг болсон. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
Top