Хятадын хүчирхэгжил хийгээд Монголд тулгарч буй сорилтууд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

Америкийн TIME сэтгүүлийн Ази номхон далайн бүс нутгийн геополитик, улс төрийн талаар голлон бичдэг Чарли Кембэлл сэтгүүлч Монгол Улс болон БНХАУ-ын харилцаа, Хятадын хүчирхэгжил хүн ам цөөтэй, бага буурай Монгол Улсад чухам ямар сорилт тулгарч буй талаар онцлон нийтэлсэн байна. Нийтлэлийг орчуулан хүргэж байна. 


Цаг хугацааны хүрдийг ухраагаад 2014 оны наймдугаар сард очицгооё. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй үдийн зоог барив. Монгол Улс гаднын төрийн тэргүүдийг хүлээн авдаг дэг жаягийнхаа дагуу боловч Хятадын талын зөвлөмжийн дагуу Си Зиньпинийг хүлээн авсан юм. Тэгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд бүжиглэх ийм олон өрөө байдаггүй” гэж хошигнож, инээдэм болж байлаа. Улаанбаатарын өмнө хэсэгт байрлах Ерөнхийлөгчийн ордонд хүлээн авахдаа монголын уламжлалт шарсан мах, бяслаг, бууз тэргүүнээр дайлав. Үдийн зоогийн үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар хэд, хэдэн эмзэг асуудлуудыг хөндөн ярилцсан юм. Монголын талаас угсаа нэгт Өвөр Монголчуудыг Монгол Улсын газар нутгаар чөлөөтэй зорчих асуудлыг хөндөв. Түүнчлэн хуучин цагт БНХАУ газар нутагтаа нэгтгэх, алгуур уусгах бодлого баримталж байсныг, түүгээр ч үл барам Түвдийн оюун санааны удирдагч, Буддын шашны тэргүүн Далай ламын асуудлыг ч ярилцсан юм. Энэ айлчлалын дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж TIME сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Үнэхээр онцгой байсан. Си Зиньпин дарга парламентын чуулганд үг хэлэхдээ Монгол Улсын тусгаар тогтнол,газар нутгийн бүрэн байдал, амьдралын хэв маяг зэргийг хүндэтгэнэ гэсэн нь үнэхээр сайхан сонсогдсон” гэж дурдсан байдаг.

Дээр дурдсан үйл явдал бол Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүн байх 2009-2017 оны хугацаанд Си Зиньпинтэй уулзсан 30 гаруй тохиолдлын ердөө нэг нь байсан юм. Энэ хугацаанд хоёр талын харилцаа “иж бүрэн стратегийн түншлэлд” шилжих эхлэл тавигдаж, улмаар 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин ч дараагийн шатанд шилжихийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн билээ. Гэхдээ энд нэг ньюанс бий. Ц.Элбэгдорж албан тушаалаа өгсний дараа БНХАУ-ын баримталж буй бодлогыг бүс нутагтаа шүүмжилж буй цөөн хэдэн улстөрчдийн нэг болсон юм. Ялангуяа Өвөр Монголын хэл, соёлыг хязгаарлах бодлогыг хүчтэй шүүмжилж байгаа нэгэн. Өвөр Монгол нь АНУ-ын Аризона мужаас дөрөв дахин том газар нутагтай, тав орчим сая монгол угсаатнууд аж төрдөг. Энэ нь Монгол Улсын хүн амаас 50 хувь илүү гэсэн үг. Өвөр Монголын  бүх шатны боловсролын байгууллагууд 2020 оны есдүгээр сар хүртэл монгол хэлээр хичээл ордог байлаа. Үүнээс хойш ерөнхий эрдмийн хичээлүүдийг хятад хэлээр орохоор болж, туслах хэд, хэдэн хичээлийг монгол хэлээр заахаар болжээ. Угсаатны судлаачид Хятадын дээрх бодлогыг монго хэл устаж үгүй болоход шууд нөлөөлнө гэж дүгнэж буй. Үүнийг ч олон улсад шүүмжилж байгаа. БНХАУ-ын засаг захиргаа мэдэгдэхдээ монгол хэлийг хүндэтгэн үздэг бөгөөд  дээрх шийдвэр нь хятад хэлтэй төгсөгчдийн тоог нэмэх зорилготой гэж үзэж байгаа аж. Шийдвэрийн дараа Хөх хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийг өдөөсөн нь хөрш Монгол Улсад нь ч давтагдаж, Хятадын удирдлагуудыг энэ шийдвэрээ эргэн харахыг шаардан тайван жагсаал зохион байгуулсан. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар дахь Хятадын элчин сайдаар дамжуулан БНХАУ-ын дарга Си Зиньпинд илгээсэн захидалдаа “Монгол угсаатны эх хэлээр дамжуулан бие даасан бүтэн угсаатныг татан буулгах, цаашлаад устгах санаархал нэмэгдэж байгаад харамсаж байна” гэж дурдсан байв. Уг захидлыг БНХАУ-ын талаас дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн агуулгатай гэж үзсэн учраас тэр даруй буцаасан юм. Ардчилсан үзэлтэй, чөлөөт ардчилсан хөдөлгөөнийг үндэслэгч гэдэг утгаар нь харвал түүний гаргасан үйлдэлд нэг их гайхаад байхааргүй. Тэрээр Харвардын их сургуулийн Кеннедийн улс төрийн сургууль улс төр судалж, Вашингтонд төвтэй Чөлөөт азийн радиогийн монгол хэлний албанд ажиллаж байсан удаатай. Тиймээс ардчилсан үзлийг Америкаар дамжуулан өөртөө суулгасан гэж дүгнэж болно. “Монгол угсааны хүүхдүүд монгол бичгээ сурахгүй гэх асуудал нь Хятадын асуудал мэт боловч энэ нь нэг бүтэн угсаатны, цаашлаад миний асуудал болж хувирсан. Учир нь гэвэл би Монголд хайртай” гэж хэлж байсан юм.

Бүс нутгийн байдал Монголд хэрхэн нөлөөлөх вэ...

Бүс нутгийн байдал Ц.Элбэгдоржийн үеийнхээс эрс өөрчлөгдөөд байна. Учир нь бүс нутгийн геополитикт Хятад улам бүр түрэмгийлэх хандлагатай болсон. Нгөөтээгүүр БНХАУ-ын эдийн засаг хүчирхэгжиж байгаагийн хэрээр жижиг, буурай үндэстнүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх замаар нөлөөллөө улам тэлж байна. Монгол Улсад энэ нөлөөлөл асар их. Учир нь тус улсын нийт экспортын 90 гаруй хувийг Хятадууд бүрдүүлдэг гэх тооцоо бий. Сүүлийн жилүүдэд АНУ, БНХАУ-ын хооронд харилцаа улам муудаж байгаа. Хэрэв хүйтэн дайных шиг үзэл баримтлалаа сонгох хэрэгтэй болбол Монгол Улс чухам аль замыг сонгох вэ гэдэг нь эргэлзээтэй. Ихэнх судлаачид Монгол Улсыг НАТО-гийн “Дэлхий даяар түншлэгч” бодлогогд Япон, Шинэ Зеландын адилаар татагдан оролцох ч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх магадлалтай гэж тооцоолж байна. “Газар зүйн байрлалын хувьд Монгол Улс шиг нөхцөлд байгаа бол хөрш орнуудын зүгээс дайсагнал нэмэгдэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд аль нэг талыг сонгохоос өөр аргагүй болно. Учир нь Монгол Улс эдийн засгаараа БНХАУ-аас дэндүү хараат. Үүнээс нь харвал Монгол Улс БНХАУ-ын нөлөөллөөс гарах ямар ч боломжгүй” гэж Бритиш Колумбын их сургуулийн профессор, Монголын шинжээч Жулиан Дьеркес ярьсан юм.

Хятадууд Монголд нөлөөллөө тогтоох байх суурьтай байгааг Далай ламын асуудалд хэрхэн хандаж байгаагаас тодорхой харж болно. Түүхийн хувьд авч үзвээс монголчууд 1581 онд Түвдийн Буддын шашны Гелугийн сургуульд бүрэн шилжсэн гэж дүгнэдэг. Тийм ч учраас монголчууд дээрхийн гэгээнтийг хүндлэн биширсээр ирсэн. Гэвч Далай лам Монгол Улсад 2016 онд хамгийн сүүлд айлчлах үеэр БНХАУ-ын зүгээс Монголын экспортын барааны татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хойш Далай лам дахин айлчлаагүй. Үүнээс гадны Монгол Улсын дотоодын улс төрийн нөхцөл байдал сонирхолтой цаг үе дээрээ байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга 2017 онд сонгогдсон. Популис л чиг хандлагатай энэ улстөрч байгалийн баялгийг гаднын хэдэн компани зөөж дууслаа гэж мэдэгдэн Ерөнхийлөгчөөр сонгогдож чадсан. Түүнийг шүтээн нь Чингис хаан гэж олон удаа мэдэгдсэн боловч өөр нэг харж болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дуурайн загварчилж байгаа мэт харагддаг. Эзэмшдэг компанийн нэр нь хүртэл сонирхол татна. “Загалмайлсан эцэг” киноны гол дүр Вито Корлеонегийн оливын тосны зохиомол компаниас үүдэн “Женко” гэж нэрлэжээ. Түүнийг засгийн эрхэнд гарснаас хойш авторитари хэлбэр рүү огцом эргэж, түүн шиг үзэлтэй улстөрчдийн тоо ч огцом нэмэгдсэн. Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улс цаазаар авах ялыг халсан ч, Х.Баттулга Ерөнхийлөгч энэ ялыг сэргээхээр ихээхэн хөөцөлдсөн. Кампанит ажил ч өрнүүлсэн. Өмнөх өрсөлдөгчдийнхөө тойрон хүрээлэгчдийг ч авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.

Орос, Хятадын нөлөөлөл...

Монгол Улсын гадаад бодлогын гол зарчим нь АНУ зэрэг ардчилсан чиг баримжаатай улсуудтай харилцаа холбоо тогтоох “гуравдагч хөршийн бодлого” баримтлах замаар хоёр хөршийн нөлөөллийг бууруулахад оршиж ирсэн. Тэд энэ бодлогоо амжилттай хэрэгжүүлэх үүднээс энхийг дэмжих ажиллагаанд татагдан оролцож 2003, 2009 онд Ирак, Афганистанд цэргүүдээ илгээж байлаа. Ц.Элбэгдоржийн хувьд “АНУ-ын нийтлэг үнэт зүйлсийг дэлгэрүүлэх” тухай ярьдагч Москва, Бээжинг сөргөлдүүлэхгүйгээр хэрхэн дэлгэрүүлэх вэ гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Хөрш улсуудын нөхцөл байдлаас гадна тус улс эдийн засгийн хувьд ихээхэн хүнд сорилтуудтай нүүр тулаад байна. 2000-аад оны эхний есөн жилд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ асар хурдтай өсөхөд тус улсын эдийн засаг ч дагаад хурдан өсөж байлаа. Үүнээс шалтгаалан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч огцом нэмэгдсэн. Хойд Америк, Баруун Европын уул уурхайн томоохон компаниуд ч Монголд хайгуул хийхээр дугаарладаг болсон байлаа. Улаанбаатар ч цагийнхаа өнгийг даган зүсээ өөрчилж, шилэн барилга, үнэтэй брендүүдийн салбарууд шил, шилээ даран байгуулагдах болов. Гэвч ашигт малтмалын тэсрэлт богино настай байсан юм. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн ханш унахтай зэрэгцэн маш хурдан унаж улмаар 2017 онд Олон улсын валютын санг бараадахаас өөр аргагүй болсон билээ. Эдийн засгаа төрөлжүүлж чадалгүй зөвхөн нэг л салбарт найдсан нь “баялгийн хараал”-ыг давтсан хэрэг болсон. Энэ талаар профессор Жулиа Дьекерс хэлэхдээ “Монгол түүхий эдээс хамааралтай. Түүхий эд нь БНХАУ-тай хамааралтай. Энэ утгаар нь харвал Монгол Улс бол давхар барьцаалагдсан хүнтэй төстэй” гэдгийг онцолсон юм.

Монголын улс төрийн намууд сонгуулийн кампанит ажилдаа асар их мөнгө зарцуудаг онцлогтой. Үүнийг нотлоход хэцүү ч кампанит ажилд Орос, Хятад хоёр оролцдог гэх хардлага бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ооркийн сэтгэлгээ нэ(66.181.191.29) 2021 оны 04 сарын 19

Сем ахын хатгаас

0  |  0
бодох л бодол(66.181.191.29) 2021 оны 04 сарын 19

Эртхэн шиг хэрээ мэдэж эрб аяраа таниад аядуухан хөлд суувал ямар вэ?

0  |  0
яг үнэн.(66.181.191.29) 2021 оны 04 сарын 19

Дэлхийд нэр нөлөөгөө аль эрт тогтоочихсон тэрбум гаруй хүнтэй улстай 3-хан сая х хүн сөрнө гэхэд их асуудал байнй

0  |  0
гашуун үнэн(66.181.191.29) 2021 оны 04 сарын 19

Өгвөл хэнч авна ш дээ.Өгөхгүй байхад хятад булаагаад автал их зай бий. Хятадыг нүүрсээ авахгүй хэд хоноход л гоншигноод унадаг биздээ. Нөлөөнд орохгүй гэвэл түүхий эдээ хятад бүү гарга.Америк тэргүүтэй ардчилсан орон л гаргах хэрэгтэй

0  |  0
яг үнэн шүү(66.181.191.29) 2021 оны 04 сарын 19

Нөлөөд автахгүй ганц сонгодог арга бол түүхий эдээ хятадад өгөхгүй зөвхөн барууны орон тэр дундаа Америк,Японд гаргаа

1  |  0
Заагч(202.9.46.198) 2021 оны 04 сарын 19

Хужаагийн түрэмгийлэл улам хүчтэй байна.

0  |  0
haha(192.82.82.88) 2021 оны 04 сарын 19

oilgosongui :))

1  |  0
Top