Төв аймагт халдварын 56 тохиолдол бүртгэгдээгүй гэв

2021 оны 06 сарын 03

Өчигдөр (2021.06.02) нийслэлд 1052,  орон нутагт 91 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт халдварын тоо 60372 болж, ковидын улмаас нийт 286 хүн энэ хорвоог орхисон талаар ЭМЯ мэдээлсэн билээ. 

Орон нутагт гарсан халдварын тоог өчигдрийн байдлаар Төв аймаг тэргүүлж, 56 тохиолдол бүртгэгдлээ гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа болохыг албаны хүн онцоллоо.
 


С.МӨНХТУЯА: МАНАЙ АЙМАГТ СҮҮЛИЙН 24 ЦАГТ ЗУРГААН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

Энэ талаар Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Төв аймагт сүүлийн 24 цагт зургаан хүн бүртгэгдэж нийт халдварын  тохиолдол 1145 болсон. Сүүлд гарсан зургаан хүний тав нь Зуунмод сумаас, нэг нь Архуст сумаас гарсан. Эрүүл мэндийн яамнаас манай аймагт 56 хүн бүртгэгдсэн гэдэг нь алдаатай мэдээлэл учир ХӨСҮТ болон ЭМЯ-руу холбогдож залруулга хийхээр болсон" гэлээ. Төв аймгийн хэмжээнд  Жаргалант, Аргалант, Алтанбулаг зэрэг сум халдварын тохиолдлоор тэргүүлж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус аймаг руу 894 хүн нэвтэрч, 364 машин орж иржээ. Тус аймгийн иргэдийн дунд “Аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өгөхдөө халдвар аль баг, аль хорооны иргэдээс гарч байгааг нарийн мэдээлэх хэрэгтэй байна.

Тэгэхгүй бол хүмүүс үр хүүхдээ дагуулаад гадуур их явж байна. Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагт 56 халдварын тохиолдол гарсан гэж мэдээлсэн боловч 50 нь хаашаа алга болчихов оо, халдварын тоог нуун дарагдуулаад байгаа юм биш биз  гэсэн хардлага төрүүлж байна” гэдгээ илэрхийлж байлаа. Тэгвэл Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Төв аймагт 56 тохиолдол бүртэгдсэн тухайд графикч нь тоо тавихдаа нэг тоо илүү тавьснаас болж андуурал болсон тул хүлцэл өчье. Бид маргаашийн ээлжит мэдээн дээрээ залруулга хийнэ” гэлээ.
 


Ц.НАРАНБАТ: АЖИГЛАЛТАД БАЙГАА ИРГЭД ХАЛДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Увс аймгийн Эрүүл  мэндийн газрын Тандалт судалгааны албаны мэргэжилтэн Ц.Наранбат “Манай аймагт сүүлийн 48 цагийн байдлаар 26 тохиолдол нэмэгдэж нийт 100 тохиолдол бүртэгдлээ. Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 36121, хоёрдугаар тунд 11675 хамрагдсан нь тун хангалтгүй тоо. Гэрийн ажиглалтад байгаа хүмүүс дүрмээ зөрчин сул чөлөөтэй зорчиж байгаагийн улмаас халдвар нэмэгдэж байна. Мөн хоёр тундаа хамрагдсан хүмүүсээс халдвар тарж байгаа нь тодорхой болсон.

Эдгээр хүмүүс нэг нэгнийхээ гэр орноор орж гарч хавьтал болж байна. Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийн идэвх сул байгаа учир нийт иргэддээ дархлаажуулалтандаа хамрагдахыг уриалж байна“ гэлээ. Аймгийн иргэд “Сонгуулийн сурталчилгаатай холбоотой уулзалтууд хийж байна.

Үүнээс болж хүмүүсийн бөөгнөрөл үүсэж халдвар тархаж байгаа нь нууц биш. Сонгуулийн ажлаа цахимаар хийх хэрэгтэй. Хүүхдийн баяр гэхээр тэмдэглүүлээгүй хэр нь сонгууль гэхээр бөөн бөөнөөрөө яваад байдаг нь маш буруу” гэж шүүмжлэлтэй хандаж байв. Увс аймагт  Улаангом, Сагил, Баруунтуруун сумдад шинээр голомт үүссэн бөгөөд хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байгаа ажээ.
 


А.НАРАНТУНГАЛАГ: НИЙСЛЭЛЭЭС ИРСЭН ИРГЭДЭЭС ХАЛДВАР ТАРХСАН

Тэгвэл Сүхбаатар аймагт энэ сарын 1-ний өдрийн мэдээллээр 34 тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 274 болсон. Түмэнцогт, Онгон сум сумдад шинээр голомтолсон халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэхээр тандалтын баг ажиллаж байгаа аж. Аймгийн хэмжээнд нэгдүгээр тундаа 90 хувь хамрагдсан бол хоёрдугаар тунд 50 гаруй хувьтай хамрагджээ. Иргэдийн зүгээс “Хүмүүсийг шагнаж урамшуулан найр наадам, дуу хуур болж олноороо цуглах, нэг нэгнийхээрээ хэсэх гээд маш замбараагүй байгаа нь халдварын тоог нэмэгдүүлж байна” гэсэн байр суурьтай байна.

Тус аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч А.Нарантунгалаг “Манай аймагт Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Мөнххаан, Баруун-Урт, Сүхбаатар зэрэг есөн суманд халдварын голомт бүртгэгдсэн. Хамгийн сүүлд шинээр бүртэгдсэн Түмэнцогт, Онгон сумдад нийслэл хотоос ирсэн иргэд халдвар тархаасан бөгөөд тэдгээр иргэд вакциныхаа хоёрдугаар тунд хамрагдсан гэсэн өгүүлэмжтэй байсан. Вакцинаа хийлгэсэн ч халдвар тээгч болох тул амны хаалтаа тогтмол зүүж байх шаардлагатай” гэж хэллээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top