Говь Цөлийн 33 зүйл хөхтөн амьтны өлгий нутаг уурхайн хөлд устахад ойрхон байна-II

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

УУРХАЙН ХЯТАДУУД “ЭНЭ МАНАЙ ГАЗАР ЦААШАА, ЦААШАА ГЭЭД МАЛЧДЫГ ТҮЛХДЭГ БОЛСОН” ГЭВ

 

"Хүйгээ цөглөөд төрж чадсан юм бол ясаа тавиад үхэх нутагтайгаа үлдэх юм шүү” хэмээн ярих иргэдийн үг өөрийн эрхгүй өр өвтгөх. Монгол орны өмнөд хязгаар нутагтаа үе удмаараа амьдарч буй тэд тангараг өргөж хил манаагүй ч, төрж өндийсөн төрөлх нутаг минь гэж сүслэн төрсөн нутгаа цээжээрээ хамгаалж явдаг ард түмэн юм. "Эртнээс эцэг өвгөд минь эх орныхоо өмнөд цэгийн “хаалгыг” л харийнханд нээж болохгүй гэж гэрээслэн захиж байсан нь цаанаа учиртай юм шүү дээ. “Цагаандэл уул-Өлзий” боомтыг яавч нээлгэж болохгүй. Энэ боомт нээгдэх л юм бол “Эх орон минь баяртай” л болох байх шүү” гэж учирлах энэ иргэд бол Өмнөговь аймгийн Номгон сумынхан. “Цагаандэл уул-Өлзий” боомт хүртэлх замын транс" Номгон сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй юм. Энэ талаар орон нутгийн иргэд өөрсдийн байр сууриа манай сониноор дамжуулсныг хүргэе.

 

Б.Бүжин: “Өвөрцагаан”, “Ду Ён” уурхай хүртэл зам тавих л юм бол баларна

Номгон сумын Төвхөн багийн Б.Бүжин “Энэ боомт анх аялал жуучлалын зориулалттай гэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд нүүрс тээвэрт зориулагдах талаар тодорхой баримт материал дэлгэгдэж, яригдах боллоо.

Өмнөговь аймгийн хоёр хилийн боомт ямархан янзтай байгаа билээ. Эндээс харахад боомт нээгдээд хөгжил ирнэ гэхээс илүүтэй газар нутаг цаашлаад ус бэлчээр говь нутгийн онгон дагшин байдал алдагдана гэж бодож байна. 2015 оноос малчид бид тууштай тэмцсээр ирлээ. Манай шинээр сонгогдсон Ерөнхийлөгч “Баялагтаа эзэн Монгол”гэж уриалж байсан. Одоо л энэ уриагаа хэрэгжүүлж, эх орноо хайрлах хэрэгтэй байна. Малчин зон олон энэ боомтыг яагаад хориглоод байгаа учир шалтгааныг нь сонсооч ээ. Хуулийн дээр ард түмэн байдаг гэдгийг л сануулмаар байна. Өнөөдөр энд яриад байгаа асуудал ирээдүйд ямар гамшиг нүүрлэх гээд байна вэ гэдгийг л сануулаад байгаа юм. Өмнөговь аймаг хэдхэн жилийн дараа газар нутаггүй, магадгүй харь нутгийн хараат болчихсон ирээдүй хойч, үр хүүхэд маань өөр газар нутаг хайгаад явах эрсдэл үүсэх гээд байна. Яг энэ боомт нээгдэхэд А лицензтэй уурхайнууд эхэлнэ гээд албан мэдээллүүд малчдын сонорт төдийгүй гар дээр зарим мэдээлэл ирчихсэн байна. Үүний эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгч дуугарч бодит амьдрал дээр хүрч ажилламаар байна. Манай Номгон сумын Эмгэн багийн нутаг дээр баригдахаар “Өвөрцагаан” нэртэй уурхай газрын зөвшөөрлөө 2019 онд авсан. Энэ уурхайнхан техник тоног төхөөрөмжөө оруулж ирмээр байна гэж, орон нутгаас  зөвшөөрөл олгооч гэхэд сумын улирдлагууд нааштай хүлээн авсан байна билээ.

Тэд Номгон сумын Дэрсэн-Ус баг руу засмал зам тавиад, тус багийн нутагт байгаа “Ду Ён” гэдэг уурхай болон Цагаандэл боомтыг засмалаар холбоод өгчихвөл орон нутгаас зөвшөөрөл өгнө гэж хэлсэн байдаг. Үүнийг бид эсэргүүцэж өнгөрөгч  долоодугаар сарын 22-нд тэмцсэн. “Өвөрцагаан” уурхай нээгдвэл, манай Дэрсэн-Ус баг хүртэлх тар зам дагуух  ан амьтан, ус, ургамал сүйдэх нь тодорхой. Малын бэлчээргүй болно. Тиймээс бид тэмцээд байгаа юм. Гэтэл манай орон нутгийн удирдлага, аймгийн удирдлагууд “Энэ малчид юу яриад солиороод байгаа юм” гэдэг. Бид огт солиороогүй шүү. “Сонгож чадсан шигээ халж чадна” гэдгийг хэлмээр байна. Төр засгийн томчууд бидний энэ үйлийн үрийг ирээд үзчихээч. Газар нутгаа худалдаад баяжина гэвэл худлаа шүү. Надад эцэг өвгөдөөс үлдээсэн захиас гэж байдаг. Тэр бол “Эх  нутгаа бүрэн аваад үлдчихвэл тэр чинь энэ насны хамгийн том гавьяа шүү” гэж. Хэдэн үеэрээ амьдраад ирсэн энэ нутагтаа хүйгээ цөглөөд төрж чадсан юм чинь ясаа тавиад үхэх нутагтайгаа үлдэхийн төлөө тууштай тэмцэнэ” гэв.

Р.Дамчаа: Зам дагуу нүүрс, алт, бал чулууны лиценз олгогдсон гэсэн

Номгон сумын Төвхөн багийн өндөр настан Р.Дамчаа “Зам дагаад уурхай л нээгдэнэ. Тэр цагт бэлчээрийн газаргүй болно. Ер нь зам бол  дэмий дээ. Манай аймагт гурав дахь боомт огт хэрэггүй. Түрүүчийн хоёр  боомтын байж байгаа царайг хар. Наанаа аль муу муухай бузар булай байна. Цаад талдаа харш орд шиг бүтээн байгуулалт хийгддэг. Манай Хүрмэн, Номгон, Ханхонгорын малчид энэ боомтын замыг тавих гээд зэхэж байх үед өвлийн хар хүйтэнд ээлжлээд манаа хийж, зогсоож буцааж байсан. Энэ тэмцлээ бид цаашид үргэлжлүүлнэ. Та бүгдийнхээ төлөө ажил хийнэ гэж гарч ирсэн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ та бүхэн малчид бидэнтэй ирээчээ. Биднийг хүн гэж тоодог юм уу. Зам дагуу яг манай суманд найман лиценз байна гэсэн. Нүүрс, алт, бал чулууны лиценз байна” гэсэн юм.

 

Н.Отгонжаргал: Нутаг усгүй болно гэж бодохоор дотор харанхуйлж байна

Төвхөн багийн малчин Н.Отгонжаргал “Боомт нээлгэхгүй. Зам тавиулахгүй гэдгийг хэлчихье. Бэлчээр усгүй болно. Нутаг усгүй болно гэж бодохоор дотор харанхуйлж байна. Байгаль сүйрнэ” гэлээ.

 

н.Наранцэцэг: Отрын бэлчээргүй болох нь

Төвхөн багийн малчин н.Наранцэцэг “Энэ боомтыг тавиулахгүй гээд байгаагийн учир нь хойч үед нутаглах газар үгүй болох гээд байгаа болохоор тэр. Говь нутгаа талхлах гэж байгааг төрийн түшээд нүдээрээ хараасай. Ирээд үзсэн монгол хүний сэтгэлд яагаад ч тийм зүйл орохгүй байх. Манай аймгийн бүх сумын оторчид энэ бүс нутгаар өвөлждөг. Өнгөрсөн жил хэчнээн зуун айл ирэв. Малаа сайхан онд оруулаад буцсан. Тэр бүхэн энэ боомт байгуулбал байхгүй болно. Уурхай бол ухаад л хаяна. Тиймээс бид тэмцэнэ. Үр хүүхдээ газар нутагтай байх уу, үгүй юу гэдгийг бидний үе л мэдэх хэрэг болчихоод байна” гэсэн юм.

 

н.Сугир: Боомт байгаагүй, байхгүй, байлгахгүй

Төвхөн багийн малчин н.Сугир "Би мал маллаад таван жил болж байгаа. Энэ боомт гэж байгаагүй, байхгүй, байлгахгүй гэдгийг хатуу хэлчихье. Залуу малчид бид газар нутаггүй бол хаана малаа маллах билээ. Бусад сумдад зуд зурхан боллоо гэхэд ганц говь руугаа орж ирж өвөлждөг. Аймгийн Засаг дарга УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч энэ боомтыг бүр мөсөн зогсоож, энэ сэдвийг таслан зогсоомоор байна. Манай говь нутагт зэрлэг амьтад олон. Тэр амьтдаа хайрламаар байна. Ховор эмийн ургамал их. Тэр бүгд үгүй болно” гэлээ.

 

Ё.Цэдэвсүрэн: Хятадын “Жанхай вэй”, “Алтан-Эрдэнэ” гэх уурхайнууд лиценз авчихсан

Хүрмэн сумын Тулга багийн малчин Ё.Цэдэвсүрэн ”Манай багт Эрдэнэбулгын нүүрсний уурхай гэж бий. Эхлээд монгол эзэнтэй байсан. Сүүлийн жилүүдэд хятадуудад зарсан байна лээ. Тэр уурхайн хятадууд хүн малын ундаалдаг усан дээр янз бүрийн химийн бодис асгаж байсан удаатай. Бид очоод эсэргүүцэхээр “Энэ миний газар цаашаа, цаашаа” гээд түлхэж байсан. Манай энд чинь Өмнөговь аймгийн цэвэр усны нөөцийн  гол эх үүсвэр гэгддэг Балга усны Улаан нуур гэж байдаг. Яг тэр Улаан нуурын хойд талд нь Хадат, Нарийн гэж буй. Манай нутгийнхан  эртнээс ногоо тариалдаг байсан. Тиймээс ч бидэнд ус гэдэг хамгийн чухал зүйл. Гэтэл цэвэр усны гол эх үүсвэр зам дагуух уул уурхайнхны хөлд нэрвэгдэж байна.   Захын жишээ энэ. Боомт нээгдвэл ийм жишээ олон бий болно. Эхнээсээ ногоо тарьдаг талбайг дамжуулаад зараад байна. Хятадын “Жанхай вэй” цаашаа “Алтан-Эрдэнэ” гээд олон уурхай лиценз авчихсан байна билээ.

 

ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ЮУНД СУУХ ВЭ

“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэж ярьдаг. Яг үүнтэй агаар нэг  асуудал бол “Цагаандэл уул-Өлзий” боомт баригдах тухай яриа юм. Үнэндээ өнгөрсөн хугацаанд тус боомтыг барих талаар УИХ, Засгийн газрын түвшинд удаа дараа гэрээ хэлцэл хоёр улсын хооронд хийгдэж байжээ.

Баримт сөхвөл, 2010 оны долоодугаар сард болсон Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах газрын дарга нарын түвшний уулзалтын механизмын хоёрдугаар уулзалтын Протоколоор Өмнөговь аймгийн хэсэгт “Цагаан дэл Уул-Өлзий” боомтыг шинээр нээн ажиллуулах асуудлыг хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасны дараагаар дипломат шугамаар харилцан тохиролцохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ цагаас хойш Засгийн газрын хэд, хэдэн тогтоол, УИХ-ын 93 дугаар тогтоол гарч байжээ.

Цаашилбал, боомт нээхийг эрмэлзсэн улс төр бизнесийнхний лобби бүлэг ч өнгөрсөн хугацаанд хүчээ авч эхэлсэн байдаг. Тэдний шахалт, лоббигоор  2019 оны зургаадугаар сард Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа хүртэл болж байв. Тус ёслолын ажиллагааны мэдээллийг эргэн сөхвөл, хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан ижил түвшинд төлөвлөж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар болсон тухай мэдээлж байв. Тус мэдээллийн дараа Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн сумын нутгаар хайгуул болон ашиглалтын лиценз олгогдож эхэлсэн байдаг.

Албан мэдээлэлд аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор “Цагаандэл уул-Өлзий” боомтыг нээнэ хэмээн хээв нэг худлаа бичих. “Хаширсан хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг” гэдэг шиг хариуцлагагүй уул уурхайнхны башир аргад хамгийн их хууртаж, байгаль экологи, эрүүл мэндээрээ ноцтой их хохирч буй ард түмэн бол Өмнөговийнхон.

Монгол Улсын хэмжээнд БНХАУ-тай хиллэдэг хэсэгт нийт 13 боомт байгаагийн хоёр нь тус аймагт байна. Ганц аймагт хоёрын хоёр хилийн боомт хангалттай. Хангалттай гэдгийн учир нь өдгөө байгаа хоёр хилийн боомтыг дагаад авлига хээл хахууль, хүнд суртал, байгаль экологийн нөхөж баршгүй хохирол, хог новш л цэцэглэж байна. Ийм байхад тус аймагт дахин хилийн боомт байгуулахын хэрэг алга. Хамгийн гол нь говийн онгон төрхийг хадгалж үлдсэн сүүлчийн газар нутгийг боомт нээх нэрийдлээр бүрэн устгах гэж байгаа нь байж боломгүй хэрэг юм.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.149) 2023 оны 11 сарын 04

Ард түмэн хэдэн төгрөг, хашаа саравч барьж өгч буйд хууртмааргүй байна. Улсынхаа нийслэлд ирээд ч болов тэмцэж баймаар байна.

0  |  0
зочин (192.82.72.183) 2021 оны 08 сарын 28

МӨНГӨӨР САНАЛАА ЗАРЖ ГАРГАСАН УЛС ТӨРЧИД ЧИНЬ МЭДЭЖ БАЙГАА ДӨӨ

0  |  0
Зочин(66.181.161.64) 2021 оны 08 сарын 28

Зах зээл эхлэх үед япончууд тэр орчим газрыг чинь авъя тэгээд туслая гэж байхад нь хэдүүлээ өгсөн бол өдийд өгөр хар хэрээнүүд эд дарлуулах гүй амьдрах байж ээ

0  |  0
Зз(114.129.101.102) 2021 оны 08 сарын 27

Андлалын хөшөө гуай та говь нутгаа авараачээ\nБүх лизэнз цуцлах хэрэгтэй\nЭрдэнэт Оюун толгой Таван толгой байхад болоо бусдыг бүгдийг цуцал\nЯмар бид 30 сая 300 сая биш 3хан шүүдээ энэ олон боомт миний Монголын ард түмэн д огт хэрэгүй\nЕрөнхий лөгч та болон76 анхааралдаааваарай

0  |  0
Зз(114.129.101.102) 2021 оны 08 сарын 27

Андлалын хөшөө гуай та говь нутгаа авараачээ\nБүх лизэнз цуцлах хэрэгтэй\nЭрдэнэт Оюун толгой Таван толгой байхад болоо бусдыг бүгдийг цуцал\nЯмар бид 30 сая 300 сая биш 3хан шүүдээ энэ олон боомт миний Монголын ард түмэн д огт хэрэгүй\nЕрөнхий лөгч та болон76 анхааралдаааваарай

0  |  0
Зз(114.129.101.102) 2021 оны 08 сарын 27

Андлалын хөшөө гуай та говь нутгаа авараачээ\nБүх лизэнз цуцлах хэрэгтэй\nЭрдэнэт Оюун толгой Таван толгой байхад болоо бусдыг бүгдийг цуцал\nЯмар бид 30 сая 300 сая биш 3хан шүүдээ энэ олон боомт миний Монголын ард түмэн д огт хэрэгүй\nЕрөнхий лөгч та болон76 анхааралдаааваарай

0  |  0
уншигч(66.181.181.243) 2021 оны 08 сарын 27

Боомт биш орчин үеийн ногоон технологийн эко -хотууд олноор барьж өөрсдөө суурьших хэрэгтэй.

0  |  0
Z(192.82.85.60) 2021 оны 08 сарын 27

Hytadiin sheesnuud davrahgui shuu

0  |  0
ӨНЦӨГ(202.21.124.2) 2021 оны 08 сарын 27

ийм балай юм байх гэж. МОНГОЛД боомт нээгдээд болж бүтэж байгаа юм алга

0  |  0
Top