ДАРХАН-УУЛ: Бэртлийн улмаас эмнэлэгт ирсэн хүүхдээс ковид илэрчээ

2021 оны 06 сарын 17

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өчигдөр 14 настай хүүхэд бэртэж эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд ковидын халдвар илэрсэн байна.

Тухайн хүүхдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан яаралтай хагалгаанд оруулжээ. Хүүхдийн биеийн байдал тогтворжсон байна. Мөн ковидын халдвар авсан төрөх дөхсөн нэг ээж байгаа бөгөөд төрөх бэлтгэлийг хангаж байгаа гэлээ.

Аймгийн хэмжээнд нийт насанд хүрсэн 55000 хүнд вакцин хийжээ. Ковидын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн халдвар авах нь харьцангуй бага бөгөөд 0.5 хувь нь өвдсөн байна.
 
2021 оны тавдугаар сарын 28-наас хойш батлагдсан тохиолдлуудын 107 нь, 73 голомтын 49 нь зөөвөрлөгдөн ирсэн эх үүсвэр байна. Иймд шаардлалгагүй бол Улаанбаатар хот болон бусад голомтот бус рүү зорчихгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг аймгийн Онцгой комиссоос уриалж ЭМГ-аас зөвлөж байна.

ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ХҮМҮҮС КОВИД-19-ИЙН ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛД

ВАКЦИНТАЙ ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮ ХҮНДЭРЧ БАЙНА

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 293 сорьцод PCR шинжилгээ хийхэд 44 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Батлагдсан тохиолдлуудаас 16 нь 0-17 насны хүүхэд байна. Шинээр бүртгэгдсэн 44 тохиолдлын 29 нь Дархан сум, 13 нь Шарын гол, 1 нь Орхон сум, 1 нь Улаанбаатар хотын харьяат иргэн байна.

Шинжилгээний байдлаар авч үзвэл:

Өөрөө ирсэн -1
Тусгаарлах байрнаас-1
Гэр тусгаарлалтаас – 42 тохиолдол илэрсэн байна.
 
2021.05.28-ны өдрөөс хойш нийт 503 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авч өвчилсөн хүмүүсийн 33 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. Хүүхдүүд болон вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд халдварын эрсдэл өндөр байгаа бөгөөд өвчлөлийн хувьд вакцинд хамрагдаад халдвар авсан хүмүүсээс илүү хүндэрч байна.
 
Бүртгэгдсэн тохиолдлуудын 44.1% нь шинж тэмдэггүй, 55.9% нь ямар нэгэн зовуурьтай байна. Өөрөөр хэлбэл хоолой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх, үе мөч өвдөх, бие арзайх, амт үнэр мэдрэхгүй байх, нус гоожих, дотор муухайрах, халуурах шинж тэмдгүүд илэрч байгаа юм байна.
 
Аймгийн хэмжээнд нийт 73 голомт байна. Үүнээс:
 
Дотоодын- 24
Зөөвөрлөгдсөн-49 тохиолдол байна.
Идэвхгүй болсон-4 голомт байна.
 
Эмчлэн тусгаарлах байранд нийт 290 хүн байна. Тэдгээрийн 80 хувь нь 0-15 насны хүүхдүүд, 210 нь насанд хүрэгч байна.
 
Эмчлүүлэгсдийн биеийн байдлын хувьд:
 
Хөнгөн -272
Хүндэвтэр-13
Хүнд-2
Маш хүнд-3
Жирэмсэн -6
Хавсарсан эмгэгтэй -25 хүн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top