Африкт 78 мянган жилийн өмнө амьдарч байсан бяцхан хүүхдийн булш олджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Кенийн эрэг орчмын агуйд археологичид 78 мянган жилийн настай булш олсон нь орчим цагийн хүний өвөг дээдэс үүссэн тус тивд олдож байсан хамгийн эртний булшинд тооцогдож байна.

Панга я Саиди гэх агуйгаас олдсон олдвор болох гавлын яс, муугүй хадгалагдаж, үлдсэн яснууд хоёроос гурван настай хүүхдийнх гэнэ. Харамсалтай нь эрдэмтэд хүйсийг нь тодорхойлж чадаагүй байна. Учир нь энэ насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн яс бараг ижил байдаг ба ДНХ-ийг шинжилгээ хийхэд шаардлагатай эд хадгалагдаж үлдээгүй байна.

Тиймээс археологичид хүүхдийг Мтото буюу нутгийн саухили хэлээр хүүхэд гэсэн утгатай нэр хайрлажээ. Макс Планкийн нэрэмжит Хүн төрөлхтний түүхийн хүрээлэнгийн захирал, профессор Никол Буавений хэлснээр, Мтото-г газарт оршоохоос өмнө хэн нэгэн хүүхдийг сүүлчийн замд нэр  төртэй үдэхийн тулд багагүй хугацаа зарцуулсан нь тодорхой байна. Яснуудын байрлал нь оршуулгын үйл явцыг сэргээх боломж олгожээ. Хүүхдийн биеийг даавуугаар ороож, толгой нь доор нэг ёсны дэр тавьж, булш тусгайлан газарт ухсан байна.

Хэдийгээр Африкт орчин цагийн хүн үүссэнийг баталсан олон тооны түүхэн баримт байдаг ч археологичид өнөөг хүртэл дунд палеолит буюу 30-40 мянган жилээс өмнөх үед хамаарах булш бунхныг Хар тивээс олж байгаагүй юм.

Кенийн зүүн хэсэгт нэг км үргэлжлэх эртний агуйн сүлжээ болох Панга я Саиди агуйд 2010 оноос эхлэн археологийн малтлага хийж эхэлжээ. Эрдэмтний хэлснээр, эртний булшны олдвор үнэхээр онцгой гэнэ. Учир нь эртний хүмүүс талийгчдад хүндэтгэл үзүүлдэг ёс амьтдаас ялгаатай. Хүүхдийг ийм хүндэтгэлтэй оршуулсан нь тухайн хүн зөвхөн хүрээлэн буй орчинд төдийгүй бэлэг тэмдгийн ертөнцөд амьдарч байсныг гэрчилж байна гэж Никол Баувен онцолжээ.

Олдворыг 2013 онд илрүүлсэн байна. Жижигхэн хоёр шүд олсноор археологичид хүний булш гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ. Харин Мтото-гийн булшийг дөрвөн жилийн дараа л илрүүлж, ясны хэлтэрхийнүүдийг гаргаж авахад олон сарыг зарцуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uvuu(162.158.142.134) 2021 оны 05 сарын 08

Mtoto huuhed gesen ug Swahili heleer. 75 000 joliin umnu haruud daavuu hiideg baisan gehed

0  |  0
Top