“Sun Medical center UB” эмнэлэг Спутник V вакцин ХИЙЖ ЭХЭЛНЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

“Sun Medical center UB” эмнэлэг өдөр бүр коронавирусний халдварын шинжилгээ, эсрэг биет илрүүлэх шинжилгээ авч байна. Мөн тус эмнэлэг нь Спутник V, Астра Зенека вакциныг оруулж ирж, хийж эхэлнэ. Энэ талаар тус эмнэлгийн Шинжилгээний нэгдсэн төвийн эрхлэгч Н.Түвшинжаргалаас тодрууллаа.


-Ковидын шинжилгээг хэрхэн авч байгаа вэ, хэдэн цагийн дараа хариу нь гарах вэ?

-Сайн байцгаана уу, манай “Sun Medical center UB” эмнэлэг нь 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн коронавирусний шинжилгээг авч эхэлсэн. Энэ хугацаанд бид түргэвчилсэн шинжилгээнээс эхлээд одоо PCR-ийн шинжилгээний молекулын лаборатори нээчихсэн ажиллуулж байна. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт 20 мянга орчим хүнд ковидын шинжилгээ хийсэн. 20 мянга орчим хүнээс одоогийн байдлаар 100 тохиолдлыг илрүүлж, баталгаажуулж байна. Бид мөн ковидын молекулын шинжилгээнээс гадна дархлааны шинжилгээг авч байна. Дархлааны шинжилгээнд ковидын вирусний эсрэг үүссэн болон вакцины дараа үүссэн эсрэг биетийг тоогоор тодорхойлох шинжилгээг хийж байгаа.

-Танай эмнэлэг Спутник V, Астра Зенека вакцин оруулж ирж байгаа гэсэн. Хэдэн хүн тун вакцин оруулж ирж байгаа вэ. Хэзээнээс хийж эхлэх вэ?

-Бид “Монгол эм импекс концерн”-тэй хийсэн гэрээний дагуу 100 мянган хүн тун Спутник V болон Астра Зенека вакцин захиалчихсан байгаа. Энэ захиалга нь ирэх долоо хоногт ирнэ. Бид вакциныхаа цэгийг байгуулж, орчинг нь бүрдүүлээд бэлэн болчихсон байгаа. Вакцин ирээ л бол хүн ардыг вакцинжуулахад бэлэн болчихсон байна.

-Астра Зенека вакцин цусны бүлэгнэл үүсгэж байна гэж үзээд зарим оронд хийхээ зогсоосон байгаа. Үүн дээр манай улс ямар бодлоготой байгаа вэ?

-Астра Зенека, Спутник V вакцин нь хийж байгаа технологийн хувьд, Астра Зенека вакцин нь шампанзегийн аденовирусийг ашиглаж хийж байгаа бол Спутник V нь хүний аденовирусийг ашиглаж хийж байгаа вакцин. Аденовирусний хамааралтайгаар вакцин хийж байгаа ч гэсэн олон улсад Астра Зенекагаас болоод цусны бүлэн үүсээд байна гэсэн баталгаа гараагүй.

-Спутник V вакцины тухайд...Оросын Спутник V вакциныг л хийлгэнэ гээд хүлээж буй хүмүүс байгаа. Энэ вакцин юугаараа давуу талтай вэ?

-Астра Зенека, Спутник V хоёр бол яг адилхан технологиор хийсэн вакцинууд. Ашигласан аденовирус нь арай жаахан өөр. Спутник V нь хүнээс гаргаж авсан аденовирус 6, аденовирус 26-г ашиглаж хийсэн бол Астра Зенека нь шампанзегаас гаргаж авсан аденовирусийг ашигладагаараа жаахан ялгаатай. Гэхдээ аденовирусний дотор байгаа уургийн дараалал нь яг адилхан. Эс рүү нэвтрээд уураг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн уураг нь эсийн гадаргуу дээр гараад ирэнгүүт дархлааны эсүүд түүнийг харь биет байна гэж таниад санамж эсүүд үүсдэг. Санамж эсүүд үүсэнгүүтээ дараа дахиад төстэй биет ороод ирэх юм бол дархлааны эсүүд эсрэг биетүүдийг үйлдвэрлэдэг. Үүссэн эсрэг биетүүдийнх нь тоогоор тухайн хүнд дархлаа хэр тогтсон байна вэ гэдгийг тодорхойлох боломжтой болдог. Эсрэг биетүүдийг дархлааны аргачлалаар шинжилж үздэг. Манайх хамгийн сүүлийн үеийн технологийг лабораторидоо байршуулж, эсрэг биеийн шинжилгээг хийж эхэлсэн.

-Эсрэг биет илрүүлэх шинжилгээг хэрхэн авдаг вэ. Хариу нь хэдэн цагийн дараа гарах вэ?

-Эсрэг биетүүдийг тоогоор тодорхойлох боломжтойг түрүүн хэлсэн. Эсрэг биетийн шинжилгээг 50 мянган төгрөгөөр хийдэг. Шинжилгээг цусаар авч, 6-8 цагийн дотор хариуг нь гаргаад утсанд нь мессежээр болон мэйлээр очих боломжтой.

-Вакциныг жирэмсэн эмэгтэйчүүд болон жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд хийлгэж болохгүй гэсэн яриа байна. Энэ тал дээр мэргэжлийн хүний үүднээс тайлбар өгөөч...

-Одоогийн байдлаар вакцин нь шинэ технологи. Ямар гаж нөлөөтэй байгааг бүрэн тодорхойлж чадаагүй байгаа. Олон улсын байгууллагууд вакциныг хүлээн зөвшөөрчихөөд байгаа ч энэ нь шинэ технологи учир эрсдэлээс сэргийлэх үүднээс жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд одоохондоо вакциныг хийхгүй байгаа. Хэрвээ эсрэг заалттай биш гээд гараад ирвэл цаашид хийх байх. Харин одоогийн байдлаар хөхүүл эмэгтэйчүүдэд хийх боломжтой байгаа.

-Танай эмнэлэг ковидтой тэмцэхэд өөр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Бид пэйж хуудас болон сошиал контентуудаараа дамжуулан мэдээлэл түгээх талаасаа илүү дэлгэрэнгүй ажиллаж байна. Ковид гэж юу вэ, ковидын шинжилгээ хэрхэн явагдаж байна вэ, дархлаа яаж тогтдог юм бэ зэрэг мэдээлэл, тохиолдлууд одоо хэрхэн илэрч байгаа зэрэг шинэ үеийн мэдээллүүдийг фэйсбүүк пэйж болон бусад мэдээллийн сувгаараа дамжуулан хүн ардыг мэдээллээр хангахад илүү түлхүү ажиллаж байгаа.

-Ковидын шинжилгээ авах үйл явц, шинжилгээний цэгийнхээ талаар танилцуулвал?

-Бид үүдээр орж ирж байгаа үйлчлүүлэгч бүрийнхээ халууныг тусгай камерын тусламжтайгаар хэмжээд өндөр халуунтай байгаа тохиолдолд тусгаарлах болон бусад арга хэмжээг авч байгаа. Манай эмнэлэг рүү нэвтэрч байгаа тохиолдолд ногоон бүс рүү нэвтэрч байгаа гэдэг утгаараа эрүүл үйлчлүүлэгч нар нэвтэрч байгаа гэсэн үг. Манай эмнэлэг өнөөдрийг хүртэл ковидтой ажиллах хугацаандаа нэг ч удаа эмнэлэг дээр коронавирус илэрсэн тохиолдол гараагүй давуу талтай байгаа.

-Шинжилгээг хэдэн тасалгаанд авдаг вэ?

-Бид өмнө нь Буянт-Ухаа спортын ордонд ажиллаж, дөрвөн путик ашиглан сорьцыг авч байсан. Тэнд спортын ордон гэдэг утгаараа эмнэлгийн орчин шиг бүрэн байж чадахгүй болохоор бид одоо эмнэлгийнхээ үүдэнд БНСУ-д ашиглаж байгаа путикийн системийг ашиглан шинжилгээ авч эхэлж байна. Шинжилгээ авч байгаа путикийн давуу тал нь дээрээ байгаа тусгай шүүгчээр сөрөг даралтыг үүсгэж, дотор байгаа бүх агаарыг дээшээ сороод доторх агаарыг бүрэн цэвэрлэдэг. Энд нэг хүн орж суугаад шинжилгээ өглөө гэхэд дараагийн хүн орж ирэхэд доторх агаар бүрэн шүүгдчихсэн, аюулгүй байна гэсэн үг. Яаралтай тусламжийн хаалган дээрээ байгууллагуудад зориулсан хоёр путик тавьсан байгаа.

-Өдөрт хэдэн хүн шинжилгээ өгч байна?

-Өдөрт дунджаар 300-400 хүн шинжилгээ өгдөг. Сүүлийн үед ковидын тохиолдол ихэсч, өдөрт 10-20 тохиолдол илрүүлж байна. Манайд шинжилгээ өгөөд эерэг гарсан тохиолдлуудыг бид халдвар судлаачдаа мэдээлээд халдвар судлаач тухайн үйлчлүүлэгч рүү холбогдож мэдээллийг хүргэдэг. Бид мөн эерэг гарсан сорьцуудыг ХӨСҮТ рүү явуулж баталгаажуулдаг. ХӨСҮТ-өөс баталгаажуулсан тохиолдолд тухайн өдрийн статистик мэдээнд ороод явна. Тусгаарлах болон эмчилгээний арга хэмжээг эхэлнэ. Бид улсын эмнэлгийнхээ ачааллыг хуваалцах, эрт илрүүлэх чиглэлээр ажиллаж байна.

-Ковидын шинжилгээг хэдээс хэдэн цагийн хооронд авч байгаа вэ?

-Өдөр бүр 08:30-16:00 цагийн хооронд PCR шинжилгээг авдаг. Авсан шинжилгээний хариу үдээс хойш буюу шөнийн 22:00-23:00 цагийн хооронд гардаг. Шинжилгээний хариу сөрөг байгаа тохиолдолд eruul.gerege.mn сайтад шивэгдээд орчихно. Хэрэв шинжилгээ сэжигтэй, эерэг байгаа тохиолдолд хариу нь гарахгүйгээр ХӨСҮТ дээр очоод, тэндээ баталгаажсаны дараа хариу нь гардаг.   

“Sun Medical center UB” эмнэлгийн хийж эхлэх Спутник V вакцины үнийн тухайд одоогоор 120 мянган төгрөгөөр хийнэ гэсэн урьдчилсан дүн байгаа аж. Тодорхой мэдээллийг бид эргээд хүргэх болно.

 

Хан-Уул дүүргийн 7-р хороо, Энканто Оранж Таун, Sun Medical Center UB эмнэлэг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.47.64) 2021 оны 05 сарын 19

Sputnik oruulj irj bj medeelel dutuu hmm. Jiremsenii ehnii 3 sard(ersdeltei saruud)hiilgeh hereggyi.tuluvluj bga bolon uhaul hymyyst bolno gej gamaley centriin Ginzburg helj bnlee.orsuud uursnuu bas shine garsan vactsin geed hiilgehgyi hymyys ih bna gesen.untsug bulan tohoi bolgond ynegyi hiigeed ugii geed baidag hymyysiin 4davh sul bn gej bnle

0  |  0
Зочин(124.158.81.226) 2021 оны 04 сарын 12

Астразенака цус өтгөрүүлдэг гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрсөн ! 55 аас доош наснийханд хийхгүй байгаа . Голдуу эмэгтэй хүмүүс тархинд нь цус харваж нас бараад байгаа гэсэн

0  |  0
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 12

Ковидоор бизнесс хийж байгаа хүмүүсийн зовлонг мөнгө гэж хардаг мөнгөний боолууд юм байна

0  |  0
хийлгэе.(66.181.178.129) 2021 оны 04 сарын 11

Вакцины үнэ хэд байх вэ!

0  |  0
Top