Н.Отгонцогт: Хаврын тариалалт 80 хувьтай байна

Т.Хөвсгөл | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогтоос цаг үеийн асуудлаар тодрууллаа


-Алтанбулаг сумын хувьд энэ жилийн хаваржилт хэр болж өнгөрсөн бэ?

-Манай Алтанбулаг суманд энэ жил өнтэй сайхан хаварж болж өнгөрсөн. Одоо зуншлага ч гэсэн сайхан байна. Манай сумын хэмжээнд энэ жил нийтдээ 64 мянган толгой мал тоолуулсан. Сумын хэмжээнд 29 мянган мал төллөх ёстойгоос мал төллөлт 86 хувьтай, төлийн хорогдолгүй явж байна.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад хэр байсан бэ?

-Цаг агаарын хувьд энэ жил их сэрүүхэн, хур бороо элбэг байлаа. Ойрын хэдэн өдрөөс л нар гарч сайхан дулаарч эхэлж байна.

-Энэ жилийн тариалалтын ажил хэр явагдаж байна вэ?

-Алтанбулаг сум бол тариалангийн 23 мянган га эргэлтийн талбайтай. Энэ газартаа арваад аж ахуйн нэгж газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ жилийн хувьд долоон мянган га талбайд нь тариалалт хийхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар хаврын тариалалт 80 хувьтай байна. Ихэвчлэн улаанбуудай, тосны, тэжээлийн ургамал тарина.

-Алтанбулаг боомт жил орчим ажиллаагүй. Энэ байдал сумын хэмжээнд хэр нөлөө үзүүлсэн бэ?

-Дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалаад Алтанбулаг хилийн боомт маань 2020 оны гуравдугаар сараас эхлэн хаалттай байлаа. Манай сумын иргэдээс 200 гаруй өрх нь энэ боомтоороо дамжин арилжаа наймаа эрхэлж ажиллаж, амьдардаг. Мөн сум маань хилийнхээ боомтыг түшиглэж төсвийнхөө дийлэнхийг бүрдүүлдэг. Ингээд жил гаруй хугацаанд хил хаалттай байснаар төсвийн орлого бүрдэхгүй, ард түмний амьдрал хүнд хэцүү болж байна. Ер нь манай улсад цар тахал гарснаар манай сум хамгийн түрүүнд эрсдэлтэй байдалд орсон. Ноднин жилийн гуравдугаар сараас эхлэн хилээр гадаадад байсан хүмүүс маань орж ирж эхэлснийг бид эндээ тусгаарлаж байсан. Тэгэхээр нилээд эртнээс халдвар хамгааллын дэглэмд шилжсэн. Харин одоо бол ачаа тээврийг нэвтрүүлж байгаа.

-Алтанбулаг суманд энэ жил төсвийн хөрөнгө оруулалтаар ямар, ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?

-Алтанбулаг сумаа “Сум хөгжүүлэх хөтөлбөр”-т хамруулах бодлого бариад УИХ-д сонгогдсон гишүүдтэйгээ хамтраад 2022 оны төсөвт суулгуулахаар ажиллаж байна. Харин энэ жилийн хувьд яг тодорхой улсын төсөвт суучихсан зүйл байхгүй.  Аймгийн төсөв дээр бол “Замын хөгжлийн сан”-гийн хөрөнгө, ойн зурвас байгуулах, булаг шанд тохижуулах зэрэг тодорхой ажлууд суусан байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top