Төрийн түшмэлийг түмний дундаас сонгож, ёс зүйг нь хуульчлах гэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30

Ёс зүйг эрт цагт ёс зүйгээр хамгаалдаг байжээ. Ялангуяа Азийн орнуудад төрөө дээдлэх нь ёс заншилтайгаа холбоотой байдаг л даа. Монголын сургааль үг, үлгэр домог, түүх шашдирт ч “Төр нь иргэнээ энэрч, иргэн нь төрөө дээдлэх” агуулга нэвт шингэсэн нь бий. Харин өнөөгийнх шиг төрийн нэр хүнд бууран, төрийн албан хаагчид ёс зүйн уналтад орсон асуудал хаанаас эхлэлтэйг хайх юм бол Манжийн ноёрхлоос тоолох болно. Гадны хүчинд эрхшээгдсэн аливаа төр нь иргэдийнхээ дунд нэр хүндээр гавихгүй байдаг. Иймээс ч Манжийн дарлалын 200 жилд Монголын “одод” нь шилийн сайн эр, заргач, лам ноёдыг мад тавьсан өнчин хүү зэрэг байсан бол социализмын жилүүдэд яруу найрагч Р.Чойном, ажил хэрэгч Ц.Лоохууз нар байсан хэрэг л дээ. Манжийн талхинд монгол төрийн нэр хүнд доройтож эхэлсэн бол социализмийн жилүүдэд монголчуудын ёс суртахуунд өөрчлөлт орсон юм. Социалист ёс суртахуун гэдэг шинэ дүрэмтэй болчихсон гэсэн үг. “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч, хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой” гэх бөгөөд “Хир буртаг өчүүхэн ч хүргэлгүй тахиж шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт социалист өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр байх ёстой. Бат түшиг болсон энэ хоёр тулгуур баганагүйгээр социализм хөгжиж бэхжиж чадахгүй” гэдэг сургаалыг дагана.

Гэтэл 1990 он ирлээ. Эрх чөлөөт, ардчилсан нийгэм бий болсон хэмээх том шошгоны ард ёс суртахуун, амьдралын мөрдлөгийн холион бантан бий болов. Товчхондоо, өнгөрсөн 30 жил монгол хүн хэв шинжит ёс зүйгүй хөвөн явжээ. Ийм байтал өдгөө энэ дэлхий дээр аль ард түмэнд ёс зүй өндөр байна, аль төр иргэдийнхээ үйлчлэгч болж төлөвшинө, тэр л чухамдаа хүчирхэг орон гэгдэх болжээ. Тийм болохоор монголчууд хар зөнгөөрөө ёс зүйг нэхэж эхлэв. Улстөрчдөөс, төрийн түшмэлүүдээс, багш, эмчээс, бизнес эрхлэгчдээс бүр бөхчүүдээс бид ёс зүйг нэхэж байна. Яг энэ дуудлагад хариулт болсон хуулийг ирэх намрын чуулган эхлэхэд УИХ-д өргөн барихаар бэлтгэжээ. Тодруулбал, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай болон Төрийн албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүд юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа анх санаачилсан юм билээ. Одоо бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тэргүүтэй ажлын хэсэг гараад хэлэлцүүлэг, судалгаа хийн бэлтгэж байгаа аж. Ерөнхийдөө хоёр жилийн хугацаанд бэлтгэсэн болохоор сүрхий чамбай болсон талаар хуулийнхан хэлж байна лээ.

Гол нь ёс зүйг хуульчилж болох уу гэдэг асуулт байна. Тэгвэл Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль Япон, Канад, Герман зэрэг орнуудад бий. Жишээ авахад, Берлиний ханыг нураан зүүн, баруун хоёр Герман нэгдэхэд тэд ертөнцийг үзэх үзэл, ёс суртахууны том ангалтай нүүр тулсан байдаг. Тиймээс төрийн албаны ёс зүйг хуульчлах шаардлага үүсжээ. Харин өдгөө ямар дэвшилтэд нийгэм байгуулаад байгааг нь бид харж байна. Үүний адилаар ёс суртахууны кодоосоо далийж төөрсөн монголчуудын хувьд ядаж төрийн албан хаагчид нь ёс зүйн хуультай болох шаардлага байгаа юм. Манай орны хувьд өнөөхөндөө төр хамгийн том ажил олгогч болчихсон. Өнөөдөр 205 мянган төрийн албан хаагч байгаа бол төрийн албанд орохоор нөөцөнд бүртгүүлсэн найман мянган хүн бий. Мөн дээр нь төр хамгийн том худалдан авагч, төсөл хэрэгжүүлэгч болон хувирсан. Ийм байдалд хүрсэн шалтгааныг тайлбарлах гэвэл илүү дэлгэрэнгүй өөр нийтлэл бичих болно. Гол нь ийм том бүтцээсээ эхлээд ёс зүйн хуультай болж байгаа нь сайн хэрэг юм. Төрийн албан хаагчид тантай ингэж харилцвал та ийм хуулиар хамгаалагдана гэдэг бамбайг иргэдэд өгөх гэж байна. Улс төрийн ч бай, үйлчилгээнийх ч бай ялгаагүй төрийн албан хаагчид иргэддээ үйлчилдэг “зарц” нь болоход нэг шат ахилаа гэсэн үг. Өнөөдөр 1194 төрийн байгууллагад Ёс зүйн зөвлөл бий боловч одоог хүртэл тодорхой хийсэн ажил алга. Харин Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуультай болчихвол тэд ч үүрэгжиж, хяналтаа тавих боломжтой болох юм. Улмаар төрд бий болсон ёс зүй нийгэм даяар нөлөөллөө үзүүлнэ гэх хүлээлт хууль санаачлагч нарт байгаа юм билээ.

Тэгвэл Төрийн албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль нь төр нь улсаа хөгжилд хөтөлдөг, түшмэлүүд нь иргэдийн талархлыг хүлээж чадах чадвартай болгоход нөлөөгөө үзүүлэх гэнэ. Нэгэнт төрийн албан хаагчид ёс зүйтэй болох бол бас ур чадвартай байх ёстой гэсэн санаа л даа. Товчхондоо, иргэдийн дунд байгаа чадварлаг хүмүүсийг сонгон судалж, төрд урьж ажиллуулах газартай болох механизмыг бүрдүүлэх юм байна. Солонгос, Сингапур, Хонгконг, Тайванаас эхлээд Азийн олонх орон хүний нөөц, боловсон хүчин хариуцсан яам, газартай байдаг. АНУ, Европын орнуудад ч мөн ийм сонгон шалгаруулалтын газар бий. Одоо ШриЛанк зэрэг орнууд энэ туршлагыг нэвтрүүлээд явж байгаа аж. Түүнчлэн хуулийн бусад онцлог гэвэл өмнө нь гарч байсан хуулиуд шиг төрийн албан хаагчийг дархлахад чиглэхгүйгээр зохицуулжээ. Мөн одоо төрийн албаны мерит буюу шатлан дэвших зарчим нь зөвхөн ажилласан жил дээр тулгуурлаад байгаа. “Төрийн нарийн бичгийн дарга болохын тулд улсад 16 жил ажилласан байх шаардлагатай” гэх мэт. Харин энэ хуулиар ур чадвар, мэдлэг голлодог болгох гэнэ. Дэлхий нийтээрээ хүнийг ажилдаа ханддаг хандлагаар тодорхойлдог болоод байгаатай ч хөл нийлүүлэхэд тустай юм байна.

Эдгээрээс гадна тус хуулиар танил тал, нам, нутаг ус, төрөл садан харж төрийн албанд түшмэл авдаг байдлыг зүйл бүрээр нь таслан зогсоох аж. Ингэж байж “Төр төмбөгөр, ёс ёмбогор” болно, хөгжил дэвшил ярих боломж үүснэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байна лээ. Бас төрийн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхой шалтгаангүй өөрчлөхийг ч хориглох гэж байгаа юм билээ. Нэг дарга очоод дуртай, дургүй хүмүүсээ ялгаж байгаад халж, сэлгэх гээд бужигнуулаад бүтцийн өөрчлөлт хийгээд байдаг байдал манайд нэлээд хавтгайрсан болохоор ингэж байгаа бололтой. Ямар ч байсан ийм хоёр хуулийн төслөөр иргэдийн шударга ёс хүсэж буй хүсэмжлэлд хариу өгөх гэж байгаа юм байна. Төр, иргэний харилцаа, улс орны хөгжилд өргөс авсан мэт нөлөөлөхгүй юм гэхэд нэгэн том алхам бол болох байх шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.194) 2021 оны 08 сарын 30

Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо

0  |  0
зочин (202.9.46.225) 2021 оны 08 сарын 30

ЧИНГИС ХААНЫ ҮЕД МЭДЛЭГ, ЧАДВАРТАЙ ХАРЦ АРДУУДЫГ Ч ГЭСЭН ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛДОГ БАЙСАН БАРИМТ БИЙ. ГЭТЭЛ ӨНӨӨДӨР МЭДЛЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ, ӨЛБИЙСӨН, БӨГС ДОЛООГЧИД, ХҮНД СУРТАЛТАЙ, УРАГ ТӨРЛИЙН АМЬТАД ТӨРИЙН АЛБЫГ СҮЙТГЭДЭГ БОЛООД 30 ЖИЛ ӨНГӨРСӨН Ч ХЭВЭЭРЭЭ.................

0  |  0
гав(192.82.88.159) 2021 оны 08 сарын 30

тэгээд ж.мөнхбатаар шүү!!!!!!!???????

0  |  0
Зангараа(202.179.24.234) 2021 оны 08 сарын 30

Коммунист МАН тай байхад ямар ч ёс зүй хууль байгаад нэмэргүй гэдгийг ойлгоогүй ухаараагүй нэг мал энийг бичиж дээ. Тэгээд тэр ёс зүйгий нь эхнэрээ зодоод байдаг ёс зүйгүй нөхөр бэлдэж байгаа ч гэх шиг. Яг одоо монголд шүүх засаглал дампуурчаад байгааг мэдсээр байж ингэж болох уу? Шүүх байхгүй байхад Хууль байхгүй, Ёс зүй бүүр ч байхгүй. Коммунистуудын хүсэл энэ. Садар самуун юмнууд ойлгох цаг болсон.

0  |  0
Top