Монголын баг “Цэргийн ралли”-аас ээлжит алтан медалиа хүртлээ

2021 оны 08 сарын 27

“Цэргийн ралли-2021” тэмцээнээс Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдын авч буй медалийн буухиа үргэлжилсээр байна.

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Тува улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож байгаа ч олон жил оролцсон туршлагатай бусад орнуудын баг тамирчидтай ижил түвшинд өрсөлдөж байгаа нь бахархалтай.

Энэ сарын 25-ны өдөр явагдсан тэмцээний гуравдугаар шат буюу багийн болон пулемётын буудлагын дүн гарсан тухай мэдээ ирүүллээ.

Тодруулбал, багийн буудлага (5,45 мм-ийн АКМС-74)-ын ангилалд нийт 28 баг өрсөлдсөнөөс “КамаЗ 4х4” ангилалд өрсөлдөж буй хоёрдугаар багийн чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров алтан медаль хүртжээ.

Өнгөрсөн даваа гарагт /202108.23/ явагдсан нэгдүгээр шатны буюу нэг бүрийн уралдааны дүнгээр “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медаль хүртсэн. Мөн 24-ний өдөр зохион байгуулсан хоёрдугаар шат буюу хөөх уралдааны “Урал 6х6” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч, ахлах ахлагч Б.Алтанхуяг нар алтан медаль, “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Манай улсын баг тамирчид өнөөдөр /2021.08.27/ зохион байгуулагдах 4 дүгээр шатны буюу багийн уралдааны ангилалд эрчимтэй бэлтгэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(66.181.160.20) 2021 оны 08 сарын 29

Монгол цэрэг угаас ялагч байх учиртай. Дэлхийн талыг эзлэнэ гэдэг бол угаас хоншоортой эрийн шинж \n

1  |  0
Top