“Рио Тинто” гэдийж, Тусгай хорооны дүгнэлт ХОЙШИЛСООР

2021 оны 04 сарын 30

Монголын Засгийн газар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд /LCIA/ Оюутолгойн асуудлаар СӨРӨГ нэхэмжлэл гаргах хугацаа өнөөдөр /2021.04.30/ юм. 

Засгийн газраас өгч буй мэдээллээр хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийг өнөөдрийн дотор өгнө гэж байна. Засгийн газар  2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа  зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэрийг албан ёсоор гаргасан билээ.

Тэгэхээр уг шийдвэрийн хүрээнд, Арбитрын бүрэлдэхүүнээс оноосон дөрөвдүгээр сарын 30-ны хугацаанд багтаж, Монголын Засгийн газар сөрөг нэхэмжлэлээ гаргах ёстой.

Засгийн газраас энэ сарын 21-ний өдөр өгсөн мэдээллийг эргэн сануулъя.

Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес" компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна гэсэн юм.

"Оюу Толгой" ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу Толгой" ХХК 2020 оны  хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан. Гэвч "Оюу толгой" ХХК 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм. Татварын шинэ актын талаар тодотгоход, Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан гэж Засгийн газраас мэдээлсэн.

Сануулахад, Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Хөрөнгө оруулагч тал Лондоны арбитраас маргаанаа түр хойшлуулах санал гаргасныг манайх хүлээж аваагүй” гэсэн мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр өгч байсан билээ.

Тэгвэл үүнээс нэг хоногийн дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд “Оюу Толгой” ХХК Лондоны олон улсын арбитрт 2020.02.20-ны өдөр гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлэх ёстой байсан юм. Түрүүн хэлсэнчлэн татварын шинэ акттай холбоотойгоор  тус компанийн  зүгээс нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн гэсэн үг.

Монголын Засгийн газар болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч талуудын маргааны нэг хэсэг ийнхүү Арбитрын процессын дагуу өрнөж буй бол талуудын нүүр тулсан хэлэлцээгээр асуудлууд шийдэгдэх эсэх нь эргэлзээ дагуулж буйг тодотгоё.

"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллах үүрэгтэй Засгийн газрын Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөллүүдтэй хэлэлцээний ширээнд суусныг мэдээлж байсан билээ.

Тэгвэл хоёр дахь уулзалтыг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хийхээр  тохиролцсон ч, “Рио Тинто”-гийн зүгээс хойшлуулсаар өнөөдрийг хүртэл дахин албан ёсны уулзалт хийгдээгүй байгаа юм.

Хэлэлцээ хэрхэн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшигч, төрийн өмчит "Эрдэнэс Оюутолгой" ХХК-иас дөрөвдүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэл гаргалаа. Мэдээллийн агуулга нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоогийн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр илэрхийлсэн байр суурийг давтсан байв.

Тодруулбал, “Рио Тинто” компани Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороонд мэдээлэл өгөхөөс татгалзаж байгааг мэдэгдсэн юм.

Оюутолгой төслийн Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх талаар   “Рио Тинто”,  “Туркойз Хилл Ресурс” компаниудын дунд асуудал үүсээд буйтай зэрэгцэн ТУСГАЙ ХОРОО байгуулах шийдвэр гарсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тусгай хороо дөрвөн гишүүнтэй. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэж буй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэсэн мэдээллийг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд өгч байсан.

Тэгвэл үүнээс хойш таван сарын хугацаа өнгөрөөд байна. Тусгай хорооны шинжээчдийн зүгээс хараат бус дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээллүүдийг “Рио Тинто” компани гаргаж өгөхөөс татгалзаж буйд Монголын Засгийн газар шүүмжлэлтэй хандаж байна.

Дэлхийн 35 улс оронд үйл ажиллагаа явуулж буй “Рио Тинто” групп энэ жил 148 нас хүрч байгаа юм. Олон арван жил тив дамнан үйл ажиллагаа явуулахдаа бизнесийн соёл, компанийн засаглалын сайн жишгүүдийг бий болгосон гэх тус групп Монгол Улсад ч тэрхүү жишгээ хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэй гэсэн байр суурийг Засгийн газраас илэрхийлж буй юм.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн мэдэгдлээс эшлэхэд:

“Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан. Гэсэн хэдий ч “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар тогтоол батлагдсаны дагуу “Рио Тинто” компанийн зүгээс хөндлөнгийн хяналт, шалгалтын ажлыг бүрэн дэмжиж, хамтарч ажиллахаа Монгол Улсын Засгийн газарт удаа дараа илэрхийлсэн...

Гэсэн  ч хөндлөнгийн шинжээчдийн Тусгай хороогоор дамжуулан хүссэн, хяналт шалгалтын ажилд шаардлагатай, Оюутолгой төсөлтэй холбогдох техникийн тайлан болон төслийн менежменттэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчдэд гаргаж өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзсаар байна.

Гүний уурхайн төслийн явцыг бүхэлд нь шалгаж, төслийн алдаа, дутагдал, сургамжаас суралцах зорилгын хүрээнд энэхүү хөндлөнгийн хяналт шалгалтыг эхлүүлсэн. “Рио Тинто” хөндлөнгийн шинжээчдээс шаардсан мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа нь шинжээчдийн ажилд хүндрэл учруулж, хяналт шалгалтын эцсийн тайлан гарах хугацааг хойшлуулж байна. Тусгай хороо нь хяналт шалгалтыг ил тод байдлаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын сайн туршлага, комплайнс стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Тусгай хорооны ажлыг “Эрдэнэс оюу толгой” ХХК бүрэн дэмжиж байна.

“Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсес” Лимитэд компаниуд энэхүү хяналт, шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэн хөндлөнгийн шинжээчдээс шаардсан бүх мэдээллийг цаг алдалгүй гарган өгч, өөрсдийн техникийн ажилтнуудыг хөндлөнгийн шинжээчидтэй харилцаж мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллахыг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК шаардаж байна. Хэрэв “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсес Лимитэд” компаниуд хөндлөнгийн хяналт шалгалтад үргэлжлүүлэн саад учруулж, мэдээлэл өгөхгүй байвал “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл авах эрхээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж байна. “Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх үүргээ төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа “Рио Тинто” компани зөрчиж байгааг дурдья.” гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bud(172.58.45.42) 2021 оны 04 сарын 30

Huuj gargaa huuli busaar hiisen yamarch geree huchigui.

0  |  0
Bud(172.58.45.42) 2021 оны 04 сарын 30

Huuj gargaa huuli busaar hiisen yamarch geree huchigui.

0  |  0
Bud(172.58.45.42) 2021 оны 04 сарын 30

Huuj gargaa huuli busaar hiisen yamarch geree huchigui.

0  |  0
Зочин(192.82.87.166) 2021 оны 04 сарын 30

.... оруулсан хөрөнгөн дээр эвтэйхэн зохицож тохиролцоод дэвшүүлэн зайлуулчихаж болдоггүй л юм байх даа.

0  |  0
ХА ХА ХА(66.181.161.78) 2021 оны 04 сарын 30

МОНГОЛ БОЛ МОНГОЛ ХҮНД ОЙЛГОХООР МОНГОЛООР БИЧ.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 30

Ankhanaasal lyivariin asyydaltai delkhiin aldar erdenes lyivardag kompaniig medseer baij.Odoo yg dyygyi aigaad baikh asyydalgyi.Ekh oronchidol bol shyyd turiin khycheer zogsooj khaakh kheregtei.Etsen yls uymaa meddegiig erkhiig NYB1966 ond batalsan.Khakhyylchid mapchisan nam turd baigaa bolokhoor byged khakhyyliin tuluu buuj ugj bna.Ard tymen bykh niiteerei shiidej chadana shyy.Mash ikh bayalag udur shungyi zyi orokh tsaigyi tom mashinii zuvaagaar tsuusuurul bna.Yag yyntei adil NEPTiig yag ingej 30 jil zuuj bna.Ene nam olgiarkhyydiig sunuukh bolson.Ard tymen nokhoinii khool zeelj idej bna.

0  |  0
Top