А.Трусова Э.Тутберизегийн багт эргэн ирлээ

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

Жилийн өмнө хөлийг нь тэшүүрийн эрдэмд сургаж, хүзүүнд нь медаль цуглуулж өгсөн Этери Тутберизегийн багаас дуулиан шуугиантайгаар олимпийн хошой аварга Евгений Плющенкогийн баг руу одсон Александра Трусова яг нэг жилийн дараа багшдаа, баг хамт олондоо эргэн ирлээ.

Этеригийн удирдлага доор Саша идэрчүүдийн ангилалд дэлхийн хошой аварга болж, дөрвөн эргэлттэй лутц, тулуп, флип үсрэлтийг Олон улсын тэшүүрийн холбооны (ISU-International Skating Union) тэмцээнд эмэгтэйчүүдээс анх амжилттай гүйцэтгэн “Quad Queen” хэмээн өргөмжлөгдсөн билээ. Гэвч насанд хүрэгчдийн ангилалд орсноосоо хойш гол тэмцээнд үргэлж нэг багийн А.Косторная, А.Щербакова нарын ард орж, 2020 оны Европын аварга, Гран при финалд аль алинд хүрэл медаль хүртсэн.

Хэдийгээр Саша Трусова “ультра-си” буюу хамгийн хүнд хэцүү техникийн элементийг гарамгай эзэмшсэн ч тогтвортой амжилттай гүйцэтгэл түүнд дутагдаж байсан юм. Тиймээс ч энэ л алдаагаа засах, улмаар цэвэр гүйцэтгэлтэй гулгах зорилготой Плющенкогийн  багт ирсэн гэдгээ мэдэгдэж байсан.

Харин Плющенкогийн «Сахиусан тэнгэр» -ийн нэг болоод ч байдал дээрдсэнгүй. ОХУ-ын цомын хоёр гараанд түрүүлсэн ч цэвэр гулгалт гүйцэтгэж чадахгүй хэвээр л. Москвагийн гараанд бүүр дөрвөн удаа унаж, сүүлийн дөрвөн жилд анх удаа медалийн тавцанд зогссонгүй. ОХУ-ын аваргаар богино үзүүлбэртээ гурвалсан аксельгүй, чөлөөт үзүүлбэртээ ердөө хоёр дөрвөн эргэлттэй үсрэлт хийж байж цэвэр гулгасан ч ахиад л хүрэл медаль.

Ингээд 2021 оны ДАШТ боллоо. Трусова богино үзүүлбэртээ арай л дэндүү их алдаа гаргаснаар дөнгөж 12-р байрт бичигдэв. Чөлөөт үзүүлбэрт шийдсэн “мэх” хийж, дөрвөн эргэлттэй үсрэлт таван удаа хийж, өрсөлдөгч нар нь бас алдаа гаргаснаар хүрэл медаль зүүснийг уран гулгалтын хорхойтнууд мартаагүй байгаа биз ээ.

Сар гаруйн дараа 17 нас хүрэх Трусовагийн гол зорилго нь мэдээж “Бээжин-2022” өвлийн олимпод амжилттай оролцож, аварга болох.  Өнгөрсөн жилийн хугацаанд том зорилгод Этери багш нь л хүргэх боломжтойг ойлгосон бололтой. Тутберизегийн багаас Плющенкогийн баг руу явсан Алёна Косторная олны өмнө уучлал гуйн байж “ Сэгсгэр ч гэсэн багш минь, сиймхий гэсэн гэр минь” гэсээр багтаа эргэн ирсэн, саяхан. Одоо бас Александра Трусова “дассан газрын даавуу зөөлөн” гээд буцаад ирж байна. Харин багшдаа, багтаа итгэн үлдсэн Анна Щербакова Алёна, Александра хоёрыг “нүүр бууруулан” явсан хойгуур ОХУ-ын аваргаар гурав дахь жилээ дараалан тодорч, энэ жил дэлхийн аварга хэмээх алдрыг хүртээд сууж байна даа.

Ямар ч байсан сүүлийн хоёр жил уран гулгалтын ертөнцөд гайхамшигт амжилт үзүүлсэн “ супер гурвал-Анна, Алёна, Александра” багшдаа, багтаа дахин цуглалаа. Гайхамшиг үргэлжлэх биз ээ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top