Шинжилгээний цэгүүдэд халдвар тархах эрсдэл өндөр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 18

-Иргэд өглөөний таван цагаас эхлэн дугаарлаж байж ковидын шинжилгээ өгч байлаа-

Өчигдрийн мэдээгээр 2642 хүнээс коронавирусний халдвар илэрч, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 88577 боллоо. 37-95 насны 11 хүн нас барж, ковидын шалтгаант нас баралт  400-д хүрэв. Өдөр бүр 10, 10-аар тоологдох эрдэнэт хүний алтан амь үрэгдсэн мэдээтэй угтаж байна. Халдварын тоо өсөх бүрийд иргэд айх сандрах зэрэгцэж өөрийгөө шинжлүүлэхээр шинжилгээний цэгүүдийг зорьж байна. Гэвч шинжилгээ өгөх газруудыг цөөлж, сайн дурын иргэдээс PCR шинжилгээ авахаа больсон нь хүмүүсийг бухимдуулж байв.

ЦАГИЙН ХУВААРИЙГ УРТАСГАХЫГ ИРГЭД ХҮСЭЖ БАЙЛАА

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа билээ.  Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн  74 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг, Баянзүрх дүүргийн  "Тэнгэр" худалдааны төвийн гадна талбай, Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гарамын ард байрлах "Номин" агуулах худалдааны гадна талбай, Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд тус тус авч байгаа. Шинжилгээ авах цагийн хуваарь нь 09.00-12.00 цагийн хооронд үргэлжилнэ. Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэгийг зорин очвол цэцэрлэгийн хашааны гадаа олон хүн бөөгнөрсөн байлаа. Иргэд өглөө таван цагаас эхлэн дугаарласан аж. Тус дүүргийн оршин суугч Ө.Х гэх эмэгтэй “Би өглөө 7.30 цагт ирэхэд 130 хүн нэрээ бүртгүүлсэн байсан. Надаар дугаар тасалж ард үлдсэн тэр олон хүнийг маргааш ир гээд буцаасан. Биднийг нэр дуудаж хоёр гурваар нь оруулж байна. Одоогийн байдлаар дөрвөн цаг гадаа зогсоод хүлээж байна. Өглөө хүүхдүүддээ бантан, кашийг нь хийж өгч амжаагүй гарсан болохоор гэр рүүгээ яараад л байна. Нэгэнт ирснийх гүрийхээс өөр яах билээ. Халдвар тархаахгүй гэж бодож байгаа бол шинжилгээ өгөх цэгүүдээ нэммээр, цагийн хуваарийг нь уртасгамаар байна. Энд маш их бөөгөнөрөл үүсэж байна. Сая нэг халуурсан иргэн ирсэн. Бид эрүүл ирээд халдвар аваад буцах магадлал тун өндөр байна” гэлээ.

PCR ШИНЖИЛГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ ГЭВ

Уг шинжилгээ нь иргэдийн хүсэлтээр хийх коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээ бөгөөд хариу нь нэг цагийн дараа гардаг. Уг түргэвчилсэн шинжилгээг зургадугаар сарын 3-наас авч эхэлсэн бол PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авдаг болсон. Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй аж. НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа өмнө нь “Зургаадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй” гэж хэлж байв. Төлбөртэй болох эсэх талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодруулахад “Бид энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй уулзаж  нэгдсэн шийдэлд хүрнэ. Одоогоор энэ талаарх шийдвэр баталгаажиж гараагүй байна” гэлээ. Шинжилгээ өгөх иргэд шинжилгээний цэгийн гадаа машиндаа хонох шахам  сахиж байж түргэвчилсэн оношлуураар шинжлүүлж байгаа бөгөөд хоол ундгүй олон цаг гадаа бороонд норж, даарч, ядарснаа ч нуусангүй. 11.30 минутын үед ирсэн хэд хэдэн иргэн цаг дүүрсэн гэх шалтгаанаар буцаж, хаалттай хаалга мөргөсөндөө бухимдаж байлаа.

ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР 60 МЯНГААС 98 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Шинжилгээний цэгүүдийн ачааллыг хөнгөлөх үүднээс “Гялс”, “Мөнгөн Гүүр”, “Итгэл ба Сос” “Медика”, “Интермед” тэргүүтэй хувийн эмнэлгүүд түргэвчилсэн болон PCR шинжилгээг төлбөртэй авч байгаа. Хувийн эмнэлгүүдэд PCR шинжилгээ нь  98 мянган төгрөг, түргэвчилсэн шинжилгээ нь 60 мянган төгрөг хүртэл үнэ ханштай. Уг  төлбөрийг төлөх чадвартай хүн ч бий, чадваргүй хүн ч бий. Цагийн хуваарийн хувьд тавиу учраас иргэд ажил төрлөө амжуулаад хувийн эмнэлгийг зорих нь амар гэж үзэж байна. “Мөнгөн гүүр” эмнэлгээр үйлчлүүлж буй өндөр настан Д.Б “Цаг зав бага тул хувийн эмнэлгийг сонгосон. Тэгээд ч хүн багатай, цэвэр тохилог, халдвар хамгаалалтаа сайн сахиж байна лээ. Настай бидэнд улсын шинжилгээний цэгүүд ээлгүй, суух ч сандал байхгүй хэцүү юм аа. Би сарын өмнө хоёр цаг дугаарлаж зогсоод орохын даваан дээр сорьц нь дуусаад буцааж байсан. Сорьцоо нэмэх хэрэгтэй байна. Хувийн эмнэлэгт 20 хүрэхгүй минутанд өгөөд гараад ирлээ” гэв. Зуны улирал эхэлж хөдөө орон нутгийг зорих иргэд шинжилгээ өгөх нь нэмэгдэж байна. Мөн байгууллагын ажилтнууд ажил үүргээ хэвийн явуулахын тулд шинжилгээ өгч байхыг шаардаж байгаа. Үүнийг цаг хугацаа, мөнгө төгрөгөөр хялбар шийдэх арга нь шүлсээр оношлох тест гэж үзэх хүмүүс ч нэмэгджээ. Уг тест нь эмийн санд 16 мянгаас 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хариу нь 10 минутын дотор гардаг. Оношилгооны магадлал нь 96 хувьтай гэж эрдэмтэд үзэж байна. Цар тахлын халдвар өдөрт 2000-аас буухгүй байгаа энэ үед амны хаалтаа тогтмол зүүж, олон хүнтэй газраар явахгүй байхыг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top