СЗХ: Өөрсдийн хөрөнгөө алдах, гэмт хэрэгт холбогдох аюултай

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Криптовалют, виртуал хөрөнгө нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй, иргэд арилжаа хийж, мөнгөө алдсан тохиолдолд хариуцлага хүлээх систем байхгүй зэрэг асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр /2021.08.26/ анхааруулга гаргажээ. Түүнчлэн 2021 оны гуравдугаар сарын 12-нд Монголбанкнаас виртуал хөрөнгийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байсныг уншигчиддаа хүргэж байна.

 

СЗХ: Койн гаргаж олон нийтээс хөрөнгө татаж байгаа нь төрийн ямар ч хяналт, зохицуулалтгүй

Сүүлийн саруудад манай улсад койн гаргаж олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ өргөн тархаж иргэд койн худалдан авах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Төвлөрсөн бус системд суурилсан, дундын зуучлагчгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нь томоохон өөрчлөлтүүдийг авчирч, хязгаарыг тэлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох боломжтой ч хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид өөрсдийн хөрөнгө мөнгөө алдах, залилан, луйвар, гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох аюултай талаар Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа анхааруулсаар ирсэн. Тархмал бүртгэлийн системд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь дундын зуучлагчгүй хийгддэг, суурь эрсдэл өндөртэй үйлчилгээ бөгөөд одоогийн байдлаар манай улсад криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй буюу Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын цар хүрээнд хамааралгүй болно. Дэлхий дахинаа томоохонд тооцогдог Бинанс криптовалютын биржийн талаар Англи, Япон, Герман, Канад, Итали, Хонк Конг зэрэг улсууд анхааруулж, үйл ажиллагааг хориглосон. Түүнчлэн олон улсад виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн талаар Европын холбоо, АНУ, Англи, Австрали, Ирланд, Хонг Конг зэрэг оронд ард иргэдэд мэдэгдэж, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүд урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, ямар нэг баталгаагүй талаар байнга анхааруулж, сэрэмжлүүлсээр байна. Зохицуулагч байгууллагуудаас гадна Олон улсын валютын сангаас крипто хөрөнгө нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөх, үнийн савалгаа, залилан, цахим халдлага зэргээс шалтгаалж, хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй тухай мэдэгдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна. Эдгээр үйл ажиллагаа нь төрийн хяналт, зохицуулалтгүй тул иргэд, олон нийт оруулсан хөрөнгөө алдах, хохирогч болох тохиолдолд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан тохиолдолд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн өөрөө бүрэн хариуцахыг анхааруулж байна.

 

Монголбанк: Иргэд оруулсан хөрөнгөө бүгдийг нь алдаж, хохирч болзошгүй

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас Монгол Улс 2020 онд гарсан. ФАТФ-ын Зөвлөмж 15-ын дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Иймд ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь шинэ технологид суурилсан, тогтмол өөрчлөн шинэчлэгдэж байгаа үйл ажиллагаа юм. Иймд эхний ээлжинд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуулийн төсөлд тусгасан. Харин хэрэглэгчийн эрхийг хамгаалах, цахим аюулгүй байдал, бусад үүсэж болзошгүй эрсдэлийг тус хуулиар зохицуулахгүй. Иймд иргэд виртуал хөрөнгийн үйлчилгээ авахдаа учирч болзошгүй эрсдэлийн талаар хангалттай мэдээлэл авсны үндсэн дээр дотоодын болон олон улсын криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгийг худалдах, худалдан авах, хөрөнгө оруулах, арилжаа хийх нь зүйтэйг анхааруулж байна.

Олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомж, зах зээл дэх оролцогчдын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч виртуал хөрөнгийн үнэ цэнэ огцом өөрчлөгддөг, өндөр эрсдэлтэй учир иргэд өөрийн оруулсан хөрөнгөө бүгдийг нь алдах, хохирох боломжтой. Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан “цахим мөнгө” нь төгрөгтэй адил үнэ цэн бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгсэл юм. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкнаас гаргасан “Цахим мөнгөний журам”-аар үйл ажиллагааг нь зохицуулдаг бөгөөд холбогдох шаардлагыг бүрэн хангасан хуулийн этгээд зөвшөөрөл авсны үндсэн дээр “цахим мөнгө” гаргах боломжтой байдаг. Криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт, зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхаарна уу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top