Э.Нандин-Эрдэнэ: Дорнод аймагт мэдлэгтэй залуус төрд ажиллах сонирхолтой байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.


-Цар тахлын улмаас төлөвлөгөөт ажлууд удааширч байгаа тал бий. Тэгэхээр өнгөрсөн жил “Төрийн албаны тухай хууль” шинэчлэгдэн батлагдсан ч орон нутагт удааширч зарим аймгуудад одоо ч өгч байгаа гэх сураг бий. Танай аймагт ямар байна?

-Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль” шинэчлэн батлагдаж мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуульд төрийн албанд орж ажиллах иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад ордог байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар ерөнхий шалгалт болон тусгай гэсэн хоёр шалгалт өгдөг болсон. Манайд хууль дүрмийн дагуу хугацаанд нь явуулсан. Харин дахин нөөцөөс шалгалтад орох ёстой хүмүүсийг зарлан шалгалтад оруулж байна. Өөрөөр хэлбэл тусгай шалгалт явуулахаар төлөвлөсөн. Түүнээс бус Дорнод аймгийн хэмжээнд Төрийн албаны шалгалт хууль ёсны дагуу хугацаандаа болсон. Харин орон нутгийн хэмжээнд зохицуулах үүднээс зарим шалгалтыг авч байгаа юм.

-Ерөнхий шалгалт болон тусгай шалгалт гээд хоёр ангилж байна. Энэ ялгааны талаар та тайлбар өгөөч?

-Өмнө нь бол “Төрийн албаны хууль”-ийн хэрэгжилтээр төрийн жинхэнэ албаны шалгалтыг өгч шууд албан тушаалд томилогддог байсан. Тодруулбал Боловсрол, мэргэжил, ажлын туршлага шаарддаг байсан бол ерөнхий шалгалт нь төрийн албанд ажиллах сонирхолтой иргэн бүр хамрагдах боломжтой шалгалтад тэнцсэн иргэн гурван жилийн хугацаатай нөөцөд байна. Харин тусгай шалгалт гэдэг нь нөөцөд орсон иргэн боловсрол, мэргэжил, туршлага таарч байгаа иргэн тусгай шалгалт өгч тэнцсэн тохиолдолд тухайн албан тушаалд шууд томилогдох боломж бүрдэж байна гэсэн үг юм. Анзаарч байхад Дорнод аймгийн хэмжээнд мэдлэг боловсролтой залуус төрийн албанд ажиллах сонирхолтой байна.

-Шалгалтад орохын тулд тухайн иргэн ямар болзол хангасан байх ёстой бэ?

-Юуны өмнө Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, Эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх, сэтгэцийн өвчин эмгэггүй байх, цэргийн алба хаасан байх, тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх, Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх ёстой. Эдгээрийг хангаж буй иргэн бүр дээрх шалгалт өгөх болзлыг хангаж байна гэж үзнэ.

-Бүртгүүлж байгаа иргэд юунд анхаарах ёстой бэ?

Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлж байгаа иргэд маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдээс бүртгэлээ дутуу хийх, төлбөрөө төлж  баталгаажуулаагүй тохиолдол их гарч шалгалтад орж чадахгүй болж байсан. Бүртгүүлэгч төлбөрөө төлсний дараа код ирж бүртгэл баталгаажсан байх тул үүнд анхаарах хэрэгтэй.Монгол Улсын Төрд ажиллахаар шийдэн Төрийн албаны шалгалтад оролцох хүсэлтэй иргэдэд зориулж Төрийн албаны зөвлөлөөс цахим ном, сорилыг бэлтгэн  өдөр бүр шинэчлэж байгаа тул иргэд бие даан суралцах боломж нээгдэж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top