“Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн наадам болно

2021 оны 06 сарын 29

Монголын тулгар Төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100  жилийн түүхт ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын Урчуудын Эвлэл, “Дүрслэх урлагийн академи” дээд сургууль, Нийслэл Хүрээ зураачдын “Урлаг” холбоо хамтран Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 29-ний хооронд, мөн үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмыг зохион байгуулж байгаа аж.

Монгол Улсын Соёлын Яамны ивээл дор болж буй “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмыг нийгмийн соён гэгээрүүлэх үйлст дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Монголчуудын олон зуун жилийн түүхт урлаг соёл өнөөг хүртэл хэрхэн уламжлагдаж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж буйг харуулах урлагийн бүтээлүүдийг дэлгэн, эх нутгаасаа дэлхийн өнцөг булан бүрт “Монгол наадам - Монгол урлаг”-ийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхээр зорьжээ.

Наадмын хүрээнд Улаанбаатар дахь "Русский Дом" зураач Э.Цолмонбатын уран зургуудаар үзэсгэлэн дэглэн толилуулж байгаа гэнэ.

Хоёр дахь удаагийн Улаанбаатар фестиваль нь Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцсанаараа түүхэн ач холбогдолтой бөгөөд 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойдоо МУЭ-ийн урчууд 250 шинэ бүтээлээ дэлгэж, Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөг “Мөнх алдрын хөшөө”-г Зайсан толгойд босгож, 21088 бэлэг дурсгалын зүйл урлаж, Улаанбаатар хотоо 2470 чимэглэлийн урлагаар гоёсон түүхэн баримт байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top