Аварга Э.Оюунболд ГУРВЫН ДАВААНД арслан Ц.Содномдоржийг амлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17


Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлж байна.

Улсын аварга Э.Оюунболд энэ даваанд улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа.

Барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байгаа бөгөөд өчигдөр нэг, хоёрын даваа болсон юм.

Гурвын давааны өмнө С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нарын аваргууд болон улсын арслан Ц.Содномдорж нарын бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой бус арслан цолтой барилдах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн тул ам авах байдал нэлээд удааширсан.

Гэсэн ч бөхчүүд наадмыг хүндэтгэн, барилдааныг үргэлжлүүлэх болоход ийнхүү аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржийг амлаж, шуугиан тарилаа. Хоёр бөхийн барилдааны давааны харьцаа 3:6 буюу Э.Оюунболд аварга гурав, Ц.Содномдорж зургаан удаа давж байжээ. 

Энэ удаагийн барилдаанд аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй өндөр цолтнууд барилдаагүй бөгөөд харин Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул ирж зодоглон, хоёр даваад байгаа юм. 

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн баяр наадмын допингийн сорилд бүдэрсэн арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нар өчигдөр талбайд гарч ирэн, ард түмнээс уучлалт хүссэн билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jak jak(103.57.93.193) 2021 оны 08 сарын 17

Ene pizda yagad awarga zoltoi barilddag yum mongolin xuuli xaana bn

0  |  0
Top