Х.Батсуурь: Аливаа койны арилжаанд мөн чанарыг нь ойлгохгүй оролцох нь түнэр харанхуй руу орж байгаатай ижил

Б.Болорсүх | Zindaa.mn
2021 оны 08 сарын 31

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр койны тухай сэдэв олон нийтийн анхаарлын төвд байлаа. Криптовалют түүнтэй холбоотой харилцаа дэлхий дахинд нэн шинэ ойлголт тул дэлхийн олон улс орон хуулиар зохицуулж хараахан амжаагүй байна. Манайд ч энэ талаар хууль, эрх зүйн орчин байхгүй. Тодорхойгүй нөхцөл байдалд олон хүн хошуурч байгаа тул Монголбанк ч, Санхүүгийн зохицуулах хороо ч мэдэгдэл гаргасан. Криптовалют тэр дундаа койны талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.


-Сүүлийн хэд хоног IHC буюу Inflation Hedging Coin олон нийтийн анхааралд байна. Сайн, муу олон тайлбар хөвөрч байна. Сошиал сүлжээнд ч халуун сэдвүүдийн нэг байсан хэвээр. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос ч анхааруулж мэдэгдэл гаргасан. Койн түүнтэй холбоотой худалдаа нэн шинэ учраас мэдэхгүй зүйл рүүгээ хошуураад байх шиг харагдсан?

-Уржигдар маш богино хугацаанд нэг минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбум төгрөг босголоо гэх мэдээлэл олон нийтэд тарсан. Бодит үнэн эсэхийг мэдэхгүй юм, гэхдээ үүнд олон худалдан авагчид хошуурсан, хөрөнгийн биржийн түүхэнд ч байгаагүй хөрөнгө босголоо. 

Ерөнхий утгаар нь аваад үзвэл аливаа койны арилжаа нь хөрөнгийн биржийн хувьцааны арилжаатай төстэй боловч хөрөнгийн биржийн сонгодог ойлголтоос хэд, хэдэн зүйлээрээ ялгаатай. Хөрөнгийн биржийн хувьцаа бол тодорхой бүтээгдэхүүн, компани зэрэг баталгаатай зүйл дээр суурилдаг. Харин криптовалют, койн нь бодит бүтээгдэхүүн, компани гэхээс илүү технологийн шийдэл юм. Ард нь хэн ч байж болно. Гэхдээ сонгодог ойлголтоор бол баталгаатай эх үүсвэр болж чадахгүй. Миний ажигласнаар Монгол Улсад өнөөдөр хоёр койн байна. Ярилцлагын эхэнд дурдсан “IHC“ койноос гадна, “АрдКойн”. Ер нь яаж ч нэрлэсэн бай аливаа койноос сонгодог мөнгө болон цахим мөнгөний хэв шинжийг хадгалж уу, хамгийн гол нь “Биткойн”, “Этериум”, “Байненс” зэрэгтэй харьцуулж харах, тодорхой хэмжээнд судлах ёстой. Мөн чанарыг нь сайтар ойлгож байж хөрөнгө оруулах, тухайн койныг худалдаж авах нь зүйтэй гэж миний хувьд зөвлөх байна. Хамгийн гол нь юугаар баталгаажсаныг, үр дүн нь юундаа байна, үнийн зөрөөн дээр дамлаж зарах уу, хэрэв дамлаж зарах гэж байгаа бол хэнд худалдах вэ гэдгийг ухаж ойлгож байж, койны арилжаанд орох нь зүйтэй. Танин мэдэж мөн чанарыг нь ойлголгүй койны арилжаанд орох юм бол түнэр харанхуй руу яваад орчихож байгаатай л ижил.

-Судалгаа харж суулаа л даа. Монголд криптовалют арилжаалах дөрвөн бирж байна. Дөрвөн биржийн арилжаа энэ оны эхний хагасын байдлаар 1.9 их наяд төгрөгт хүрч. Үүнээс харахад асар их эрэлт байгаа юм шиг харагдаж байна. Зарим нь хөөс ч гэж дүгнэж байна. Хэрхэн тайлбарлах вэ?

-Криптовалютын арилжаа, койны үүсэл гарлыг чамгүй ухаж судалсан. Үүнийг ойлгоход төвөгтэй байж магадгүй. Үүнийг ойлгохын тулд мэдээллийн технологийн дундаас дээш түвшний мэдлэгтэй, басхүү санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгийн зах зээлийн арилжааны тухай багагүй мэдлэгтэй байх ёстой. Ингэж байж аливаа криптовалютын арилжааг ойлгоно. Өмнө нь зөвхөн нэг талын өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн мэдлэгээр сонгодог арилжааг хийдэг байлаа шүү дээ. Одоо бол хосолсон мэдлэг шаарддаг болчихсон. Таны тавьсан асуултаас харахад хөөс байхыг үгүйсгэхгүй. Хөөс үүсэх үндсэн хоёр шинж чанарыг агуулаад байна гэж харж байгаа. АНУ-д 1990-ээд оны сүүл 2000-аад оны эхээр цахим технологийн тэсрэлт боллоо шүү дээ. Үүнийг “Дот комын хөөс” гэж нэрлэдэг. Тухайн үед цахим худалдаа, мэдээллийн технологийн компани хэдэн мянгаараа байгуулагдаж байлаа. Үүнийгээ дагаад хөрөнгийн зах зээл дээр ч эрэлт нэмэгдчихсэн. Ердөө хэдхэн жилийн дараа энэ бүх компани дампуурч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хэд дахин унасан. Цөөхөн хэдэн компани тухайлбал Amazon, Google зэрэг хэдхэн компани л шалгуур дааж үлдлээ шүү дээ. Үүнийгээ дагаад цөөхөн хүн л ашиг хийж үлдсэн шүү дээ. Хөрөнгийн зах зээл хөгжсөн оронд байс гээд л хөөс үүсэж, хагардаг л даа. Манайд хараахан ийм тогтолцоо бүрдээгүй байна. Тийм учраас хөөс хэрхэн үүсдэг, яагаад хагардаг талаар тодорхой ойлгоогүй байна л даа. Криптовалют, аливаа койны арилжааг мэдэрч ойлгосон нь л хожино. Ихэнх нь мэдэхгүйгээсээ болоод хохироод хоцрох эрсдэл бий.

-Хөөсөрчихсөн  л гэж хэлэх гээд байна аа даа?

-Нэг л баримт хэлье. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр 4000 гаруй койн байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ. Энгийн логикоор бодоод үз дээ. Дэлхийн 180 гаруй улс орон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй. Өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтгүй ч улс орон бий. Мөнгөн тэмдэгттэй улс орнууд нь дотоодынхоо хэрэгцээг хангаж байна. Гэхдээ 180 гаруй мөнгөн тэмдэгт олон улсын арилжааны хэрэгсэл болдог уу гэвэл үгүй. Дэлхий дээр ам.доллар, евро, британийн фунт стерлинг, юань, йен гэсэн таван мөнгөн тэмдэгт хүлээн зөвшөөрөгдөж байна шүү дээ. Малайзын ренггит, арабын динараар АНУ-д, Европд арилжаа хийе гэвэл хэцүү. Яг үүнтэй л адил юм. Гэтэл цахим мөнгийг одоогоор аль ч улс орон хүлээн зөвшөөрөөгүй тул ойлгомжгүй, баталгаагүй байгаа хэрэг л дээ. Хөөсрөл байх магадлал маш өндөр. Тодорхой хугацааны дараа 4000 гаруй койноос ердөө 5-10 нь л үлдэж хоцрох байх.

-АНУ, бүр цаашлаад Европын хэд, хэдэн улсад арилжаанд оролцогчид тэгш мэдээлэлгүй гэх шалтгаанаар криптовалютын арилжаанд болгоомжтой ханддаг. Учир нь арилжаанд оролцогчдын дийлэнх нь технологи, арилжааны мэдлэггүйгээсээ болоод алддаг гэж дүгнэсэн байна лээ. Мэдлэггүйсээ болоод алддаг туршлага сүлжээний бизнесээс авахуулаад хэд, хэд бий?

-Мэдээлэл авах орчин, нөхцөл харилцан адилгүй байгаа учраас мэдээлэл авч чадахгүй байгаа л гэж боддог. Зөвхөн оройн хэсэг нь хожоод, үлдсэн хэсэг нь сүйрдэг олон тохиолдол өнгөрсөн 30 жилийн хугацаанд тохиолоо шүү дээ. Хамгийн сүүлд “ЖиТайм”-д хэчнээн хүн хохиров. Зарим хүмүүс криптовалютын арилжааг шууд ингэж тайлбарлаж байна лээ. Шууд ингэж дүгнэх нь юу юм, тодорхой хэмжээд мэдлэгтэй бай л гэж хэлэх байна. Би хэлээд байгаа шүү дээ, учир начрыг нь сайтар ойлгож байж арилжаанд оролц, бүрэн таньж мэдээгүй бол бүү оролц гэж. Тэгэхгүй бол хохироод үлдэнэ шүү. Тийм ч учраас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо сануулаад, анхааруулаад байгаа юм. Ингэж сануулах нь ч зөв.

-Монголд бий болж байгаа, цаашид бий болох койнууд нарийн утгаараа койн байж чадаж байгаа юу?

-Койн гэдэг зүйлийн онцлог гэж нэг юм бий. Криптовалют, койныг судалсны хувьд манайд арилжигдаж байгаа койнуудын  техникийн шинж чанарыг нь аваад үзвэл койн уу, токен уу гэдэг нь ойлгомжгүй байна. Өөрийн гэсэн дэд бүтэцтэй, олон улсад үндсэндээ хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа “Биткойн”, “Этериум” –тай харьцуулбал суурь бүтэцтэй юу гэдгийг анхаарах ёстой. Ажиглаад байхад манайд байгаа ихэнх койн дээр дурдсан койнуудын дэд бүтцийг түрээсэлж авах маягаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал “Этериум”-ын дэд бүтэц дээр койны арилжаа хийж байгаа гэж төсөөлье. Тухайн дэд бүтэц дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаар нь харвал “Этериум” тухайн койны баталгаа болж байгаа юм. “Этериум”-ын дэд бүтэц дээр хэчнээн койн арилжиж байгааг мэдэхгүй шүү дээ. Түрээс төлж байгаа гэдэг утгаараа “Этериум”-д ашиг очино гэсэн үг. Зүйрлэвэл өөрийн гэсэн малгүй нөхөр өөр нутаг хошуунд очоод олон малтай малчны туслах малчин болоод хэдэн малаа адгуулж байгаа гэсэн үг юм уу даа.

-Нэн шинэ ойлголт учраас нэгэнт хөлөө олчихсон койнуудын дэд бүтцийг ашиглахаас өөр сонголт байхгүй юм шиг...?

-Тийм. Өөрийн гэсэн дэд бүтэцтэй болоход маш хэцүү. Учир юу гэвэл аливаа криптовалют блокчейн технологи дээр суурилсан байдаг. Технологи, эдийн засаг талаасаа харвал хүн хүч, хөрөнгийн их үүсвэр шаардагдана. Бусдын дэд бүтэц дээр үйл ажиллагаагаа уяж байгаа бол “токен” гэж нэрлэдэг. Болохгүй ч юм байхгүй л дээ. Тухайн дэд бүтцийг хөгжүүлэгч блокчейн дээр суурилсан платформдоо тодорхой нөхцөл тавиад, технологийн журмыг нь бий болгоод арилжаа явуулах орон зайг нь бий болгож байгаа юм. Тухайн орон зайг нь ашиглаад “токен” гаргаж болно. Гэхдээ жинхэнэ утгаараа койн мөн үү, үгүй гэдэг нь эргэлзээтэй учраас л болгоомжилж байгаа юм шүү дээ. 

Гэхдээ бид нэг зүйлийг тодорхой ойлгох нь зүйтэй. Ард байна уу, IHC байна уу шинэ зүйлийг олон нийтэд таниулж байгаа, крипто бирж үүсгэхэд нэмэр болж байгаа гэдгээр нь харвал талархууштай. Тэд биш ч гэсэн цаг хугацааны явцад өөр нэг нь гарах л байсан. Нөгөө талаар нь харвал Монголын хөрөнгийн бирж сонгодог утгаараа хөгжилгүй одоотой залгалаа. Нийт санхүүгийн зах зээлийн 5-6 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа. Харин крипто арилжаа хийдэг дөрвөн бирж бий болсон нь ямар боловч технологийн шийдлийг, биржийн шинэ суваг, ноу-хауг таниуллаа. Шинэ зүйлийг мэдэрч, ойлгож хүлээж авах нь цаг хугацааны асуудал. Би нэг л зүйлийг дахин, дахин хэлээд байгаа шүү дээ. Тухайн койныг худалдан авч байгаа хэн нэгэнд эрсдэл байгаа шүү гэж л анхааруулмаар байна.

-Сүүлд гаргасан койнтой холбоогүйгээр асуухад инфляцаас хамгаалах шинж чанарыг койн өөрөө хадгалж чадах уу, цаасан мөнгө ч сонгодог утгаараа инфляцаас хамгаалж чадахгүй байгаа нөхцөлд шинэ тутам үүссэн койн inflation hedging буюу инфляцаас хамгаалж чадах уу?

-Миний хувьд инфляцаас шууд хамгаална гэж хэлж чадахгүй. Яаж харахаас л болох байх. Чухам ямар шалтгаанаар, юугаар баталгаажаад инфляцаас хамгаалаад байгаа юм бэ гэдгийг л тодорхойлох ёстой. Инфляцаас хамгаалах буюу inflation hedged гэдэг ойлголт чинь инфляцын зөрүүнээс хамгаалж үнэ цэнээ алдахгүй найдвартай газарт л хөрөнгөө хийж байгаа гэсэн үг шүү дээ. Дэлхий дээр харамсалтай нь ямар ч хөрөнгө ингэж хамгаалж чадахгүй.

-УИХ-аар “Виртуаль хөрөнгийн эх үүсвэрийн тухай хууль” батлагдах хүлээлт байна. Ажлын хэсэг байгуулагдаад хэд, хэдэн удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ хуулиар криптовалют, түүнтэй холбоотой арилжааг нэг мөр зохицуулж чадах уу?

-“Виртуаль хөрөнгийн эх үүсвэрийн тухай хууль”-ийн төслийг хараахан олж харж амжаагүй байна. Криптовалют, цахим мөнгөний харилцааг хуулиар зохицуулна гэдэг амаргүй. Манайд байдаг нэг буруу жишиг бий. Монголд хууль боловсруулахад судалгаа маш муу хийдэг, араас нь түүнийгээ байнга өөрчилж байдаг. Энэ хууль дээр маш болгоомжтой, шинжлэх ухаанчаар мөн чанарыг нь ойлгож хандах хэрэгтэй. Олон дахин нягтлах ёстой. Хууль батлахдаа юуг нь ч ойлгохгүйгээр махчилж орчуулдаг гэм бий. Битгий л ингэж хандаасай гэж хүсэх байна. Хуулиар зохицуулахгүйгээр алив асуудал явахгүй шүү дээ. Хадгаламж зээлийн хоршоо, “ЖиТайм”-ын луйвар шиг үйлдэл гарч, олон хүн хохирох вий. Хууль, дүрмээр зохицуулаагүй болохоор хожих нэг нь хожоод, хохирох нэг нь хохироод ямар ч нөхөн олговоргүй дуусах магадлал байгаа шүү гэдгийг л хэлэх байна.

-Та өөрөө ямарваа нэгэн криптовалюттай юу, крипто арилжаанд оролцож байв уу?

-Миний хувьд “Биткойн”-ыг анхлан гарч байхад 2000-аад оны сүүлээр авч байлаа. Тухайн үед сонирхоод авчихсан. Судлаад, мэдлэгтэй болоод хэд, хэдэн хүнтэй уулзсаны дараа “Этериум” танигдаж эхэлж байхад авсан. Бага, багахан хөрөнгө оруулалт хийсээр л яваа гэсэн үг. Анхны хөрөнгө оруулалтаа хэд дахин давчихсан байна. Ашигтай байж чадаж байгаа.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19

0  |  0
haltar(70.53.65.144) 2021 оны 09 сарын 01

suuri avraga shaana l bizdee

0  |  0
Бат(202.9.46.88) 2021 оны 08 сарын 31

Койн гэж Зүгээр сууж амархан мөнгө олох хүсэлтэй сармагчингуудад зориулж зүүсэн хавх

0  |  1
z(192.82.85.60) 2021 оны 08 сарын 31

Heden sagsuu zaluuchuud coin avsan bna

0  |  0
Top