Их Британичууд хөл хорио цуцлахыг шаардан жагсчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Их Британийн иргэд цар тахалтай холбоотойгоор одоо тогтоосон хөл хориог цуцлах, дахин хязгаарлалт тогтоохыг эсэргүүцэн өнгөрсөн амралтын өрүүдэд Лондон хотын төв хэсгээр жагсчээ.

Жагсагчид хөл хориог бүрмөсөн цуцлахыг шаардахын зэрэгцээ КОВИД-19-ийн үеийн  аюулгүй байдлын дүрмийг зөрчиж, туслахаа үнсэж байгаад баригдсан Эрүүл мэндийн сайдад арга хэмжээ авахыг мөн уриалсан байна.

"The Sun" сонин Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок албан өрөөндөө туслах эмэгтэйтэйгээ үнсэлцэж байгаа камерын бичлэгийг дэлгэн, Эрүүл мэндийн сайд өөрөө халдвар хамгааллын дэглэм, тэр дундаа хүн хоорондын зай барих дэглэмийг зөрчсөн гэдэг асуудлыг хөндсөн байна.
 


Эрүүл мэндийн сайд болон туслах эмэгтэй нар тус тусын гэр бүлтэй байжээ. Энэ асуудал сөрөг хүчин болон олон нийтийн дургүйцлийг хүргэж нэлээд газар аваад байгаа юм. Мөн Эрүүл мэндийн сайд зарим тендерийг хууль бусаар хамаарал бүхий этгээддээ олгосон зэрэг асуудал ар араасаа хөндөгдөж эхлээд байна. Иймд Эрүүл мэндийн сайдыг албан тушаалаас нь огцруулах шахалтыг  сөрөг хүчин Лэйбор намаас Ерөнхий сайд Борис Жонсонд тавьсан билээ. Ерөнхий сайд уг асуудал нь хувийн асуудал учраас огцруулах үндэслэлгүй гэж байсан ч Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок өөрөө огцрох өргөдлөө гаргасан байна.
 

Түүнчлэн Их Британид халдварын тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог сулруулах сүүлийн үе шатыг хэрэгжүүлэх хугацааг ирэх долоодугаар сарын 19 хүртэл хойшлуулаад байгаа нь ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад буй. Ингэснээр нийгмийн харилцаанд тогтоосон хязгаарлалтуудын дийлэнхийг нь үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай болж байгаа юм. Эдгээрийг өмнө нь зургаадугаар сарын 21-нээс цуцлахаар төлөвлөж байсан юм. Харин хуримын зочдын тоонд тавьсан хязгаарыг цуцлах хэдий ч ийм үйл ажиллагааг зохион байгуулах газрууд халдвар хамгааллын дүрэм журмуудаа үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай байна.

Ерөнхий сайд Борис Жонсон, хязгаарлалттай холбоотой үнэлгээг хоёр долоо хоногийн дараа хийнэ гэдгийг мэдэгдээд, долоодугаар сарын 19-нөөс цааш сунгахгүй гэдэгт “итгэлтэй” байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Даунинг-Стритэд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн сунгах боломжийг үгүйсгээгүй байна. Их Британид хөл хориог сулруулах төлөвлөгөөний дөрөвдүгээр үе шатыг зургаадугаар сарын 21-нээс хэрэгжүүлбэл халдварын үзүүлэлтүүд дахин олноор нэмэгдэж болзошгүй гэдгийг судлаачид Засгийн газарт зөвлөжээ.

Сүүлийн үед тус улсад Энэтхэгт анх илэрсэн, илүү хурдан халдварладаг Дельта хувилбарын улмаас халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болоод байгаа юм.

Харин “Евро-2020” тэмцээний тоглолтууд, Уимблдон тэмцээн, урлагийн болон хөгжмийн тоглолтуудыг төлөвлөсний дагуу явуулах бөгөөд тэдгээрт оролцогч, үзэгчдээс вакцин хийлгэсэн баталгаа юм уу шинжилгээний сөрөг хариу шаардах ажээ. Их Британид долоодугаар сарын 19 гэхэд насанд хүрсэн хүн амын гуравны хоёрт нь вакцин хийлгэхийг санал болгохоор төлөвлөж байна. Мөн 40-өөс дээш насныхны вакцины хоёр тунгаа хийлгэх хугацааг 12-оос найман долоо хоног болгон бууруулах ажээ. Их Британид сүүлийн долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар 55 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсын хувьд цар тахлын үеийн дээд үзүүлэлт болоод байна. Английн ихэнх хотууд КОВИД-19-ийн шинэ мутацийн тархалтыг таслан зогсоох зорилгоор дөрөвдүгээр төвшний өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top