СУРВАЛЖИЛГА: Говийн гүний усны нөөц шавхагдаж, байгалийн эко систем сүйрч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 20

Гүний ус тэр тусмаа говийн гүний ус гэдэг юугаар ч хэмжихийн аргагүй тийм үнэт зүйл. Эрдэмтдийн хэлж буйгаар гүний ус хамгийн багаар бодоход 10 мянга, цаашлаад 30 мянга, нэг сая жилийн дараа  л нөхөгддөг гэнэ. Алт зэс, нүүрс байхгүй боллоо гээд аюул болохгүй, харин усгүйгээр амьдрал үргэлжлэхгүй гэдгийг онцгой анхаарах ёстойг одоо бид ухаарах цаг болсон. Та бод доо. 2025 оноос говь нутаг усны хомсдолд орж, 2030 он гэхэд уурхайнхны гүний усны хэрэглээнээс үүдсэн ган гачиг нүүрлэж, байгалийн тэнцвэрт байдал алдагдах талаар салбарын эрдэмтэд сануулсаар буй. Гэтэл говийн эко системийн өмнө тулгамдаж байгаа усны асуудлыг үл хайхран, өнөө маргаашийн олз ашгийг хайгчид говь нутагт уурхай нээж, гүний болон хөрсний усыг хайр найргүй хэрэглэж байна. Үүнийг гэрчлэх бодит жишээг Говьсүмбэр аймгаас сурвалжиллаа.


ГАЗРЫН ГҮНИЙ УСЫГ ГАДАРГА РУУ  ГАРГАН “АСГАЖ” БАЙНА

 

Говьсүмбэр аймгийн “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн гүний усны шавхалтын дүнд “Хаялга” хэмээх нуур бий болсон байдаг. Тэгвэл энэ нуурыг усаар тэжээх зорилгоор  “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайгаас 950 метр урттай сувгийг байгуулж, гүний усыг нуур руу цутгаж байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр гүний усыг шавхах энэ сувгийг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд тавьсан байна. Яг л хангай газрын голын хүрхрээ шиг оргилон урсах энэ ус газрын “Гүний ус” гэж бодохоор даанч хайран санагдсаныг нуух юун. Хар ухаанаар бодоод үзсэн ч газар доороо байж байх тэр усыг гадарга руу гаргаж “асгана” гэдэг энэ бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа нь тодорхой. Иймээс энэ тал дээр холбогдох албаныхан нь онцгой анхаарах хэрэгтэй болов уу.

 

НҮҮРС УГААХ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ ХАШААН ДОТОР ХОЁР Ч ГҮНИЙ ХУДАГ УХСАН ГЭВ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн нутагт нүүрс угаах үйлдвэр баригджээ. Нүүрс угаах үйлдвэр баригдана гэдэг нэг утгаараа говийн гүний усны “эрлэг” буй боллоо гэсэн үг. Тус үйлдвэрийн талаар судлаад үзвэл, говийн гурван аймгийн долоон  сумын 13 багийн нутгаар дамжин хүнд даацын машинаар тээвэр хийдэг компанийн нүүрс угаах үйлдвэр болж таарав.

Тус компанид ажилладаг нэгэн эх сурвалжийн өгсөн мэдээллээр нүүрс угаах үйлдвэрийнхээ хашаан дотор  хоёр ч гүний худаг гаргасан гэнэ. Энэ бол маш ноцтой асуудал. Говьд цөлжилт, хуурайшилт хамгийн их тулгамдсан асуудал болж буйн суурь шалтгаан нь уурхайнхны усны  замбараагүй хэрэглээ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Энэ бүс нутгийнхны хувьд гүний усны нөөц гэдэг хамгийн чухал зүйл. Учир нь хангай газар шиг ил задгай гол горхи гэж байхгүй тул тэд худаг ухаж л усандаа хүрдэг ард түмэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд амны худагных нь ус багасч, шавхагдах болсон талаар нутгийн иргэд ийнхүү ярьж байна.

 

Зоригоо: Өмхий ногооноос өөр ургамал ургахаа больсон

Говьсүмбэр аймгийн хоёрдугаар багийн малчин н.Зоригоо “Манай энэ орчмын тоос шороо гэж маш их. Улаан түйрэн дунд л амьдарч байна. Чойрын гэх энэ замыг анхнаас нь эсэргүүцэж байсан малчдын нэг нь би. Харамсалтай нь малчдад дийлдэхгүйгээр энэ замаар тээвэр явж байна. Хөрсний элэгдэл доройтлоос гадна манай нутагт усны  асуудал хүнд байна. Ургамлын гарц хүртэл өөрчлөгдөх болсон. Хуучин энэ хавиар хялгана өвс сайхан ургадаг байлаа. Одоо бол өмхий ногооноос өөр ургадаг зүйл алга. Хэд хоногийн өмнө жаахан бороо орсон тулдаа ногоо цухуйж байна. Түүнээс бус хэт их хуурайшилтаас болж өвс ногооны гарц ч муудсан даа. Малын бэлчээр, худаг усны асуудал хэцүүдлээ” гэсэн юм.

 

Г.Сүхээ: “Эх орон минь баяртай” гэж хэлмээр сүйдсэн харагддаг

Говьсүмбэр аймгийн  Сүмбэр сумын малчин Г.Сүхээ “Худаг усны асуудал сүүлийн жилүүдэд улам хэцүүдэж байна. Мөн том тэрэгний нүүрс тээвэр замаа алдлаа. Өдөртөө олон зуун машин шороон замаар явж байгаа. Энэ зам манай өвөлжөөнөөс ганцхан километрийн зайтай өнгөрдөг. Хамгийн их тоосжилт үүсгэдэг цэг нь Дундговийн Баянжаргалангаас баруунтаа Чойрын тийшээ юм билээ. “Ёстой, эх орон минь баяртай”  гэж хэлмээр сүйдсэн харагддаг. Яагаад ийм болчихвоо, миний эх орон. Юуны учир “Монголын газар нутаг талхлагдаж, харийнхан баяжих ёстой юм бэ”. “Ямар хурдан аргаар яаж Монголын баялгыг ухах вэ, дээр суудалтай гишүүдийг нь  хэдэн төгрөгөөр хэрхэн худалдаж авах вэ” гэдэг харь орны бодлого хэрэгжээд байх шиг. “Эцсийн эцэст эх нутаг ч үгүй, эх орон ч үгүй” үлдэх хэрэг үү. Цагаан зээр нутаггүй тэнэдэг гэдэг шиг миний Монголын  малчин ардын  үр хүүхэд, ирээдүй  хойч үе маань нутаггүй болж дууслаа. Ингэж газар нутгийг сүйтгэж байгааг нутаггүй болж байна гэж ойлгож болно биз дээ. Тээр  тэнд Тавантолгойг ухаж сэндийчэж нүүрс гаргаж авчихаад цаашаагаа Гашуунсухайт руу сайжруулсан замаараа л хил рүү зөөчихөж болмоор санагдах юм. Гэтэл газар дэлхийг сүйтгэн сүйтгэн, энд зөөж авчирч байна гээд говийн хөрсийг орвонгоор эргүүлэх юм. Ийм байх ямар шаардлагатай юм бэ. Энэ бол харийн бодлого шүү.  Монголын бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчдийн соёл иргэншлийг сүйтгэж байгаагийн том нотолгоо. Хамгийн харамсмаар нь байгаль дэлхий үнэхээр сүйрч байна. Бидний ирээдүй хойчид онгон дагшинаар үлдээж өвлүүлсэн газар нутаг л хэрэгтэй. Тэд тэр нутаг дэвсгэр дээрээ юу эсийг хийж бүтээх билээ” хэмээн халагласан юм.

 

Г.Цэцэгмаа: Худгын ус маш хурдан шавхагдах болсон

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн малчин Г.Цэцэгмаа “Өнгөрсөн жилээс дордохоос дээрдсэн юм гэж алга. Чойроос татсан шороон замын өргөн 500 метр байна. Энүүгээр хөл хорио энэ тэр хамаарахгүй машин явж л байна. Харин малчин бид сумынхаа төв рүү ч орж чадахгүй хорионд ордог. Энэ татсан замууддаа ядаж гарам гарц  хиймээр байгаа юм. Сайжруулсан зам хийнэ л гэдэг. Хийсэн юм огт алга. Үүнийг орон нутгийнхаа удирдлагуудад олон хэлсэн. Хариу арга хэмжээ авч байгаа юм байхгүй. Үе, үе баруунтайгаас угалз босох шиг л болдог. Машин явж байгаа цагт тийм л  их тоос шороо босдог. Тэр хавийн ургамал битүү тоос. Тэрийг нь  идэж байгаа малын уушги дотор гэж авах юм байхгүй. Манай нутгаас сонгогдсон гишүүд сонгуулиас хойш бараа сураггүй болсон. Малчин бидний амьдрал энэ тээвэрт нэрвэгдэж байна. Мөн сүүлийн үед амны ус маш том асуудал болоод байгаа” гэв.

 

Г.Батчулуун: Арван жилийн өмнө ус элбэг байсан

Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн малчин Г.Батчулуун “Манай нутагт чинь нүүдлийн цагаан зээр байнга орж ирдэг байлаа. Харин одоо үзэгдэхээ байсан. Тээврийн дуу чимээ, тоос шорооноос л болж байгаа байх. Мөн уух ус хомс байгаатай холбоотой гэж бодож байгаа. Одоогоос арван жилийн өмнө ус элбэг байсан. Жилээс жилд усны гарц муудсаар байгаад өдгөө устай худаг ч гэж байхгүй боллоо. Уурхайн нөлөөлөл байдаг байх. Малчид усны гачаалд  үнэхээр их орж байна” гэсэн юм.

Говийн эко системд аюул учруулсан Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын тээвэрт “нэрвэгдсэн” малчин иргэдийн төлөөлөл ийнхүү ярьсан юм. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 оноос эхлэн Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар  багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэрт хүргэхийн тулд 220 шахам айл өрхийн 1600 гаруй хүн, 20-иод мянган малыг “хөлдөө чирсэн” нь энэ аж.

Нутгийн иргэд Чойрын гэх энэ шороон замын тээврийг зогсоохыг шаардаж байсан ч нүүрс тээврийн компаниуд олон нийтийн эрх ашгийг үл тоон тус замаар тээврээ үргэлжлүүлсээр өнөөг хүрчээ. Уг нь  тээврийн компаниуд Засгийн газрын 2018 оны 379 дугаар тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын авто зам, байгууламж барих, ашиглах журам"-д нийцсэн хатуу хучилттай автозамаар тээвэр хийх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ үл биелүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг мөрддөг уурхайн аж ахуй нэгж тун ховор гэдгийн жишээ юм.

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: ЧОЙРЫН ТЭЭВРИЙГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ЗӨВШӨӨРСӨН

 

Тавантолгойгоос Чойр хүртэлх замын тээврийн асуудлыг салбарын яам хэрхэн хянаж байгаа талаарх тайлбар мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодрууллаа.


Тэрбээр ”Чойрын тээврийг шүүхийн шийдвэрийн дагуу зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн. Учир нь  2019 онд Сайдын тушаалаар энэ замыг нээж, 2020 оны дөрөвдүгээр сард буцаад хаасан байдаг. Гэтэл уг замаар тээвэр эрхлэж байгаа компанийн зүгээс шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр явсаар байгаад 2021 оны дөрөвдүгээр сард яам руу Дээд шүүхийн шийдвэр  ирснийг хүлээж авсан. Шүүхийн тэр шийдвэр нь “2020 оны сүүлээр анхныхаа тушаалыг хүчингүй болгосон Сайдын тушаалыг түдгэлзүүлсэн” байдаг. Ийм л асуудал болоод байгаа юм. Нэгэнт замыг хаах шийдвэрийг Дээд шүүх  түдгэлзүүлсэн болохоор одоо энэ зам дээр тодорхой шаардлага тавьж, чиг үүрэг өгөхөөс өөр аргагүй байдалтай байна. Яамны зүгээс “Нэгдүгээрт, олон салаа зам гаргадгаа боль. Хоёрдугаарт байнгын хяналттай байлга. Гуравдугаарт, тоос их босож байгаа болохоор замыг усал.  Дөрөвдүгээрт, төв суурин газруудаар дайран өнгөрөхгүй байх. Тавдугаарт, малчин айлын өвөлжөө хаваржаагаар ойрхон явахгүй. Зургаадугаарт, машин техник нь замд эвдэрснээс үүдэж, хаа хамаагүй дугуй, хог хаягдлаа хаядаг асуудлаа зогсоож байнгын  постууд гаргаж хяналт тавь  гэдэг шаардлагуудыг холбогдох газарт нь тавьж ажиллаж байгаа” гэв.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумын нутгийг сүйдэлж байгаа шороон замын тээврийн асуудал үргэлжилсээр. Үр дагаварт нь говийн малчин  иргэд хийгээд Монголын байгаль экологи мөхсөөр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.124.2) 2021 оны 08 сарын 26

Үнэхээр харамсалиай хэлэх ч үг алга даа

0  |  0
Вирус(202.9.47.7) 2021 оны 08 сарын 20

Вирус хятад Монголыг устгах арга даа яана даа Монголчууд минь.Бурхан Монголыг минь тэтгээсэй.

0  |  0
Замч(202.9.47.7) 2021 оны 08 сарын 20

Хар хятадын Монголыг устгах арга юм даа харамсалтай.

0  |  0
Хэрэг алга(64.119.25.126) 2021 оны 08 сарын 20

Монгол нь ийм сэтгэлгүй. Тэр нуурынхаа усаар нүүрсээ угаахад яагаад болохгүй байна. Гэтэл Оюутолгой ашигласан усныхаа 80 гаруй хувийг нь буцаан ашигладаг. Хэлэх ч үг алга.

0  |  0
Ner(66.181.161.38) 2021 оны 08 сарын 20

Өнөө маргаашдаа я Ахав ирээдүйд цөлуилт гэж гамшиг Монгол орныг минь мөхөөх нь дээ яана паа. Тэр цагт бид яах билээ

0  |  0
(139.5.218.88) 2021 оны 08 сарын 20

tegeed bur gunii usig ni mod tarina geed bugdii ni bas shavhaad heden hatsan mod usalaad duusgah gej baigaa,iim l teneg yum yaridag humuusdee

0  |  0
Top