Койн нь хөрөнгөө алдаж, залилангийн хохирогч болох эрсдэлтэйг Монголбанкнаас анхаарууллаа

2021 оны 08 сарын 26

Криптовалют болон олон төрлийн койнуудтай холбоотой асуудал нийгмийн цахим сүлжээнд их яригдаж байна. Энэ талаар Монголбанк ямар байр суурьтай байгаа талаар тус баншкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр “Монголбанк үүн дээр маш тодорхой байр суурьтай байгаа.

Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй.

Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагуудын зүгээс удаа дараа анхааруулж буй.

Нэгдүгээрт, криптовалют, койнууд нь ямар нэг бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт биш гэдгийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, алт шиг байгалийн шинж чанараараа дотоод үнэ цэнэтэй зүйл биш шүү дээ. Түүнчлэн, ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй. Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай бөгөөд мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй.

Хоёрт, хуулийн зохицуулалтгүй, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин, дүрэм журамгүй гэдгээрээ албан ёсны мөнгөн тэмдэгт эсвэл хувьцаа, бонд зэрэг зохицуулалттай хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдээс ихээхэн ялгаатай. Мөн хуурамч төслүүд, койнуудаар дамжуулан мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийн мөнгийг нь залилан авах гэмт хэрэг маш түгээмэл бийг мартаж болохгүй” гэдгийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top