Л.Сөрөлт: “Маанар” төслөөр дамжуулан дархад зоны зан заншил, ахуй амьдралын онцлогийг харуулна

Т.Хөвсгөл | Zindaa.mn
2021 оны 08 сарын 12

“Хаант тэнгэрийн Самгалдай” Төрийн бус байгууллагаас санаачилан Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр дархад, цаатан түмний аж амьдрал, ёс заншил, байгаль орны онцлогийг харуулах “Маанар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд энэхүү төслөө сошиал орчинд түгээхээс гадна “Эрхэт Монгол” групптэй хамтран богино хэмжээний дүрс бичлэг хэлбэрээр ТВ8 телевизийн эфирээр үзэгч түмэнд хүргэхээр болжээ. “Маанар” төслийн зочин хөтлөгчөөр оролцсон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Сөрөлттэй уулзаж төслийнх нь талаар ярилцлаа.


-Та саяхан өөрийнхөө төрсөн нутаг Хөвсгөл аймаг, Дархадын хотгороор яваад ирсэн байна. “Маанар” төслийнхөө талаар танилцуулаач. Явсан газрын сонин их үү?

-Их сайхан явлаа. Санаа нийлсэн хүмүүстэй хамт, төрж өссөн нутгаараа явсан болохоор ажил үйлс ч их сайхан бүтлээ. Бид долоодугаар сарын 22-нд Улаанбаатараас хөдлөөд наймдугаар сарын 7-ны өдрийг хүртэл Дархадын хотгорын гурван сум болох Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, цаатан сум болох Цагааннуураар яваад Хөвсгөл нуураа бүтэн тойрсон. Зам зуурт энэ жил ус, шавар харьцангуй их байсан ч бид бүхэн морь, машин холиод амжилттай яваад ирлээ.

“Маанар” гэдэг “Бид нар” гэсэн утгатай дархад аялгууны үг юм. Дархадын хотгорын үзэсгэлэнт нутагт хүн зон нь хэрхэн аж төрдөг, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд яаж дасан зохицдог, дэлхийд цөөхөн цаа буга, цаатан хүмүүсийн зан заншил, амьдралын хэв маягийг харуулах зорилготой төсөл учраас ингэж нэрлэсэн. Уг төслийг богино хэмжээний буюу 5-7 минутын хэмжээтэй видео контент хэлбэрээр цахим орчноор дамжуулан олон улсад нэмэр хачиргүй үзүүлэх энэ ажлын зочин хөтлөгчөөр оролцох боломж тохиолоо. Яагаад намайг сонгосон гэхээр би өөрөө тэр нутагт төрж өссөн, ээж аав маань энэ нутгийн уул бүрийн хонхор, нугачаа бүрд нь судалгаагаа хийж, хайрлаж хамгаалж ирсэн хүмүүс байдаг нь нөлөөлсөн байх. Өмнө нь дархад, цаатан зоны нүүдэл, аж амьдралаар ганц нэгэн баримтат кино хийсэн байдаг. Гэхдээ яг тэр нутгаа мэддэг хүний хувьд чухам юуг нь, аль талаас нь илүүтэй товойлгож харуулахыг хичээж яваад ирлээ.

-Аав, ээж тань тэр нутгийн байгаль хамгаалагч, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газрыг үүсгэн байгуулалцсан хүмүүс гэхээр хүүхэд байхаасаа байгальтайгаа, нутгийнхаа хүмүүстэй ойрхон өссөн байх даа?

-Тэгэлгүй яахав, 1996 онд Францын хоёр жуулчин хамгийн анх Хатгалд ирчихээд хүн танихгүй будилж явахад нь аав маань гэртээ авч ирсэн юм. Харин тэд цаатан хүмүүсийн амьдрал ахуйтай ойрхон танилцах хүсэлтэйгээ хэлж, Хатгалаас  айлын морь хөлсөлж Баруун тайга авч явсан. Ингэж манай нутаг анх удаа морийг мөнгөөр түрээсэлж явч явдаг болж, нэг үгээр аялал жуулчлалын бизнес эхэлсэн. Харин аав маань Хатгалын хойхно байдаг Маа толгой оруулж өгчихөөд буцах байсан ч газар мэдэхгүй, хэл нэвтрэлцэхгүй тэр хүмүүсийг орхичихож чадалгүй цуг явчихсаныг нь хэд хоногийн дараа л хүнээс хэл ирж мэдэж байлаа. Одоогийнх шиг утас, харилцаа хөгжөөгүй байсан болохоор тэр хооронд ээж маань хоёр, гурван орой хоол тавиад хүлээж байсныг их сайн санадаг юм. Сая энэ төслийнхөө ажлаар явахдаа талийгаач аавынхаа явсан яг тэр замаар 25 жилийн дараа явж үзлээ. Аав маань ингэж явахдаа эрэгтэйд нь “Арслан”, эмэгтэйд нь “Цэцэг” гээд нэр өгч, тэдэндээ зориулж нэг хадыг Арслан хад гэж нэрлэсэн юм билээ. Сая явахад тэр газрыг нь Арслантай даваа гэж нутгийнхан нэрлэдэг болсон байна. Энэ мэтчилэн миний аав, ээж хоёр бүхий л амьдралаа Хөвсгөл нуур, түүний орчмын газрыг хамгаалах, ус, ургамлыг нь судлах ажилд зориулсан хүмүүс. Зун болохоор л дөрвөн хүүхдээ орхичихоод Хорьдолын уулс, тайга руу явж судалгаагаа хийдэг байсан. Ээж маань Хөвсгөлийн вансэмбэрүү, ургамал судлалаар докторын зэрэг хамгаалсан бол аав маань байгаль хамгаалагч байхдаа “Мөсний баяр”-ыг анх санаачилж цомхон хүрээнд тэмдэглэж байсан нь одоо олон улсын фестиваль болтлоо хөгжсөн байна.

-Дархад, цаатан гэхээр хүмүүс жаахан дөлсөн, эмээсэн хандлага гаргаад байдаг. Дархад, цаатан зоны бусад ястнаасаа онцгойрох зан заншил, уламжлал нь юу байдаг вэ?

-Нэг хэсэг “Дархад хүн давхар санаатай”, “Бөө, удган” гэх мэт зуйгуул үгс их явдаг, таны хэлсэн шиг дархад гэхээр л айдаг байсан. Үүнийг нь дагаад дархадууд маань хүүхдийнхээ яс үндсийг дархад гэж бүртгүүлэхээсээ эмээх гээд олон сөрөг зүйл гарсан. Харин одоо бол дархад хүн угсаагаараа бахархдаг болсон. Учир нь манай улсад хамгийн цайлган, давхар санаагүй, хөгжилтэй хүмүүс бол дархадууд. Орсон, гарсандаа дуу хууртай, байгаагаараа дайлж чаддаг хүмүүс. Цай уугаад хөдлөх хооронд л сэтгэлийг нь онгойтол ярилцаад оносон нэр, хоч өгөөд гаргачихдаг шооч ард түмэн байдаг. Зан заншил, аж байдлын хувьд давтагдашгүй өвөрмөц. Яагаад гэхээр баргийн унаа тэрэг очих боломжгүй газар амьдардаг учраас тэр өндөр уулсыг давж нүүдэл хийхэд, ан гөрөөнд явахад нуруу ачдаг шар, дархад цагаан адуу л байна шүү дээ. Одоо ч тийм хэвээрээ байгаа. Сая биднийг явахад ээж маань овоо болгон дээр зураг авч бичлэг хийгээрэй, бүгд өөр шүү гэж захисан. Үнэхээр ч нүүдэл давдаг давааны овоон дээрээ өнөөх л шар, цагаан адууныхаа толгойг тавьсан байна. Яагаад гэхээр энэ хоёр амьтан л тэднийг ахуй амьдралтай нь залгуулж өгдөг болохоор хүндэлж байгаа нь тэр. Тэгвэл рашаан усны овоон дээрээ голцуу байгаль дэлхийгээ хайрласан утга бүхий элдэв сийлбэртэй моднууд тавьсан байна. Тэд уйдсандаа тэр бүх сийлбэрийг хийгээгүй. Үр хойчдоо энэ рашаан ус, байгалиа хайрлаарай гэдгийг илэрхийлж хэлж үлдээсэн нэг төрлийн бичээс гэнэ. Нэг тээхнийхэн буюу ураг удмаараа тахьдаг овоо нь ч тусдаа өөр. Тэр ч бүү хэл хадлангийн овоо ч гэж байгаа юм. Энэ мэтчилэн зан заншил, ахуй амьдралынх нь онцлогийг олон түмэнд харуулахаар зорьж байгаа.

-Дархад цагаан адууны тухай дэлгэрүүлж яриач. Эрт үедээ зэрлэг байсан ч гэж ярих юм билээ?

-Яахав ам дамжсан ярианууд бий. Дархад цагаан адуу хаанаас үүсээд хэзээ эдэлгээнд хэрэглэгдэж эхэлснийг мэдэх боломжгүй. Дэлгэрэнгүй сайн судалсан судалгааны материалууд ч ховор юм шиг билээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар тоо толгой нь огцом буурч, цус ихээр сэлбэгдсэнээс хүйтэнд тэсвэртэй, бартаа саадыг ажралгүй давдаг чанар нь алдагдаж байна гэж нутгийн өвгөд хэлж байна лээ. Дархад цагаан адууг цус сэлбэлгүй яг тэр овог, омгоор нь л болж өгвөл өсгөх хэрэгтэй. Бид сая хориод морьтой Баруун тайга, Мэнгэ булаг явсан. Тэгэхэд Цагааннуур сумын цаа бугатай н.Батзаяа гээд ах ганцаараа дархад цагаан адуутай явсан л даа. Үнэхээр тайга, хад асган дунд явж сурсан, бяр тэнхээтэй байгаа нь шал өөр байсан. Дээр нь сууж яваа хүнээ модонд шүргүүлэхгүй, шаварт унагаачихгүй, хаднаас хамт нисчихгүйн тулд тэр морь бараг л мөлхөх газраа мөлхөж байсан. Тэгэхэд бусад морь унасан бид  хэчнээн ч удаа мориноосоо унасан юм бүү мэд. Яалт ч байхгүй тайга, ууландаа зохицсон адуу бол дархад цагаан адуу юм билээ.

-Дархад хүмүүс их шооч гэж та түрүүн хэлсэн. Шог хошин дуу ч ихтэй. Дархад дуу гэхээр хүмүүс нилээн сонирхож хүлээж авдаг уу?

-Яг дуулахыг нь сонсоод их сонирхож хүлээж авдаг. Алдарт дуучдаас нь одоо Дархад дууны Дариймаа, Самгалдай Цогоо гээд цангинасан хоолойтой олон сайхан хүн байна. Миний аавын аав гэхэд л “Мянгын хоолойт” Цэнджав гэж хүн байсан. Бүх ард түмний урлагийн их наадамд дархад ардын дуу “Хар тарлан сарлаг”-аа дуулж түрүүлээд шагналынхаа 1000 төгрөгөөр малгай авч өмсөөд тийм хочтой болсон юм билээ. Дархад дуу, шүлгийн онцлог гэхээр дандаа нутаг орноо магтсан, хүнийг егөөдөж, ёжилсон байдаг. Тухайн өдөр чиний зан ааш, нүүр царай ямар байхаас шалтгаалаад манай дархадууд шүлэг, дуу зохиож чадна. Өнөөдрийг хүртэл би хөгшин аавынхаа дуулж байсан “Хар тарлан сарлаг”-ийг, А.Түмэн-Өлзийтэйгөө хамтраад “Болиоч хоё” дууг дуулж байна. Энэ дуун дээр л гэхэд

Уулын оройгоор манантаад байна

Ямар л гээчийн өдрөв дээ

Ууж л идэж маанайчаад

Ямар ч амраг гэхэв дээ... гэж байх жишээтэй. Үнэхээр амьдралаасаа, нутаг орноосоо энэ олон дууг цээжээр зохиож, зохиогч нь мэдэгдэхээ больтол дуулцгаасан байдаг. Харин залуучууд нь дархад дуугаа тэр бүр дуулахаа больж байгаа нь харамсалтай. Тиймээс дархад дууг ч гэсэн сурталчилж, авч үлдэхээр зорьж байгаа. Энэ сайхан дуу хуур энэ хэдэн хөгшдөөр дуусчихаж болохгүй шүү дээ.

-Дархад дууг хэр баргийн хүн дуулчихгүй байх, тийм үү?

-Үнэхээр тийм шүү. Дархад эрчүүд их шингэн буюу тенор хоолойтой байхад эмэгтэйчүүд нь бараг сопрано байдаг. Нэг ёсондоо дандаа дээшээ л яваад байдаг.   

-Байгаль, цаг уураасаа болдог юм болов уу?

-Магадгүй. Говийнхон чинь уянгалаад л налайгаад байдаг бол манайхан тийм биш байдгаас үзвэл хүмүүсийн дуу хоолой, зан ааш, амьдралын хэв маягт нь байгаль нутаг нөлөөгөө үзүүлдэг нь зайлшгүй.

-“Маанар” төсөлд ямар байгууллага, хувь хүмүүс хамтарч оролцож байгаа вэ?

-Нутагтаа очоод ийм төслийн ажлаар явж байна гэхээр хүмүүс их сайхан хүлээж авч ажил бүтэмжтэй байсныг хэлэх хэрэгтэй. Анх “Хаант тэнгэрийн Самгалдай” төвийн тэргүүн Д.Батчулуун найз маань уг төслөө хоёр жилийн өмнөөс бичээд санхүүжилт хайж эхэлсэн байгаа юм. Харин энэ жил Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтэд багтаад уг төсөл хэрэгжиж эхлээд байна. Төслийн эхний зураг авалтад бид сая гурван машинтай, хориулаа явсан. Хэвлэл мэдээллийн салбартаа хэдийнэ байр сууриа тогтоосон “Эрхэт Монгол” групп бидэнтэй хамтарч, ТВ8 телевизийнхээ эфирээр гаргахаар болсонд их баярлаж буйгаа илэрхийлье. Бид энэ аравдугаар сард хоёр дахь явалтаараа дан ганц нуруу шар ачиж нүүдэллэдгийг дагаж зураг авна. Зураг авалтаа дуусгачихвал “Маанар” төслийн хамт олон маань эдгээр видео контентоо энэ оны арванхоёрдугаар сар гэхэд үзэгчиддээ хүргэхээр төлөвлөөд ажиллаж байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(66.181.161.44) 2023 оны 11 сарын 03

Сөрөлт бол т1 хха\n

1  |  0
Ard (202.126.90.93) 2023 оны 11 сарын 03

Matematikt sain humuus gesen shuu.

0  |  1
З.Лонжид(66.181.180.58) 2023 оны 11 сарын 03

Одоогоос 60 илийн тэртээ Дархадад очиж 5 жил бага сургуулийн багш байлаа\nДархадуудын 90-ээс,дээш хувь нь үнэхээр ажилсаг ,хулгай хийхээс цээрлэдэг,ядарсан нэгэндээ чин санаанаасаа тусалдаг,математикт тун сайн байдаг нь Монголын бусад ястнаас онцлог байх шүү\nАн хийх ,хадлан бэлтгэх,цагаан идээ боловсруулах нь ч нилээд өөр байхаа\nС.Бадмахатан багш маань дархадад хэдэн жил дараалан очиж ултай судалгаа хийж даацтай бүтээл туурвисныг угсаатны зүйчид сайн мэдэх билээ\nДархад нутаг бол тун ч үзэсгэлэн төгс ,үлгэрийн орон шиг \nӨвөл нь нилээд хүйтэн ,цас чамлахааргүй унадаг жимсний эх орондоо\n\n\n

1  |  1
zochin(202.179.24.123) 2023 оны 11 сарын 03

goe sonircholtoi umaa ,olj uznee

0  |  1
zochin (43.228.131.77) 2023 оны 11 сарын 03

маанар хамгийн олон математикийн багштай улс

3  |  1
Top