У.Ганбаатар: Гадаад хамтын ажиллагааны хүрээнд нарийн мэргэжилтэн бэлтгэх бодлого баримталж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Ганбаатартай ярилцлаа.


 -Төрийн албыг цахим тогтолцоо руу шилжүүлэх зорилттой томоохон ажил улсын хэмжээнд өрнөж байна. Дорноговь аймгийн хувьд төрийн байгууллагууд болон аймгийн Засаг даргын тамгын газарт энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор цахим хэлбэрээр зохион байгуулах зорилтыг аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, мөн 2021-2025 онд хэрэгжүүлэх Үндсэн чиглэл зэрэг олон баримт бичгүүдэд тусгасан байдаг. Чиглэлийнхээ дагуу энэ ажил манай хэлтэст харъяалагдаж, бид бодлогын үндсэн гурван зорилт тавиад ажиллаж байна.

Нэгдүгээрт, төрийн байгууллагуудад цахим хэрэглээг үе шаттай нэвтрүүлэх нөхцөлийг сайжруулна. Энэ нь төрийн байгууллагуудын хоорондын мэдээллээ солилцох, төрийн албан хэрэг, албан ажлуудаа солилцох, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт, удирдлагаас өгсөн үүрэг чиглэл гээд энэ бүгдийг шийдэх төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. 2021 ондоо 14 сум, аймгийн харъяалах 28 агентлаг уг системд бүрэн нэвтэрнэ. Улсын хэмжээнд Монгол Улсын Засгийн газраас E-Mongolia гээд үндэсний цахим хэрэглээг нэвтрүүлэх бодлогын зорилт тавин ажиллаж байгаа. Үүнтэй уялдуулаад төрийн байгууллагууд бүгд уг цахим системд нэвтэрч, төрийн ажил үйлчилгээ цахимаар явагдах юм. Хоёрдугаарт, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 72 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа. Цаашдаа бид 2021 ондоо багтаагаад нийт 118 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Киоск машинууд, аймаг орон нутгийн сайт, E-Mongolia зэрэг цахим системээр дамжуулан иргэд 118 төрлийн үйлчилгээг авах боломжтой болно. Ингэсэнээр иргэд төрийн байгууллагад биечлэн очих шаардлагагүй бөгөөд цаг хугацаа хэмнэх давуу талтай.

Гуравдугаарт, төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах явдал юм. Үндсэндээ цар тахлын нөхцөл байдалтай энэ үед төрийн үйлчилгээг цахимаар авах шаардлага үүсээд байгаа. Үүнд нийцэж ажиллахын тулд бид зайлшгүй цахим орчинд мэдээ мэдээллээ байршуулж, иргэдийг мэдээллээр хангаж байх үүрэгтэй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын www.dornogovi.gov.mn веб сайт болон 7052-1111 тусгай дугаараар дамжуулан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, мэдээ, мэдээллээ хүргэж байна. Цаашид, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй иргэдэд хүртээмжтэй хүргэх талаар анхаарч ажиллана.

-Төрийн албаны мэргэшлийн шалгалтын журам шинэчлэгдсэнтэй холбогдуулаад удирдах ажилтан болон төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай ярилцлагаа үргэлжүүлэх үү?

-Төрийн албаны зөвлөлөөс тодорхой дүрэм журмыг гаргаж, нэлээдгүй өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийг Засаг даргын Тамгын газрын дарга ахладаг. Ерөнхий шалгалт, тусгай шалгалт гэж хоёр янзаар зохион байгуулна. Ерөнхий шалгалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах дүрэмтэй ч өнгөрсөн онд ковидоос шалтгаалаад нэг удаа зохион байгуулагдсан. Өнгөрөгч сард Төрийн албаны Ерөнхий шалгалтыг зохион байгууллаа. Уг шалгалтанд 300-аад иргэд бүртгүүлсэн байна. Улсын хэмжээнд нэгэн зэрэг цахимаар зохион байгуулагддаг. Төрийн албанд ажиллах хүсэлтэй хүмүүс Ерөнхий шалгалт өгч, тэнцсэн хүмүүс нь яг тухайн байгууллагын ажлын байран дээрээ тусгай шалгалт өгдөг. Тухайн ажлын байрны шаардлагыг хангасан, ерөнхий шалгалтанд тэнцсэн, нөөцөд бүртгэлтэй тохиолдолд тусгай шалгалтанд орох эрхтэй. Тусгай шалгалтандаа тэнцсэнээр төрийн албанд ажиллах эрхтэй болдог.

-Ковид-19 халдвар Улаанбаатар хотод өндөр тархалттай байна. Аймгийн Онцгой комисс одоогоор ямар зохион байгуулалттай, хэрхэн ажиллаж байна вэ?

 -Дорноговь аймагт Коронавирусын цар тахал бүртгэгдсэнээс хойш аймгийн Онцгой комисс тогтмол үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, төрийн албан хаагчаас бүрдсэн 130-аад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Онцгой комиссын Шуурхай штаб 14 сумын Онцгой комисстой цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдсан. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон голомтот бүс нутгаас ирж байгаа иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 03-р сарын 15-ны 06.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байгаа. Мөн Засгийн газрын тогтоолд заасны дагуу зайлшгүй зорчих иргэдээс (Ковид-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн бүрээс төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ авч аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхээр тус тус шийдвэрлэсэн. Ер нь Аймгийн Онцгой комиссоос цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгаа эрүүл бүс хэвээр байлгахын тулд чиглэл, чиглэлдээ хамтран ажиллаж байна.

-Иргэдээс ямар чиглэлд түлхүү өргөдөл, гомдол ирж, түүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Иргэдээс төрийн байгууллагад өгөх гомдол саналыг хүлээн авах хуультай бөгөөд хуулийн хүрээнд шийдвэрлэх хугацаа 30 хоног байдаг. Гэхдээ бид энэ хугацааг хүлээхгүй дор дор нь шийдвэрлэж байна. Иргэдээс тусламж дэмжлэгтэй холбоотой санал хүсэлтүүд, мөн төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал, ашиг сонирхлын зөрчил, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол саналууд түгээмэл ирдэг. Бид өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлж тухайн иргэний санал хүсэлтийн хариуг өгч байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, олон нийтийн газраар явуулахгүй байхад анхааран, өргөдөл гомдол хүлээж авах 70521111 утас ажиллуулж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын веб сайтад өргөдөл гомдол хүлээж хэсэгт өгч болно. Иргэд цахим хуудсаар дамжуулан өргөдөл гомдлоо гаргаж болно. Мөн бид иргэдийн өргөдөл гомдлыг газар дээр нь шийдвэрлэх, санал хүсэлтийг сонсох танхим гаргасан байгаа. Энэ танхимд өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ гаргах боломжтой. Ямар нэгэн төрийн албан хаагч, удирдлагатай ганцаарчлан уулзаж, санал хүсэлтээ илэрхийлэх бол тэр өрөөнд сууж мэдээлэл, санал хүсэлтээ гаргах зэрэг зохицуулалт хийсэн. Төрийн байгууллагуудын үүдэнд санал, хүсэлтийн хайрцаг ажиллуулж байгаа.

 -Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Төрийн албан хаагчдад ёс зүйн шаардлагыг нэгдүгээрт тавьж, хоёрдугаарт мэдлэг боловсролыг, гуравдугаарт сахилга хариуцлагатай байх шаардлагыг тавьж байна. Бодлогын баримт бичигт “Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, шинэ соёлыг төлөвшүүлнэ” хэмээх зорилт тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын албан даалгаврыг төрийн байгууллагууд, агентлагууд, 14 суманд хүргүүлсэн байгаа. Үүнд төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой нэлээн олон чиг үүргүүд, ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулах тухай тусгагдсан. Түүнээс гадна бид төрийн албан хаагчдынхаа дунд энэ чиглэлээр болзолт уралдаан, ёс зүйтэй холбоотой иргэдийн гаргаж байгаа санал хүсэлт дээр үндэслэж тухайн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх зэрэг ажлуудыг хийж эхлээд байна. Товчхондоо төрийн байгууллагууд төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээр анхаарч ажиллаад эхэлсэн гэж ойлгож болно.

-Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны тал дээр энэ онд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай аймгийн хувьд гаднын олон муж хотуудтай хамтын ажиллагаа тогтоож, санамж бичиг байгуулж, гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Тухайлбал БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг улстай хамтын ажиллагаатай. Энэ жил Дорноговь аймаг, Япон улсын Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, дараагийн 10 жилд юу хийх вэ гэдэг санал хүсэлтээ тавьж, харилцан санал бодлоо солилцоод, ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай цахим хурал хэлэлцүүлэг хийж байна. Дорноговь аймаг 2021 оныг “Бизнесийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулаад тухайн өндөр хөгжилтэй орны үйлдвэрлэл технологи, хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан, хүлэмжийн аж ахуй, өрхийн үйлдвэрлэл зэргээс орон нутагтаа шинэ технологийг нэвтрүүлэх, хэрхэн яаж ажиллах талаар суралцах, хоёр талын хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр ярьж байна. Мэдээж үүнээс гадна эрүүл мэнд, боловсролын талаар хамтын ажиллагаа тогтоох, мэргэжлийн их дээд сургууль, сургалтын байгууллагуудтай хамтарч ажиллах, сайн дурын багш нарыг ажиллуулах зэрэг олон ажлууд байна. Дорноговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр "Хөрш болон өндөр хөгжилтэй орнууд, тэдгээрийн муж, хотуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон тулгуурт гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ" хэмээн заасан. Тус бодлогын баримт бичгийн дагуу Дорноговь аймаг нь хөрш болон өндөр хөгжилтэй орнуудын муж, хотууд, олон улсын байгууллагуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал Дорноговь аймаг нь БНХАУ, ОХУ, Япон, АНУ, БНСУ, БНЭУ-ын Элчин сайдын яамдуудтай, Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, БНХАУ-аас Замын-Үүд суманд суугаа Ерөнхий Консулын газар, "Жайка" Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, "Койка" Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг, "Near" Зүүн хойд азийн нутгийн захиргаадын холбоо, Азийн хөгжлийн банк гэх мэт бүс нутгийн болоод олон улсын томоохон байгууллагуудтай нийгэм, эдийн засгийн өргөн хүрээнд хамтран ажилладаг. Япон улсын Шизүока мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны тэмдэглэлт ойн хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг "Ахлах ангийн сурагч солилцоо" хөтөлбөр, "Төрийн албан хаагчийн богино болон урт хугацааны сургалт"-ыг явуулахаас гадна аймгийн бохир ус цэвэршүүлэх "Өвсний үндэс" төслийг хэрэгжүүлнэ. Мөн БНЭУ-ын "JMC Projects (India) Ltd" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" байгуулах төслийн талбайн дэд бүтцийн барилгын ажлыг амжилттай эхлүүлээд байна.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд юу байна вэ. Юун дээр анхаарах ёстой гэж харж байна вэ?

 -Мэргэшсэн, хариуцлагатай төрийг төлөвшүүлэх хүрээнд төрийн бодлогын залгамж чанар, хүний нөөц гээд сүүлийн үеийн тулгамдсан асуудлууд бий. Мал эмнэлэг, барилга зэрэг салбарт мэргэжлийн боловсон хүчин ховор байна. Орон нутагт дэд бүтэц, аж үйлдвэрийн чиглэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа энэ үед нарийн мэргэжлийн мэргэшсэн инженер техникийн ажилтнууд дутагдалтай байна. Тэгэхээр энэ чиглэлд бид мэргэжлийн боловсон хүчнээ орон нутгаасаа бэлдэх, цаашдаа гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд нарийн мэргэжилтэн бэлтгэх бодлогыг баримталж байгаа. Мөн төрийн албанд жендерийн мэдрэмжтэй бодлого баримтлах бодлогын зорилт тавьсан. Тиймээс бүх төрийн байгууллага, сумдууд руугаа аливаа шийдвэр гаргах, ямар нэгэн ажлын хэсэг томилоход жендерийн мэдрэмжтэй бодлого баримталж ажиллах ёстой гэдэг чиглэлийг өгч байна. Ер нь бид аймгийн Засаг даргын захирамжаар цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, түүнийг хүргэхдээ сумдууд болон аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээг цахим хэрэглээнд нэвтрүүлж, угтах үйлчилгээ маягаар зохион байгуулж ажиллуулъя гэдэг чиглэлийг барьж байна. Угтахаас гадна хөтөлж үйлчилье гэсэн үг. Иргэдийг ямар асуудлаар явна, тэр чиглэлийн холбогдох албан тушаалтанд нь холбож өгөх, дээрээс нь цахим үйлчилгээгээр дамжуулаад бүх мэдээлэл лавлагаа зэргийг газар дээр нь түргэн шуурхай гаргаж үйлчлэх нөхцөл бололцоогоор хангахад илүү анхаарч байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
?!(192.82.85.167) 2021 оны 05 сарын 04

bas l gadaad....

1  |  0
Top