АНУ Оросын эсрэг ХОРИГ ТАВЬЖ, дипломатуудыг нь ГАРГАХ уу?

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

АНУ ОХУ-ын 10 албан тушаалтан болон 20 компанийн эсрэг хориг тавьж, 10 орчим дипломат ажилтныг нь улсаасаа гаргах төлөвлөгөөтэй байна гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Хориг тавих болсон нь Оросын зүгээс хакерын дайралт хийсэн, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэсэн тагнуулын мэдээллээс болжээ.

“Bloomberg” агентлаг АНУ-ын засаг захиргааны эх сурвалжаас үндэслэн мэдээлэхдээ “Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Оросын эсрэг хориг тавих болсон тухайгаа өнөөдөр /2021.04.15/ мэдээлж магадгүй” гэв. АНУ Оросын эсрэг хоригийн жагсаалтдаа тус улсын Засгийн газрын албан тушаалтнууд болон тагнуулын байгууллагынхнаас багтаах аж. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Жен Псаки “АНУ Оростой харилцах дараагийн алхмынхаа талаар удахгүй мэдэгдэнэ” гэжээ.

Тэгвэл Оросын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Алексей Чепа “Америкийн тал энэ мэдэгдлээрээ ярьж буй зүйлээ нотлох бодит баримтгүйгээр мэдээлж, нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж байна” гэлээ.

АНУ Оросын дипломатуудыг гаргахаар бэлтгэж байгаа талаарх мэдээлэл энэ сарын 8-нд гарсан юм.

АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын зүгээс хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн хэмээн сэжиглэж, хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа аж. Жо Байдены засаг захиргаа ОХУ санаатайгаар хорлонтой үйл ажиллагаа явуулсан талаар тагнуулын мэдээг судалж дуусаад, хорлонтой үйл ажиллагаан дотор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, “SolarWinds” компанитай холбоотой хакерын ажиллагаа зэргийг багтаажээ.

АНУ “Дипломат нэрэн дор ажиллаж байж магадгүй Оросын тагнуулын ажилтнуудыг эх орноосоо гаргана” гэсэн юм. Вашингтон мөн Москватай зөвлөлдөхөө болино гэжээ. Америкийн тусгай албад нь ОХУ АНУ-ын засгийн газрын бүтэц рүү кибер халдлага хийсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар энэ сарын 13-нд утсаар ярьж, Орос, Америкийн одоогийн харилцааны нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Тэд энэ уулзалтаараа ойрын саруудад биечлэн уулзах боломжийн талаар тохиролцжээ. Жо Байден Владимир Путинд гуравдагч оронд биечлэн уулзахыг санал болгосон аж.

Түүнчлэн Цагаан ордноос “Владимир Путин, Жо Байден нар энэ зун уулзалт хийж магадгүй” гэдгийг мэдээлээд, “АНУ үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаална гэдгийг Жо Байден хэлсэн” хэмээн мэдэгдэж буй. 

Путин, Байден нар мөн олон улсын тогтвортой байдлыг хангах чиглэлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Орос болон АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтын талаар “Энэ нь АНУ-ын засаг захиргаанаас хамаарна. Бид өөрсдөөс шалтгаалах ажлаа ямар ч болзолгүйгээр хийнэ” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top