Г.Ёндон: Австралийн орон зайг Монгол болон ОХУ-аас нөхөх боломжтой гэж судлаачид үзсэн

2021 оны 05 сарын 24

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл бол уул уурхай. Тус салбарын ирээдүйн хөгжил хэр байхаас манай  улсын эдийн засгийн нүүр царай тодорхойлогдох учиртай. Цар тахлыг дагасан амаргүй энэ цаг үед уул уурхайн мега төслүүдийн бүтээн байгуулалтын явц, голлох түүхий эдийн экспортын нөхцөл байдал зэрэг тус салбарыг тойрсон асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.
 



-Манай улсад корона­вирусний халдвар тархсаны улмаас уул уурхайн түүхий эдийн экспорт, төлөвлөгөө тасалдах боллоо. Экспортын тоо хэмжээний талаарх тойм мэдээгээр ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улсын экспортын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Ийм учраас экспортыг тогтворжуулах, нэмэгдүүлэх асуудал цар тахалтай, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед чухал ач холбогдолтой. Оны эхнээс 7.6 сая тонн нүүрс, 407.5 мянган тонн зэсийн баяжмал, 2.7 сая тонн төмрийн хүдэр, 1.9 сая баррель газрын тос экспортлоод байна. Энэ оны тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Монголбанкинд 5.3 тонн алт тушаасан нь өнгөрсөн оны мөн үеэс 26.2 хувиар буурсан. Мөн 407.5 мянган тонн зэсийн баяжмал, хоёр сая 763.8 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.2-1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин оны эхнээс долоон сая 667.5 мянган тонн нүүрс экспортод гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 66.2 хувиар, нэг сая 913.4 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 262 хувиар тус, тус өссөн үзүүлэлттэй байна. Манай яамны зүгээс экспортын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна.

-Санасныг бодоход нааштай тоон мэдээллүүдийг танаас сонслоо. Гэхдээ оны сүүлээр түүхий эдийн экспортын тоон мэдээ тийм ч сайн гарахгүй нь тодорхой байна. Танай яамнаас экспортыг тогтворжуулах, сайж­руулах чиглэлд ямар ажлыг авч  хэрэгжүүлээд байна вэ?

-Экспортыг тогтворжуулах, нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, манай яам болон бусад яамдын зүгээс холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Улсын онцгой комиссын даргын 2020 оны “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”–ыг баталж, уурхайнууд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, тээвэрлэгчид, харуул хамгаалалтын гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солилтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Он гарсаар нэгдсэн зохион байгуулалтаар нийт 22 мянга 260 ажилчдыг ээлжинд гаргаж, 20 мянга 362 ажилчдыг ээлжээс буулгасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын томоохон 31 аж ахуйн нэгжээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй түргэвчилсэн оношлуурыг нэгдсэн журмаар нийлүүлэхийг хүссэний дагуу Эрүүл мэндийн яамтай хамтран хоёр удаагийн татан авалтаар нийт 321 мянган түргэвчилсэн оношлуурыг Солонгос улсаас нийлүүлсэн. Голлох ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах зорилгоор "Аюулгүй бүс"-ийг байгуулж уурхайнуудын ажилчид, тээврийн жолоочдыг дархлаажуулалтын вакцины нэгдүгээр тунд 100 хувь хамруулж, хоёрдугаар тунд 50 хувь хамруулж дархлаажуулалт үргэлжилж байна. Мөн алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох нөхцлийг сайжруулах, алт олборлолтын хэмжээг богино хугацаанд нэмэгдүүлэх зорилгоор УУХҮ-ийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Хөнгөлөлттэй санхүүжилтийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болсон. Ингэснээр 67 аж ахуйн нэгжид 927 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлээд байна.

-БНХАУ-ын талаас Монголын коксжих нүүрсний худалдан авалтын эрэлт хэр байхаар байна. Австрали, Хятад хоёрын худалдааны маргааныг Монгол Улсад ашигтайгаар эргүүлж чадаж байна уу?

-Гадаад зах зээлийн нөхцөл байдлыг ажиглаж байна. Дэлхийн зах зээлд эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өсөлттэй байгаа нь сайн хэрэг юм. Хятад улсын коксжих нүүрсний импортод эзэлж байсан Австралийн нүүрсний хэмжээг тус улс Монгол болон ОХУ-аас нөхөх боломжтой гэж судлаачид үзэж байгаа. Манай улс цар тахлын тархалтыг хумиж чадсан тохиолдолд эрдэс бүтээгдэхүүний гадаад зах зээлийн нөхцөл харьцангуй сайн буюу үнэ өсөлттэй, эрэлттэй байна. Хамгийн гол нь цар тахлын тархалтыг хумиж, уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх нь чухал.

Энэхүү үйл ажиллагаанд “Монгол нүүрс ассоциаци” зэрэг төрийн бус байгууллагууд идвэхтэй ажиллаж байгаад энэ дашрамд талархлаа илэрхийлье.

“Монгол нүүрс ассоциаци” ТББ-аас хэдхэн хоногийн өмнө Хятад улсын судалгааны болон нүүрсний худалдааны компанийн төлөөлөгчидтэй өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэвийн төлөвийн талаар санал солилцох цахим уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү цахим уулзалтад яамнаас төлөөлөл оролцож, цар тахлын үед уул уурхайн салбар хэрхэн ажиллаж байгаа тухай мэдээллийг хийсэн.

Хятадын талын судлаачдын үзэж байгаагаар тус улсын тал 2021 онд 50 орчим сая тонн коксжих нүүрс импортоор авах таамгийг дэвшүүлж байгаа юм билээ. Мөн Австралийн нүүрсний импортын хэмжээг манай улс, ОХУ-аас нөхөх болов уу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

-БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн найрсал манай улсын  уул уурхайн ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол?

-Коронавирусний цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг уналтад орж, өрнөдийн орнууд олон тооны хориг арга хэмжээ авч буй энэ үед ОХУ стратегийн түнш БНХАУ-тай ойртон дотносох чиг шугамыг  баримталж, хоёр улсын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаа өргөжиж байна. Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын харилцаа эдийн засаг, эрчим хүчний салбарт эрчимтэй хөгжиж байгаа. Одоо ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ жилд дунджаар 100 тэрбум ам.доллар давж байна. Мөн олон улсын судлаачид БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2021 онд 8,4 хувь, 2022 онд 5,6 хувь байна гэж үзсэн бол ОХУ-ын эдийн засгийн өсөлтийг 2021-2022 онд 3,8 хувь гэж урьдчилсан байдлаар тооцоолсон байна. Энэхүү хөрш орнуудын эдийн засгийн өсөлт нь манай улсын эдийн засаг, ялангуяа уул уурхайн салбарт эерэг хандлага үзүүлнэ гэж харж байна.

Энэтхэгийн 100 гаруй инженер, техникийн ажилтнууд Дорноговьд ажиллаж байна

-Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн дотор танай яамны харьяалалд хамаарах томоохон бүтээн байгуулалтын ажлууд буй. Дээрх төслүүдийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүгдийг нь багтааж ярина гэвэл их цаг шаардана. Улс орны эдийн засагт чухал нөлөөлөл үзүүлэхүйц томоохон төслүүдийн заримаас нь дурдъя.

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн авто зам, төмөр зам, дулааны цахилгаан станц, баяжуулах үйлдвэрийн төслүүд хэрэгжиж байгаа. Яамны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд дээр дурдсан төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг компанийн жил бүрийн бизнес төлөвлөгөөнд тусгуулж холбогдох шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани нь 2010 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Цанхийн Зүүн болон Баруун уурхайгаас нийт 75 сая тонн нүүрс олборлож, есөн их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий 71 сая тонн нүүрс борлуулж, улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна” гэж тусгагдсан. Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд манай яамнаас ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулах тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцуулж, батлуулсан.

Энэхүү баяжуулах үйлдвэр баригдсанаар нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, ордыг иж бүрэн ашиглах боломж бүрдэх юм. Үр дүнд нь ажлын байр, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, орлогыг нэмэгдүүлэх цаашлаад Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны үнэ, цэн нэмэгдэх боломжтой. Тухайлбал, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 928 хүний ажлын байр бий болж, улс, орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

-Зэсийн баяжмал боловс­руулах үйлдвэр барих төсөл бас байгаа. Энэ талаарх мэдээлэл олон нийтийн дунд хомс байх шиг байна. Та дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Катодын зэсийн үйлдвэр байгуулах талаар олон жилийн турш судалгаа, шинжилгээ хийгдсэн. Тухайлбал, Канадын “Хатч” компанийн гүйцэтгэсэн Монгол Улсад зэс хайлах үйлдвэр байгуулах судалгааны ажлын тайлангаар Орхон аймагт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах нь цахилгаан эрчим хүч, ус хангамж, тээвэрлэлт, ажиллах хүчний үзүүлэлтээр хамгийн тохиромжтой гэдэг дүгнэлт гарсан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэж буй зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, жилд 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төслийг дээр дурдсан паркийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулах арга хэмжээ авахаар Засгийн газраас саяхан шийдвэрлэсэн. Холбогдох судалгааны ажлууд хийгдсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын нэг нь зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр юм. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчний салбарыг чухалчилж, цахилгаан автомашин үйлдвэрлэх, нар, салхины цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг барих, эдийн засгийн үр ашигтай томоохон зэсийн ордууд тогтоогдох нь багасч байгаа өнөө үед зэсийн үнэ улам өсч, эрэлт нь нэмэгдэх тооцоог олон улсын банк, санхүүгийн байгууллагууд гаргасаар байна. Катодын зэс үйлдвэрлэж эхэлбэл цаашид өндөр технологийн зэс бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Эрдэнэтийн Овоо ордын нөөц нэмэгдэж байгаа хэдий ч хүдэр дэх зэсийн агуулга, баяжмалын чанар жилээс жилд буурч байна. Энэ хэмжээгээр хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Катодын зэсийн үйлдвэр байгуулбал бага агуулгатай баяжмалыг боловсруулах боломж бүрдэх юм. Ер нь тус үйлдвэрийг байгуулах нь олон талын ач холбогдолтой.

Жишээ нь, ордын нөөцийг иж бүрэн ашиглах, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулалтын түвшинг ахиулах, дэвшилтэт техник, технологи нэвтэрч, мэргэжилтэй боловсон хүчин бий болох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 70 орчим тэрбум төгрөгийн татварын орлого оруулах, дагалдах үйлдвэрүүд бий болох гэх мэт. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг 2025 ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

-Ер нь яагаад хүнд үйлд­вэрийн чиглэлийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах гээд байдаг болов оо. Саяхан уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор барих Засгийн газрын тогтоол гарчихсан?

-Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Паркийн хүрээнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрээс HL-SX-EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр зэрэг үйлдвэрүүдийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулна.

Ер нь яагаад хүнд үйлдвэрийн чиглэлийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах гээд байна гэвэл, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг аж үйлдвэр хөгжсөн орнууд эдийн засгийн тусгай бүс бий болгож, бизнесийн таатай орчин, дэд бүтцийг бүрдүүлэн аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх бодлого баримталсан байдаг. Парк байгуулах нь дэд бүтцийг нэгдсэн байдлаар шийдэж аж ахуйн нэгжүүдийн дэд бүтцийг барих зардлыг бууруулах, тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх, түүхий эд, хүний нөөц нэг дор төвлөрөх, үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх мэт маш олон давуу талтай байдаг.

Орхон аймагт инженерийн дэд бүтэц, түүхий эдийн нөөц, хүний нөөц тодорхой хэмжээнд бүрдсэн тул 40 гаруй жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн парк байгуулах нь оновчтой гэдэг дүгнэлтийг гаргасан. Уг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, технологийн түвшний үнэлгээ зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр төлөвлөсөн.

Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох, уурхай даган байгуулагдсан Эрдэнэт хот цаашдаа бие даан тэлэх, хөгжих, бүс нутгийн үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулж, дагалдах олон үйлдвэрүүдийг бий болгох, экспортод чиглэсэн өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийг кластераар хөгжүүлэх ач холбогдолтой. Паркийг 1302 га газарт төлөвлөсөн бөгөөд хөнгөн, жижиг, дунд үйлдвэрүүд даган хөгжиж, паркад байгуулагдах үйлдвэрүүд 20 жилийн хугацаанд 46 их наяд төгрөгийн орлого олж, улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийг татварын хэлбэрээр төвлөрүүлэх учир Орхон аймаг төдийгүй манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Хамгийн чухал ач холбогдол нь манай улсад өнгөт металлурги, металл хийц, химийн үйлдвэрлэлийн цогцолбор байдлаар хөгжүүлсэн хүнд үйлдвэрийн загвар парк болох юм.

-Газрын тос боловсруулах үйлдвэр /ГТБҮ/, дамжуулах хоолойн төслийн явц хэр байна. БНЭУ-аас ажиллах хүчин авч байгаа гэсэн үнэн үү?

-ГТБҮ байгуулах төслийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслийн бүтээн байгуулалтын ажлыг дөрвөн багцад хуваасан. EPC-1 ажлын багцын хүрээнд Технологийн бус барилга байгууламж болох Бор хөөврийн говиос татах усны шугам хоолой, гал команд, эмнэлгийн тусламжийн байр, оффис зэрэг үйлдвэрийн талбай дээрх барилга байгууламжуудыг барих ажил энэ оны нэгдүгээр сард эхэлсэн. Энэ ажлын гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC Projects India” компани шалгарч, өнөөдрийн байдлаар энэтхэгийн 100 гаруй инженер, техникийн ажилтнууд, Монголын талын туслан гүйцэтгэгч компаниудаас 80 орчим хүн ид ажиллаж байна.  Эхний ээлжийн машин механизм үйлдвэрийн талбайд ирсэн. Барилга угсралтын үед ашиглагдах техник, тоног төхөөрөмж, бараа материал агуулах савны угсралтын ажил хийгдэж байна. Үйлдвэрийн анхдагч процесс, дагалдах байгууламжийн Инженерчлэл- худал­дан авалт-барилга угсралтын ажлын (EPC-2) Ерөнхий гүйцэтгэгчийн хоёр үе шаттай сонгон шалгаруулалт ид явагдаж байгаа. EPC-3 ажлын багц бол үйлдвэрийн ДЦС юм. Энэ ажлын Ерөнхий гүйцэтгэгчийн урьдчилсан сонгон шалгаруулалтаар Энэтхэгийн Экспорт-Импортын банкнаас хураангуй жагсаалтанд оруул­сан хоёр компанийн дунд эцсийн тендер зарлахад бэлэн болсон.

EPC-4 ажлын багцад лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил багтаж байгаа. Дэлхийд алдартай цөөн хэдэн компаниуд ГТБҮ-ийн технологийн байгууламжуудын лицензийг эзэмшдэг. Лиценз эзэмшигчдээс ирүүлсэн тендерийн техникийн хэсгийг хянах, үнэлэх ажил эцсийн шатандаа орсон. Техникийн шаардлага хангасан тендерийн үнийн саналыг нээх ажил эхлээд явж байна. Түүхий тос дамжуулах хоолойн хувьд уг төслийг санхүүжүүлж, барих олон улсын тендерийг өнгөрөгч гуравдугаар сард УУХҮЯ зарласан. Эхний байдлаар есөн улсын 22 компани тендерт оролцох саналаа илэрхийлсэн. Бид “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн мэргэжилтнүүдтэй хамтран үнэлгээ хийж, шалгуур хангасан 15 компанид тендерийн баримт бичгийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүргүүлээд байна.  Ер  нь дамжуулах хоолой үйлдвэр ашиглалтад орохоос дор хаяж зургаан сарын өмнө баригдсан байх ёстой. Энэ ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэхийн тулд бид хичээн ажиллаж байна.

-Энэ төслийн хүрээнд ажилчдын хотхон Сайншандад барьж байгаа гэсэн үү?

-ГТБҮ байгуулах төслийн нэг том ажил бол Сайншандад үйлдвэрийн ажилтнуудад зориулсан 550 айлын хотхон юм. Оффис, үйлчилгээний төв зэргээс бүрдсэн цогц хотхоны эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 90 хувьтай, энэ зун ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид Сайншандыг Эрдэнэтээс ч том аж үйлдвэржсэн хот болон хөгжихийн эхлэл нь энэ хотхон гэж харж байгаа.  Ковид-19 цар тахлаас үүдсэн хөл хорио бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч урин дулаан улирлыг бүрэн ашиглаж, үйлдвэрийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй, цаг хугацааны хоцрогдолгүй явуулах үүднээс “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хамт олон боломжтой бүхий л арга хэмжээг авч, ажиллаж байна даа.

-Манай улсад ГТБҮ байгуулагдсанаар хамгийн түрүүнд шатахууны үнэ буурна гэсэн хүлээлт буй?

-Манай улс 60-аад жилийн өмнө Зүүнбаянд газрын тосны үйлдвэр байгуулж, түлш шатахуунаар эх орны хэрэгцээгээ хангаж байсан түүх бий. Харин энэ удаа байгуулж байгаа үйлдвэр бол орчин үеийн, өндөр технологид суурилсан гэдгээрээ манай улсад аж үйлдвэрийн цоо шинэ үүд гарцыг нээж байгааг тодотгох хэрэгтэй. Төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д ажиллаж байгаа инженер, мэргэжилтнүүд манай улсад нефть-химийн салбарын “уураг тархи”-ийг бүрдүүлж байна. Цоо шинэ мэдлэг, мэргэжилтнүүд, технологи манай улсад орж ирж, нутагшиж эхэлж байна шүү дээ. Энэ бол шатахууны үнэ хямдарна гэдгээс илүүтэй улсын хөгжилд хэрэгтэй чухал зүйл. Нөгөө талаар, ГТБҮ дотоодын түүхий эд болох газрын тосоо өөрсдөө боловсруулж, түлш шатахуунаа үйлдвэрлэнэ гэдэг бол Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн бодлогоо бие даан зохицуулах бүрэн боломж нээгдэнэ гэсэн үг. Шатахууны үнээс хамааралгүй эдийн засаг гэж байхгүй. Тиймээс ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх түлш шатахууны үнийг төр засаг гадны ямар ч нөлөөлөлгүй зохицуулна гэдэг эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус байдалд маш чухал. Томоор харвал, ГТБҮ-ийг дагаад Монгол Улсад нефть-химийн аж үйлдвэр сууриа тавина.

-Дорноговь аймагт хар төмөрлөгийн үйлдвэр барих томоохон төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Энэ талаар?

-“Болд төмөр Ерөө гол” ХХК өөрийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх “Хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах төсөл”-ийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цогцолборын хэмжээнд нийт 420 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар таван үйлдвэр байгуулагдана. Эхний дөрвөн үйлдвэр нь домен зуух бүхий ширэмний үйлдвэрээ түүхий эдээр хангах зорилготой юм. Эхний шатанд газрын асуудлыг бүрэн шийдвэрлэж, дэд бүтцийг бий болгох хүрээнд 12 км төмөр зам, 9.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барьж байгуулаад байна. Жилд хоёр сая тонн хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг 2019 онд эхлүүлж энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа ба бүтээн байгуулалт 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улмаар нэг сая тонн хүчин чадалтай нүүрс угаах үйлдвэрийг 2021-2022 онд, жилд 1.5 сая тонн хүчин чадалтай коксын үйлдвэрийг 2022-2023 онд, жилд 1.5 сая тонн хүчин чадалтай төмрийн хүдрийн хорголжийн үйлдвэрийг 2023-2024 онд, жилд 500 мянган тонн хүчин чадлалтай ширэмний үйлдвэрийг 2024-2025 онд барьж байгуулахаар төлөвлөн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор 500 орчим ажлын байр шинээр бий болж, төмрийн хүдэр, нүүрсээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн түүхийгээр экспортлох хэмжээг бууруулна. Гол нь 500 мянган тонн ширэм үйлдвэрлэснээр цаашид ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх түүхий эдийн бааз, суурь бий болж дагалдах жижиг, дунд үйлдвэр хөгжих боломж бүрдэх чухал ач холбогдолтой төсөл юм.

Усгүйгээр уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх талаар ярих боломжгүй

-Ирээдүйд хэрэгжих томоохон төслийн талаар нэлээдгүй ярилаа. Одоо сэдвээ жаахан өөрчилье. Эрдэс түүхий эдийн ихэнх хувийг олборлож буй говийн бүсийн усны асуудлыг шийдвэрлэх тал дээр танай яамнаас ямар бодлогын арга хэмжээ авч байна вэ?

-Юуны өмнө бид бүхэн говийн бүсийн ус хангамжийн асуудалд онцгой анхаарал тавьж ажиллаж байгааг хэлмээр байна. Учир нь бид усгүйгээр ямар нэгэн хөгжил, дэвшил, тэр дундаа уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх талаар ярих боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн түүхий эдийг боловсруулан, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд говийн бүсийн ус хангамжийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай.

Тиймээс говийн бүсийн ус хангамжийн өнөөгийн бодит байдлыг үнэлж, тодорхойлох, үнэн зөв, бодит мэдээллийг авах, асуудлыг шийдвэрлэх хувил­баруудыг тодорхойлох зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачилга, захиалгаар Дэлхийн банкны “2030 Усны нөөцийн бүлэг”-ээс “Монголын өмнөд говийн уул уурхай, хүнд үйлдвэрийн бүсийн усны эрэлт хангамжийн гидроэкононмик шинжилгээ”-ний ажлыг өнгөрсөн  оны хоёрдугаар сараас аравдугаар сарын хороонд нийт найман сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Энэхүү ажил нь “Тавантолгой, Оюу толгой”-н бүсийн ус хангамжийн өнөөгийн байдалд үнэлгээ өгөх, усны эрэлтийг  2030, 2040, 2050 оны түвшинд тодорхойлж, усны эрэлтийг бууруулах, ус хангамжийг нэмэг­дүүлэх боломжит шийдлүүдийг боловсруулах, тэдгээрт эдийн засгийн дүн шинжилгээ хийж эрэмбэлэх, нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулахад онцгой ач холбогдол бүхий ажил болсон.

Шинжилгээний ажлын үр дүнгээр “Тавантолгой, Оюу толгой”-н бүсийн 2030, 2040, 2050 оны түвшинд усны эрэлтийг өсөлтийн бага, дундаж, их гэсэн гурван хувилбараар тооцоход усны эрэлт 2019 оны суурь түвшин (жилд 19.2 сая.м3)-ээс даруй 1.2-2.1 дахин өсөх төлөвтэй байсан бөгөөд энэхүү өсөн нэмэгдэж буй усны эрэлтийг  урт хугацаанд газрын доорх усны нөөцөөр дангаар хангах боломжгүй юм. 

Иймд говийн бүсийг гадаргын усаар хангах төслийг яаралтай хэрэгжүүлж, ус хангамжийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлагатай ба энэхүү төслийг хэрэгжүүлэх хугацаанд тухайн бүсэд илэрсэн газрын доорх усны тодорхой ордуудыг ашиглахаар байгаль орчин, аялал жуучлалын яам болон усны газартай хамтран боломжит хувилбарууд дээр харилцан санал солилцон ажиллаж байна.      

Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн бодлого, чиглэлд тусгагдсан говийн бүсэд байгуулагдах Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн жилд 30 сая тонн “Нүүрс баяжуулах үйлдвэр”, “Тавантолгой дулааны цахилгаан станц”, “Гангийн үйлдвэр”, Оюутолгойн зэсийн ордод түшиглэн “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр” зэрэг уул уурхай, хүнд үйлдвэрийн мега төслүүдийн хэрэгжилтийг хангахад Засгийн газрын зүгээс онцгой анхаарч ажиллаж байна.

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 718 л/сек буюу жилд 22.64 сая.м3 ус шаардлагатай байгааг урьдчилсан байдлаар тооцсон. Өнөөдрийн байдлаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-т шаардлагатай 106 л/с буюу жилд 3.34 сая.м3 усны асуудлыг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт орших Бор хөөврийн говийн газрын доорх усны ордоос хангахаар ҮАБЗ, Засгийн газраар шийдвэрлүүлээд байна.

Цаашид дээрх төслүүдийн ус хангамжийн асуудлын шийдвэрлэх чиглэлээр  бүх шатанд судалгаанд суурилсан нэгдсэн нэг бодлого, мэдээлэл, ойлголттой  болгох ажлыг усны асуудал эрхэлсэн яам, агентлаг, салбарын усны нөөц хэрэглэгч, ашиглагч байгууллагууд буюу хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж байгаа. . 

-Таны хувьд эрдэс баялгийн салбарын төсөвт төвлөрүүлж буй орлогын тодорхой хэсгээс Баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ярьж байсан удаатай. Энэ талаар тодруулмаар байна?

-Монгол Улсын Үндсэн хуулиар газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж,  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдэд “Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн санг бий болгохыг заасан.

Монгол Улс байгалийн арвин баялагтай, уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил хязгаарлагдмал, хөгжиж буй ангилалд багтдаг, өөрийн өвөрмөц онцлог бүхий эдийн засагтай улс юм. Байгалийн баялгаар арвин орнуудад эрдэс баялгийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийг дагаж төсвийн болон экспортын орлого, валютын ханш, эдийн засгийн өсөлт зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд хүчтэй хэлбэлзэх, орлогын тэгш бус байдал нэмэгдэх, институтийн чанар доройтох зэрэг “баялгийн сөрөг үр дагавар” гэгдэх нийтлэг шинжүүд илэрдэг. Түүнчлэн, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл болон ирээдүйн орлогын тодорхой бус байдал нь дунд, урт хугацааны макро эдийн засгийн төлөвлөлтөд хүндрэл учруулдаг. Уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал нь уул уурхайн бус аж үйлдвэрийн зарим салбарын хөгжлийг сааруулж, өрсөлдөх чадварыг бууруулан, улмаар нөөцийн үр ашиггүй хуваарилалтад хүргэдэг.

Бид уул уурхайн түүхий эдийн олборлолтоос эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үе шатанд шилжих зорилтыг тавьж байна. Энэ цаг үед бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, улс орны аж үйлдвэржилтийг дэмжсэн, дотогш чиглэсэн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байна. Өнөөгийн байдлаар энэ төрлийн төсөл, хөтөлбөр, түүний дэд бүтцийг санхүүжүүлэх шаардлагатай эрх зүйн орчин байхгүйгээс төрийн өмчит компанийн ашгаар Засгийн газраас нэг удаагийн шинжтэй шийдвэр гарган санхүүжүүлж ирсэн нь асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэх гарцгүй, урт хугацааны нэгдсэн бодлого төлөвлөлтгүй байдлыг бий болгож байна.

Иймд эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж, төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг олноор бий болгож ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг дэмжих зорилгоор баялгийн санг байгуулахаар болсон.

Баялгийн сантай болсноор Монголын Улсын эдийн засгийн бүтэц төрөлжиж, томоохон хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдэж, эдийн засгийн өсөлт дунд болон урт хугацаанд тогтвортой өсөх шууд нөлөө үзүүлнэ. Улмаар ядуурал буурч, орлогын ялгаа багасаж, нийгмийн дундаж давхаргын хувь нэмэгдэнэ.

Түүнчлэн, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, үндэсний валютын ханшийг тогтвортой түвшинд барих, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, үндэсний баялгаа арвижуулах, үр өгөөжийг нь одоо ба ирээдүй үед санхүүгийн өгөөжтэйгөөр хүртээх зэрэг эерэг үр дагавартай юм.

-Ураны асуудал дээр салбар яам ямар бодлоготой байгаа вэ?

-Уран бол бусад ашигт малтмалын адил нэгэн төрлийн ашигт малтмал. Цацраг идэвхт ашигт малтмал учраас ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтэд бусад ашигт малтмалтай харьцуулахад тусгай шаардлага тавигддаг. Монгол Улсад болон олон улсад мөрдөгддөг холбогдох хууль, журам, дүрмийг баримтлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүйгээр ураныг ашиглах асуудлыг яамны зүгээс хянаж ажиллана.

Одоогоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч Овоогийн ордод Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК туршилтын олборлолт явуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа. Туршилтын үр дүнд үндэслэн цаашид үйлдвэрлэлд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Уран олборлох төсөл нь газрыг хөндөхгүйгээр газрын гүнд уусган олборлох технологитойгоороо онцлогтой.

Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэж заасан байдаг. Ийм учраас уг “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг төрөөс хөрөнгө гаргахгүйгээр эзэмшиж байна.

-Оюу толгой төслийн далд уурхайг ашиглалтад оруулах төсөл байна. Засгийн газраас хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрийг тодорхой болгоход салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна вэ?

-Мэдээж энэ асуудал дээр улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг л нэн түрүүнд тавих ёстой. Энэ төслийн ажлын хэсэгт манай яамнаас санал хүсэлтээ хүргүүлсэн байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
EcBANKS(197.210.84.213) 2021 оны 10 сарын 19

Сайн байна уу Ec-bank, SUPPORT@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM биднийг эх орондоо төлөөлж чадах төлөөлөгчийг хайж байна.

1  |  0
EcBANKS(197.210.84.213) 2021 оны 10 сарын 19

Сайн байна уу Ec-bank, SUPPORT@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM WWW.ECTBANKS.COM биднийг эх орондоо төлөөлж чадах төлөөлөгчийг хайж байна.

2  |  0
50 инк(192.82.73.126) 2021 оны 05 сарын 24

Мэдэл МЭДЛЭГ муухан сайданцаруудын нэг

0  |  0
Top