Сүлжээгээр тархиа угаалгачихаад КОЙНД МӨРӨӨДЛӨӨ ҮЙХ ҮҮ!

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 30

“IHC койн хэдхэн секундын дотор 30 тэрбумыг босголоо” гэх мэдээг уншигч та харсан л байх. Одоо ч сайн муу, сайхан муухайн тухай яриа дууссангүй. Яг одоо бол их нь байна уу, бага нь байна уу, ард нь ч бай, урд нь ч бай койны тухай яриа “мода” болчихоод байна. Монголд төдийгүй дэлхийд мода болж голлож байгаа энэ сэдэв дөрвөн жилийн өмнөөс бүр тодруулбал монголын анхын крипто бирж байгуулагдсан 2017 оноос танил болжээ. Чухам үүнээс хойш сүлжээний бизнес, Сарандаваагаар тархиа угаалгасан нэг үеийнхэн койноор мөрөөдлөө мөрийцөх хувь заяатай нүүр тулсан юм. Арилжааны нэршил нь IHC гэж буй энэ койн гарах хүртэл бүтэн дөрвөн жил ямар нэгэн байдлаар “тархиа угаалгасан” гэсэн үг. Одоо ч “инфлүүзер” шошготой хэн нэгэн крипто валютыг сурталчлаад, сайхан үгээр хуураад явж байна. Гэхдээ ард нь чухам хэн байгаа вэ, багийнханд нь итгэж болох уу, үнэхээр дэлхийд гарах уу гэдгийг тооцоолж байж дараагийн нүүдлээ хийх хэрэгтэй. Инфлүүзерүүд ятгаад, цахим орчинд зогсоо зайгүй бөмбөгдөөд байгаа койныг авах хүсэлтэй хэн нэгэнд сануулах үүднээс койны тухай дор өгүүлье.

 

Сүлжээнээс койн хүртэл

Хүмүүс койн руу хошуурах хүртэл монголчууд сүлжээчдэд итгэдэг байлаа. Пирамид хэлбэртэй энэ “эд” амар хялбар аргаар мөнгө босгох боломжтой байсан тул манайд ихээхэн дэлгэрч “ЖиТайм”-аар луйвардуулах хүртэл сүлжээ гэдэг бол мода байсан юм.

Нэг хүн нь арав болоод арав нь 100 болохын хэрээр пирамидын орой дээр байгаа хэн нэгэн түнтийсээр энэ хооронд түнтийлгэх үүрэгтэй доод шатныхан өм, цөм мөнгө хийдэг болохоор амархан баяжиж болох зүйл гээд итгэчихсэн хэрэг. Элдэв сүлжээ энэ тэр гээд тархиа гашилгахгүй залхуу зарим нь Сарандаваагийн лекцэнд суугаад “Палас”-ын суудлаар дүүрэн түрийвчээ даллаж байхав. Эрэлт нь их байсан болохоор нэг хэсэг Сарандаваа гэдэг хүн дэлгэцийн мода байлаа. Гол асуудалдаа орохоос өмнө сүлжээ, Сарандавааг дурдахын шалтгаан нь монголчууд бид итгэмтгий, хошуурамтгай гэдгийг харуулах гээд л байгаа хэрэг. Одоо гол асуудалдаа оръё.

Криптовалют нь аливаа гүйлгээ шилжүүлэг хийхэд дундын зуучлагч буюу банк, санхүүгийн байгууллага шаардлагагүй. Дээрээс нь гүйлгээнд оролцогчид хоорондоо шууд харьцах буюу peer-to-peer гүйлгээ хийдгээрээ онцлог.

Мөн төлбөр тооцоо хийж байгаа хүний хувийн мэдээлэл нууцлагддаг, хэн нэгэн зохицуулагч хяналт харьцангуй бага зэргээрээ онцлогтой.

Мөнгө гэдэг зүйл бий болоод түүгээр нь улс орны эдийн засгийн систем зохицуулагддаг олон зуун жилийн өмнө тогтсон уламжлалт ойлголтыг крипто валютыг үндсээр нь өөрчилсөн гэхэд болно. Мөнгийг анх Төв банк хэвлээд, харин гүйлгээг санхүүгийнб айгууллагуудаар дамжуулж хийдэг, сэжигтэй гүйлгээг хянадаг гэх мэт тогтсон уламжлалт системээс крипто валют эрс өөрчилсөн гэдгийг санах хэрэгтэй. Нэн шинэ ойлголт шинэ мянганыхан болоод олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн учраас крипто валютын тусдаа зах зээл, түүнийг нь хөрөнгө оруулалт гэж харсан хэсэг бүлэг хүмүүс бий болжээ. Дэлхий дээр "Биткойн" л арааны шүлс асгаруулаад байгаа болохоос 11 мянга гаруй койн арилжаалагдаж байна. Жижиг ч бай, том ч бай аливаа койны арилжааны хэлбэлзэл асар өндөр байдаг. Яг энэ нийтлэлийг бичиж байх мөчид Биткойны ханш 46.8 мянган ам.доллароор хэмжигдсэн. Цаашид хэрхэн өсөхийг бурхан ч тааж үл чадна. Учир нь наймдугаар сарын 26-ны өдөрийн 16 цагийн байдлаар зах зээл дээр байгаа “топ-100” койноос 88-ынх нь унаж, 12-ынх нь өсөж байх жишээтэй. “Биткойн”-оор л жишээлэхэд ердөө 24 цагийн дотор 2.2 мянган ам.доллароор унасан байна. Хөрөнгийн зах зээл дээр ийм хурдан хугацаанд өсөлт, бууралттай байдаг ханшийн хэлбэлзлийг тодорхойлох, тооцоолох тун бэрх гэдэг. Үүнээс та нэг зүйлийг анзаарах, ойлгох хэрэгтэй, крипто валютуудын үнэ их эмзэг байгаа гэдгийг. Нэг талаас нь харвал иймэрхүү ханшийн хэлбэлзэл, үнийн өсөлт нь анхнаасаа спекуляцийн шинж чанартай байж ч мээдэх юм.

 

Койн гол болох цагт

Сүлжээнээс койн хүртэл олон даваа туулаад Сарандаваагаар тархиа угаалгасан бид койн гэдгийг гол болгох хүртэл их хугацаа шаардлагагүй байж. Ердөө дөрвөн жилийн дотор крипто арилжаалдаг дөрвөн бирж байгуулагдсан байна. Хамгийн анхных 2017 оны аравдугаар сард хамгийн сүүлийх нь 2021 оны долоодугаар сард байгуулагджээ. Одоогоор энэ дөрвөн биржид 707.8 мянган хүн бүртгэлтэй байна. “LemonPress” цахим хуудаст дурдсанаар энэ оны эхний хагас жилийн байдлаар дотоодын дөрвөн крипто биржээр нийт 1.9 их наяд төгрөгийн арилжаа хийгджээ.

Хэдийгээр криптовалютыг “электрон мөнгө”, “цахим мөнгө” гэж нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ мөнгө гээд бат нот тодорхойлчих маш хэцүү. Мөнгө гэдэг зүйл хүн хэмээх амьтны хэрэгцэээ болсоор 800 илүү жилийн нүүрийг үзсэн ч үүнээс өмнө олон зүйлээр мөнгийг орлуулж төлбөр, тооцооны системдээ хэрэглэдэг байжээ. Зарим орон давс, цай, элсэн чихрээр солилцож байв. Гэсэн хэдий ч бартерын солилцооны хэрэгслийг шууд мөнгө гэж нэрлэж хараахан болдоггүй юм. Орчин цагт дараах гурван төрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхээр мөнгө гэж нэрлэх үү, үгүй гэдгийг тогтдог. Нэгдүгээрт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, хоёрдугаарт, чөлөөтэй хөрвөх төлбөр, тооцооны хэрэгсэл болж чадаж байна уу, гуравдугаарт үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж уу гэх гурван шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлдог байна. Харин дэлхий нийтийн шуураад байгаа криптовалютуудын хувьд дараах шаардлагуудыг зарим талаар хангаж чадахгүй байна. Жишээлбэл ямар нэгэн койноор хүссэн дэлгүүртээ ороод худалдаж авч чадаж байгаа юу, үнийн хувьд хэлбэлзэлгүй байж чадаж байгаа гэдэг эргэлзээтэй. Тиймдээ ч олон эдийн засагчид үүнийг хамгийн эрсдэлтэй хэрэгсэл гэж тодорхойлсоор байна.

“Монголбанк үүн дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны төлбөрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм” гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярьжээ.

 

Дүрэмгүй зодоон

Крипто валют дэлхий дахинд нэн шинэ зүйл учраас манай улсад үүнийг хуульдаа тусгах нь бүү хэл журамлаж ч амжаагүй байна. Монголбанкны ерөнхийлөгчийн ярьсантай ижил утга бүхий мэдэгдлийг уржигдар гаргасан.

Хэдийгээр крипто валют гэдгээр хуульд тусгалаа олоогүй ч цахим мөнгө гэж чухам юу болохыг Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө 2017 оны тавдугаар сард батлагдсан энэ хуулиар Цахим мөнгөтэй холбоотой тусгай бүлэг оруулсан нь нэлээд шинэлэг зүйл байлаа. Хуульд цахим мөнгө, түүнийг шинжүүдийг тодорхойлж, Монголбанкнаас зөвшөөрөл олгох, хяналт тавих эрхийг хуульчилснаар цахим мөнгөний хэрэглээнд үүсэж болох төөрөгдөл, мөнгөний нийлүүлэлтэд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулсан ч гэж үзэх талтай.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1.25-д “Цахим мөнгө гэж Монгол Улсын өмнгөн тэмдэгт- төгрөгтэй адил үнэ цэн бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хэлнэ” гэж тодорхойлжээ. Мөн хуулийн 35 дугаар зүйлд Цахим мөнгө болон цахим мөнгө гаргагчид тавих шаардлагыг зохицуулсан байна. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Цахим мөнгө нь мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадлагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө гаргач нь түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөх чадвартай” байна гэдгийг заасан байх юм. Хэрэв аливаа нэг этгээд цахим мөнгө гаргахаар болсон бол Монголбанканд хүсэлт илгээх бөгөөд эцсийн байдлаар зөвшөөрсний дараа төлбөрийн системд нийлүүлэх боломжтой болох ажээ. Түүнчлэн цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй, харилцан хөрвүүлэх үүргийг цахим мөнгө гаргагч хүлээнэ гэдгийг ч тодорхой тусгасан байна. Хэрэв та хэн нэгний өндөр хүлээлттэй IHC мэтийн койн авах гэж байгаа бол Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг Legalinfo.mn цахим хуудаснаас харчихад гэмгүй.

 

Койн гаргах "амархан"

Гарсан даруйдаа хуурай өвсөнд тавьсан гал лугаа адил нийтэд түгсэн IHC шиг койныг хэн ч гаргаж чадна. Байрныхаа доод талын дэлгүүрээс талх авахтай л адил хурдан хугацаанд койныг гаргах боломжтой. Уншигч та CoinTool цахим хуудас руу ороод нэг үзээрэй. Энэ сайтад ороод койн бүтээх дэд цэс рүү ороод ердөө 20-иодхон минутын дотор та өөрийн нэрийн койнтой, түүнийгээ арилжаалдаг биржтэй, цахим хэтэвчтэй, маркетингийн сегментээ ч сонгочихож болно. Гагцхүү та англи хэлтэй, багагүй хэмжээний мөнгөтэй байх хэрэгтэй. Монгол бүр цаашлаад Мозамбик хүртэл хэн нэгэн зөвхөн "Этериум", "Биткойн", "Байнкойн", "Кардано", "Дожкойн дээр" суурилаад ямар ч төрлийн койн гаргах боломжтой гэсэн үг. Мөнгөтэй байх юм бол “инфлүүзер”-үүдийг уриалаад сайхан үг хэлүүлэх, цахим хуудсуудаар төлбөртэй “төөрөгдөл” үүсгээд мэдээллийн манупиляц ч бий болгож болно. Мөнгө хөрөнгөтэй, мэдээлэлд арай өөр хэн ч Сарандаваагийн боловсон хувилбар болоод мэдээллээс хол хэн нэгнийг төөрөгдүүлэх боломжтой гэсэн үг. Дээр дурдсан цахим хуудас руу ороод харвал шинээр үүссэн хэд, хэдэн койн байгаа зах зээлийн үнэлгээ нь асар бага учраас алдсан ч бага юм шиг санагдах тул арилжааны эрэлт ямар байхаас цаашдын ирээдүй шалтгаална. Хэн ч сонирхохгүй бол койн ч үгүй, мөнгө ч үгүй шилээ маажаад сууна гээд ойлгочиход гэмгүй.

 

"Амархан" ч анхаар

Элдэв койнууд эрэлттэй, дээрээс нь өөрийн гэсэн койнтой болох амархан болсон учраас үүнийг дагасан залилан асар хурдацтай газар авч байна. Ийм учраас дэлхий дахинаа “Шиткойн” гэдэг үг бий болжээ. Товчхондоо үүнийг үнэ цэн багатай, асар богино хугацаанд алдагдал хүлээх магадлалтай, тодорхой ойлголтгүй криптовалютыг “Шиткойн” гэж нэрлэдэг юм. Биткойн 2009 оноос ашигтай ажиллаж болох нь батлагдсан тул үүнээс хойш криптовалютуудын эрэлт огцом нэмэгджээ. Биткойн шиг гэхдээ аргачлалын хувьд арай өөр олон криптовалют гарсан бөгөөд энэ нь анхаарал татдагч хурдан хугацаанд уналтад орох магадлалтай. Тухайн койныг хөгжүүлэгчид жилд хэдэн койн гаргахыг зарладаг. Улмаар анхандаа олон хүнийг татаж байгаад ханш нь өсмөгц нэмэлт койн үүсгэхгүй. Тиймээс эрэлт нэмэгдэнэ. Олон койн нэмж гаргасаар байх юм койн хөгжүүлэгчдэд ашиггүй учраас койнд орох гэж л байгаа бол энэ эрсдлийг тооцож үзэх ёстой. Дээр дурдсан эрэлт гэдэг нь криптовалютуудын хувьд харьцангуй ойлголт. Ихэнх криптовалютууд амьдрал дээр хэрэглээ бага, худалдах, худалдан авах зах зээлийн нийлүүлэлтэд оролцдоггүй учраас үүнийг “итгэл” гээд нэрлэчихэд гэмгүй. Биткойны эрэлт нэмэгдээд үнэ цэн нь өсөөд байгааг олон хүн итгэж найдаж байгаатай л холбон тайлбарлах ёстой. Тэнд Илон Маск нэг үг хэлэхэд л биткойны ханш 20-30 мянгаар савлаад байгааг чухам үүнтэй, итгэлтэй холбон тайлбарлаж болно. Шиткойн гэж нэрлэж байгаа ойлголт нь тодорхой ижил загвартай байдаг учраас тодорхойлоход хялбар. Түүнчлэн богино хугацаанд хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ. Үнэ нь өсөөд ирэхийн цагт тодорхой хугацаанд анхаарал татаж байгаад хөрөнгө оруулагчид нь оргүй хоосон мэт замхран оддог аж. Хөрөнгө оруулалтын  “Investopedia” цахим хуудаст дурдсанаар криптовалютын арилжаанд оролцож буй ихнэх оролцогчид блокчейн технологийн талаар үндсэн ойлголт багатай байдаг тул аливаа койн бүтээгчдийн золиос болох магадлал өндөр байдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдыг анхааралтай байхыг олон улс орнууд анхааруулсаар байна.

Цөөн хэдэн улсын Төв банкууд крипто валюттай холбогдох зохицуулалт боловсруулжээ. Гэхдээ дээрх зохицуулалтын гол зорилго нь зах зээлд оролцогчдыг тэгш байдлаар хангах, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эх үүсвэр болгохоос сэргийлсэн төдий л агуулгатай. Нэг зүйлийг сануулахад эрсдлээс эмээсэн улс орнууд бүх төрлийн койны арилжааг хориглоод байгаа. Нэг үгээр хэлэхэд улс орнууд процессыг яг одоогоор ажиглаж байна. Ердөө дөрвөн жилийн өмнө дэлхийн 90 орчим улсын төв банк энэ талаар судалж байгаа болж энэ тоо дөрвөн жилийн дотор 140 орчим болж нэмэгджээ. Тухайлбал Япон улс криптовалютын арилжааг ойрын хугацаанд хүлээн зөвшөөрөх бодлоготой байгаа бол Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг улсууд арилжааг хориглодог. Учир нь тооцоолох боломжгүй учраас тэр.  Төв банкуудын байр суурь, крипто валютын ирээдүй зэргээс харвал Төв банкууд алс хэтдээ крипто валютыг хуулиар зангидахаас гадна, өөрсдөө ч крипто валют гаргахаар төлөвлөж байна. Дээрээс нь манай улс дата мэдээллээ хамгаалах дархлаагүй. Үндэсний дата төвийн судалгаагаар БНХАУ-аас чиглэсэн халдлагууд ихээр бүртгэгддэг гэдгийг судалгаандаа дурджээ. Чухам иймийн тул арилжаа хийх гэж буй хэн нэгэн дээрх эрсдлүүдийг тооцож байж койноор оролдоорой.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top