Сонгууль дууслаа, "Рио Тинто" хөдөлж эхлэв

Б.Болорсүх | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгууллаа.

Эрх баригч Ардын нам 12 жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан мэдээ хүн бүрд янз бүрээр туссан. Зарим нь үүнийг нэг намын дарангуйлал тогтлоо гэж харж байгаа бол бүр зарим нь тогтвортой засаглах боломж бүрдлээ ч гэж мөрөөдөж байна. Бид яаж ч хүлээж авсан үр дүн нь нэгэнт тодорхой болсон асуудал.

Хэл амтай ч эдийн засагт жин дарж буй “Оюу Толгой” төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компани хөдөлгөөнд орж эхэллээ. Тэд үүнийг гэрээгээ шинэчлэх сайн цаг ирлээ гэж харж байна. Австралийн санхүүгийн алдартAustralian  Financial Review сонинд мэдээлснээс харвал Рио Тинто компани “Оюу Толгой” төслийн гэрээг аль, аль талдаа ашигтайгаар шийдэх боломж гарлаа гэдгээ илэрхийлжээ. Австралийн шинжээчид ч чухамдаа ингэж дүгнэж байгаа аж. Улс төрийн хувьд ихээхэн мухардалд орж байгаа төсөл гэж гадныхны дүгнэдэг манай төсөл У.Хүрэлсүхийг засаглаж байх үед шийдэлд хүрч чадах уу гэдэг маш чухал асуулт.

Гэхдээ гаднынхан үүнийг эмээсэн өнцгөөс харж байгаа аж. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хуулиараа намын гишүүнчлэлээсээ татгалзах ч эрх баригч Ардын намаас нэр дэвшиж ялалт байгуулсан учраас намын харьяалал нь тэр бүр амар салчихгүй. Өсөж хүмүүжиж, өнгөн дээр очсон намаа мартана гэдэг юу л бол. Рио Тинтогийн хувьд одоо хүссэн ч, эс хүссэн ч төслөө гацаанаас гаргахын тулд хэлэлцээрийн ширээний ард суухаас өөр арга байхгүй. Хэлэлцээрийн уур амьсгал ямар байхаас үл хамааран Рио Тинтой өөрсдийнхөө эрх ашгийг тийм ч амархан алдахыг хүсэхгүй. Ардын нам 2016 болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан. Чухамдаа тэднийг засаглаж байхад “Оюу Толгой” ордод монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх тухай санаачилга өрнөж, тогтоол хүртэл батлаад Ажлын хэсэг байгуулсан. Одоо түр хороо байгуулаад сар бүр хуралдаад явж байна. Рио Тинтогийн талтай үр дүнд хүрээгүй ч хэлэлцээрийн ширээний ард суугаад амжсан. Одоо дахиад хэлэлцээ хийх хүлээлт буй. Ардын намын өнгөн дээр Рио Тинто компанитай хөрөнгө оруулалтын өгөөжийн асуудал хөндөгдсөн одоо төрийн гурван өндөрлөг бүгд эрх баригч намын мэдэлд байгаа учраас “Оюу Толгой”-г гацаанаас гаргахын тулд Рио Тинто компани алхам хийхээс өөр аргагүй.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаа нэгдүгээр сард өгөх хүртэл “Оюу Толгой”-н асуудалд анхааралтай хандаж, өгөөжийг нэмэгдүүлэх тухай ярьж эхэлсэн. Түүний Засгийн газрын санаачилгаар УИХ-аар өгөөж нэмэгдүүлэх тухай тогтоол батлагдсан нь гашуун үнэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг энэ төслийг гараанаас гаргах нь Засгийн газрын ч, Рио Тинтогийн ч чин хүсэл. Гэхдээ гэрээ байгуулахдаа хэт нэг талыг барьсан, засаглалын хувьд хэн нэгнийг дүрмийн бус аргаар өөртөө нэгтгэсэн асуудал байж мэднэ гэж үзэн бид ажлын хэсэг байгуулсан билээ. 

Засгийн газрын зүгээс “Рио Тинто”-той асуудлаа нэг талдаа гаргах үүднээс түр хороо гарган ажиллаж байгаа. Энэ сарын 04-ний өдөр УИХ-ын түр хорооны хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нэг зүйл мэдэгдсэн. Нью-Йоркын шүүх дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн гаргасан дээрх гомдол дээр тулгуурлан гуравдагч этгээдээр оролцох гэж буйгаа зарласан юм. Нөгөөтэйгүүр Лондоны арбитрын шүүх дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулгатай нийцэж байгаа тул Нью-Йоркын шүүх дээр үүсгэсэн маргаан дээр хамтран оролцох тактик баримталсан ажээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Оюу Толгой”-той холбогдох асуудлаар маш тодорхой нэг заалт оруулсан нь бий. Түүний мөрийн хөтөлбөрийн 1.2.10-ыг “Үр өгөөжтэй Оюу Толгой” гэж тодотгоод “Оюу Толгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн ханагхын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллана” гэж тусгасан бий. Амласан хүн нь Ерөнхийлөгч болох нь тодорхой болчихлоо. Нөгөө талаас Рио Тинто гэрээгээ аль, аль талдаа ашигтайгаар шийдэх хүлээлт гарчихаж. Гэхдээ нэг том асуудал бий. Хөрөнгө оруулагчдын ч, Монгол Улсын Засгийн газрын ч эргэлзээг төрүүлдэг нэг зүйл нь “Дубайн гэрээ”. 2015 онд байгуулсан “Оюу Толгой”-н далд уурхайн энэхүү гэрээ нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж үздэг. Тиймдээ ч зардал нэмэгдэх, төлөвлөсөн хугацаа хойшлох шалтгаан болсон гэж үзэж буй. “Оюу Толгой” төслийн голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид аль 2018 оны эхнээс л “Дубайн гэрээ”-г анхааралдаа авах, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар эрх тэгш мэдээлэл өгөхийг шаардаж ирсэн. Шаардаж байтал Рио Тинто компани 2018 оны зун хугацаа хэтэрч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг мэдэгдсэн юм. Үүнийг нь батлах мэт 2019 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ч.Сайханбилэгийн Засгийн газырг “Дубайн гэрээ” байгуулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрвөн заалтыг хууль зөрчсөн гэж үзжээ.  Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчсөн Ч.Сайханбилэгийн кабинетын зөрчлийг нэг бүрчлэн тайлбарлавал: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана” гэснийг мөн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ”,  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна”, эцэст нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.3-т “Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана” гэснийг зөрчсөн гэж үзсэн байдаг. Гэсэн ч үүнд нэгэн парадокс үүссэн нь Засгийн газар хууль зөрчсөн ч “Дубайн гэрээ”-г цуцлах үндэслэл болохгүйн дээр олон улсын гэрээ, контрактны дагуу үргэлжилж байгаа учраас төсөл хэвийн үргэлжилнэ гэж шүүх үзсэн юм.

Бас нэг асуудал бий нь “Оюу Толгой”-н татварын маргаан. Монгол Улсын Татварын албанаас тус компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу Толгой" ХХК 2020 оны  хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Харин Монгол Улсын зүгээс өнгөрсөн тавдугаар сард Лондоны арбитрын шүүхэд гарсан юм. 

Тулсан ийм асуудал байгаагийн дээр Монголын улстөрчдөд ихээхэн хамаатай нэгэн асуудал байгаа нь харилцан буулт хийх тухай ойлголт бага байгаа аж. Канадын Бритиш Колумбын их сургуулийн дэд профессор Жулиан Дьеркес хэлэхдээ "Монголчууд “Оюу Толгой”-той холбоотой асуудал дээр харилцан буулт хийх сонирхол бага. Уул уурхайгаас хамааралтай энэ үндэстний улс төрийн популистуудын хувьд хамгийн том зэвсэг нь “Оюу Толгой” төсөл байсаар байх болно. Хэлэлцээр үндсэндээ асуудлыг шийдэж чадахгүй. Ингэсээр арван жилийн дараа ч хэлэлцээрийн асуудлыг ярьсаар байх болно” гэжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэгэн бүрэн эрхийн хугацаандаа “Оюу Толгой”-г шийднэ гэж харж байгаа бол гаднынхан үүнд итгэхгүй байна. Учир нь бид асуудалд зөвхөн нэг талаас нь л хардаг учраас тэр гэнэ. Үнэхээр асуудлыг шийдэх бүтээлч санаачилга дэвшүүлэхгүй байгаа нь гацаанаас гаргахад хангалтгүй. Түүнчлэн “Рио Тинто”  компани хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-тай маргаантай байсан ч эцэст нь харилцан хөрөнгө босгох асуудлаар саналаа нэгтгэсэн тул Засгийн газрын тавьсан саналд буулт хийгээд байх нь юу л бол. Тэгэхээр манай талаас хэлэлцээрийг илүү үр дүнтэй байлгахын тулд хэлэлцээрт оролцогчдын тоог цөөлөх, илүү прагматик талаас нь харах нь чухал болоод байна. Хэрэв бид улс төрийн өнгөөр энэ асуудалд хандсаар байх юм бол 20 жилийн дараа ч нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт “Үр өгөөжтэй Оюу Толгой” гэх уриа байсаар байх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(192.82.86.111) 2021 оны 06 сарын 16

Рио тинтогийн хэвлэлийн төлөөлөгч бичсэн бололтой. Өнгө аяс нь тэр талдаа байна.

0  |  0
.(192.82.91.181) 2021 оны 06 сарын 16

ОюуТолгой харин ч эсрэгээрээ сандралд орж байна. Ардчилсан нэртэй луйварчид хүчгүйдсэн тул. Хүзүүгүйдорж, Салга үүд, Хужаа Бямба, Сувгаа битгий солиорой нар жангаа идээ

1  |  0
зочин(202.21.116.66) 2021 оны 06 сарын 16

Дахиад 10-н жил битгий хэл 1 жил ч асуудлыг сунгамааргү й байна, баялаг урссаар л байна хурдан шийдэх хэрэгтэй.

0  |  0
Эгэл(103.57.95.80) 2021 оны 06 сарын 16

.Харилцан ашигтай байхаас Рио татгалзвал тэднийг хөөгөөд гарга

0  |  1
зочин(192.82.90.176) 2021 оны 06 сарын 16

одоо хөдөлгөх өгөөж авах эсвэл бүр зогсоох гэсэн шийдвэрийн нэгийг гаргах цаг болсон

0  |  0
Top