Төрийн Думын сонгуульд өрсөлдөхөө зарласан орос тамирчид

2021 оны 04 сарын 30

Ирэх намар буюу есдүгээр сард ОХУ-д Төрийн Думын сонгууль болно. Мөн орон нутгийн сонгуультай. Орон нутагт ихэнхдээ тухайн нутгийн амжилттай яваа бизнес эрхлэгч сонгогддог бол Төрийн Думд алдартнууд сонгогддог “уламжлалтай”. Жишээ нь тамирчид. Улс төрд орсон ихэнх тамирчин эрх баригч Единая Россия намын гишүүн. Гэхдээ алдарт тамирчдыг зодог тайлахаас нь өмнө энэ нам эгнээндээ нэгтгэдэг гэвэл илүү бодитой.

ОХУ сонгуулийн холимог системтэй. Депутатуудын нэг хэсгийг намын шугамаар, харин зарим хэсгийг нь нэг мандаттай тойргоор буюу тодорхой хүнийг сонгодог.

Одоо Төрийн Думд 15 тамирчин депутат байгаа. 14 нь эрх баригч Единая Россия намынх бол нэг нь Справедливая Россия намын гишүүн. Ирэх сонгуульд тэдний хэд нь дахин дэвших бол? Дахин сонгогдох бол?

Ингээд одоогийн байдлаар Есдүгээр сарын сонгуульд нэрээ дэвшихээ зарлаад байгаа тамирчдыг танилцуулья.


  • Цанын спортын Хатан хаан, олимпын 3, дэлхийн 14 удаагийн аварга, ОХУ-ын Цанын холбооны тэргүүн Елена Вяльбе ирэх намар Единая Россия намаас Иванов мужид нэр дэвшинэ. Тэрээр нэг мандаттай тойргт өрсөлдөх юм.
     


 

  • Биатлоны дэлхийн аварга Антон Шипулин 2019 онд Серов мужид нөхөн сонгуулиар Төрийн Думд сонгогдсон. Депутат байх нь түүнд таалагдсан бололтой. Энэ жил дахиад Серов мужид өрсөлдөх болжээ.
     


 

 

  • Биатлоны олимпын хошой, дэлхийн хошой аварга Сергей Чепиков 2016 оны депутат. Тэр энэ жилийн сонгуульд нэр дэвшихээ хамгийн түрүүнд зарласан.
     
  • Тэшүүрийн олимпын аварга Игорь Малков Төрийн Думд Единая Россия намаас намын жагсаалтаар орох болно.
     
  • Дакар наадмын аварга тамирчин Сергей Карякин энэ жил сонгуульд өрсөлдөнө. Төрсөн нутаг Свердловск хотын сонгуульд оролцох ч зодог тайлахгүй гэдгээ зарлаад байгаа.
     

 

  • Хоккейн ОУХМ, Магнитка багийн захирал Сергей Гомоляко Челябинскт нэр дэвшинэ. Гэхдээ тэр эхлээд Единая Россия нам дотроо өрсөлдөнө. Төрийн Думд яагаад орох хүсэлтэй байгаагаа тэр “Хүүхдүүд гар утас, компьютерээ орхиж, спортоор хичээллээсэй гэж хүсэж байна. Хоккей тоглохын тулд дэд бүтэц хэрэгтэй. Энэ бүхний төлөө ажиллана” гэж тодорхойлжээ.
     
  • Алдарт шатарчин, дэлхийн аварга Анатолий Карпов депутат болоод 12 жил өнгөрчээ. Тэр Төрийн Думын Үндэстний асуудал эрхэлсэн байнгын хорооны дэд дарга. Ирэх намар тэр Тюмень мужид өрсөлдөнө.
     

 

  • Жиү жицүгийн найман удаагийн дэлхийн аварга Павел Коржавых ч мөн адил Единая Россия намын гишүүн. Тэр 2014 онд Полянск тосгоны зөвлөлийн гишүүн байхдаа дэлхийн авара болж байв. Энэ удаа чансаа ахиж, Ленинград мужаас Төийн Думд нэрээ дэвшүүллээ. “Өөрийгөө харуулж, улс орон, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой” гэж тэр хэлсэн.
     


 

  • Уран сайхны сэлэлтийн олимпын таван алтан медальтай Наталья Ищенко Калининградск мужид, мэдээж ЕР намаас өрсөлдөнө. 2017 онд зодог тайлаад тэрээр Калининградск мужид Спортын сайдын алба хашиж байлаа.
     

 

  • Москва мужийн Спортын сайд Роман Терюшков (хөлбөмбөгийн Химки) Төрийн Думд нэрээ дэвшүүлсэн. Роман “Амьдралын туршлага минь намайг депутат болоход хангалттай хэмжээний мэдлэг, боловсролтойг харуулж байна” гэж хэлсэн билээ.
     
  • Кикбоксын дэлхий, Европын аварга Александр Захаров орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ.
     
  • Уран гулгалтын олимпын 3 удаагийн аварга Ирина Роднина дөрөв дэх удаагаа Төрийн Думийн сонгуульд өрсөлдөнө. 71 настай Ирина Думд 2007 оноос хойш сууж байгаа.
     


 

  • Олимпын 3, дэлхийн 10 удаагийн аварга Владислав Третьяк өнгөрсөн гуравдугаар сард Ульяновск мужаас дэвшихээ зарласан. Третьяк 2003 оноос Төрийн Думд ажиллаж байна. Тэрээр “Тамирчин хүний хувьд би залуучуудын спортоор хичээллэх бүх нөхцлийг бүрдүүлэх хүсэлтэй. Тэд бол манай ирээдүй. Залуусаа эрүүл чийрэг хүн болгон хүмүүжүүлэх нь миний үүрэг” гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.69.80) 2021 оны 04 сарын 30

Серов муж гэж ямар муж байна сэтгүүлч ээ, тийм муж байдаг юм уу, муж гэдэг чинь область биз дээ

0  |  0
Top