Оюутолгойн асуудлаар СӨРӨГ нэхэмжлэл гаргахаар боллоо

2021 оны 04 сарын 21

Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес" компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна. 

"Оюу Толгой" ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу толгой" ХХК 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан.

Гэвч "Оюу толгой" ХХК 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм. 

Татварын шинэ актын талаар тодотгоход, Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Сануулахад, “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өчигдөр  /2021.04.20/ хуралдсан.

 

Уг хуралдаанаас:

 

  • “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх,

 

  • Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.

 

Оюутолгой төслийн  төслийн үр өгөөжийг цаашид нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, дүгнэлт гаргах үүрэгтэй Түр хорооны гишүүд асуудалдаа "жижигдэж" байна гэх шүүмж дагаж буйг дурдахад гэмгүй байх. Үндэстэн дамнасан том групп, компанитай асуудал шийдэх гэж буй энэ үед бид дотооддоо бага улс төржвөл хэрэгтэй болов уу.

Оюутолгой төслийн асуудлаар Засгийн газрын Ажлын хэсэгтэй хэлэлцээ хийхээр Улаанбаатарт ирсэн Б.Болд ахлагчтай “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ын төлөөлөгчид дөрөвдүгээр  сарын 12-ны даваа гарагт эхний уулзалтыг хийсэн. Эхний уулзалт болохоос гурван  өдрийн өмнө  “Туркойз Хилл Ресурс”,  “Рио Тинто” компаниуд  Оюутолгой төслийн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчлэн, гэрээ байгуулсан юм. 

12-ны өдрийн уулзалтын тухайд хэлэлцээ гэхээсээ асуудалтай танилцах чиглэлийн оршил маягийн уулзалт болоод өнгөрсөн. ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонго байр сууриа илэрхийлэхдээ даваа гарагийн уулзалтын үргэлжлэл болсон уулзалтууд  тухайн долоо хоногт болох байх гэсэн хүлээлттэй байна гэж байсан ч өнөөдрийн тухайд  тодорхой мэдээлэл байхгүй байна.

Б.Солонгоо Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүлэх гэрээний эхний төслийг манай тал гаргах ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан.

Мөн тодотгоход, Ерөнхийлөгч Х.Баттулга /2021.04.09/ чуулганы хуралдаанд үг хэлэхдээ Монгол Улс Оюутолгойтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаснаар хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай хамтран ажиллах онцгой цаг үе тохиосон байна” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах асуудлаар холбогдох арга хэмжээ авах тухай зарлигийг Засгийн газарт хүргүүлснээ мэдэгдсэн билээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно” гэсэн юм.

Үүнээс 8 өдрийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нд Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар  “Оюутолгойн хэлэлцээг улстөржүүлж Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв болгомооргүй байна. Хэлэлцээрийн ширээний ард нэгдмэл байр суурьтай суух боломжгүй байдал үүсээд байгаа...” гэсэн байр суурийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр илэрхийлсэн. Тодруулбал, Оюутолгойтой холбоотой зарим асуудлыг Монголын Засгийн газрын Ажлын хэсэг, төслийн менежмэнтийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-той нүүр тулсан хэлэлцээ хийх байдлаар бус Арбитрт сөрөг нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь Ажлын хэсгийн зарим гишүүдээс гарсныг Х.Нямбаатар сайд мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Засгийн газар  уг асуудлыг хэлэлцэн, татварын асуудлаар СӨРӨГ нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэлээ

Оюутолгой төсөлтэй холбоотой яригдаж буй асуудлуудыг яг ямар эрэмбэ дарааллаар шийдэх нь бидэнд хэрэгтэй вэ гэдэгт хуульч, арбитрч Т.Алтангэрэл дараах хариултыг өгч байсныг сануулъя.

-Үүсээд буй үл ойлголцол, маргааныг хоёр хэсэгт бүлэглэж болно. Эхний бүлэгт 34 хувьд оногдох зээл хэлбэрийн хөрөнгө оруулалт, зардал, хугацаа хэтрэлт, ногдол ашигтай холбоотой хувь нийлүүлэгчдийн хүрээнд шийдвэрлэх асуудлууд байна. Дээр хэлсэнчлэн Оюутолгой төсөл нь олон асуудал дагуулсан, өнгөрсөн хугацаанд Монголын талын эрх ашиг ихээр хохирч байгааг одоо хэлэлцээрийн шугамаар үндсэн гэрээнүүд, Дубайн гэрээ зэрэгт өөрчлөлт хийх болон бусад байдлаар засч залруулах ажлыг шат дараатай хийх шаардлага бодитой бий болчихлоо. Дубайн гэрээ нь далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтийг шийдвэрлэхэд түлхэц болсон ч олон хуулийг зөрчсөн, “Оюу Толгой” компанийн  бүх лиценз, биет болон биет  бус хөрөнгийг УИХ-д танилцуулалгүй олон улсын 15 банкинд барьцаалсан, Монголын талыг цаашид хөдөлшгүй болгосноороо их эрсдэлд оруулсан. Төслийн зардал хэтрэлтийн асуудал анх үүсэхэд тэрийг Монголын талын эрх ашигт нийцүүлэх байтал хүлээн зөвшөөрсөнөөрөө хөрөнгө оруулагчтай хариуцлага ярихад хүндрэлтэй болгосон. Тэгэхээр далд уурхайн бүтээн байгуулалтын 4,4 тэрбум ам.долларын зээлийн төслийн санхүүжилтийн асуудлыг цаашид Монголын хуульд нийцүүлэн засах, үндсэн гэрээнүүдтэй хамт өөрчлөх,  “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгийг барьцаалж зээл босгож, Монголын талыг эрсдэлд оруулж байгаа тул 34  хувьд ногдох хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээс өөрчилж, хүүнээс чөлөөлөх хүртэл саналыг тавих боломжтой байж болох юм.

Дараагийн бүлэгт Монгол Улсын хуулийн хүрээнд тогтоосон арга аргачлалыг хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой төр, татвар төлөгчийн хоорондын асуудлууд байна. Миний бодлоор олон улсын арбитрт очсон татварын маргаан нь 300-400 сая ам.доллароор хязгаарлагдахгүй цаашид энэ төслийн үргэлжлэх хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих жишиг маягийн шийдвэр болохын хувьд хэдэн арван тэрбум ам.доллароор хэмжигдэх учраас Монголын тал энэ асуудал дээр нэлээн сайн хүн хүчээ төвлөрүүлэх нь зүйтэй байх.

Татвартай холбоотой Олон улсын арбитрын маргааныг шийдвэрлэх энэ явцад Монголын тал өмнө байгуулсан аливаа гэрээ хэлэлцээрээ өөрчлөх саналаа хэзээ яаж тавих нь нарийн бодолцох асуудал болох байх. Татварын маргааныг нааштай шийдвэрлэсний дараа хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх үү, эсвэл нь зэрэгцээд хэлэлцээрээ хийгээд явах уу, ингэвэл татварын маргаанд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй болно” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top