Хойд Солонгос “ХОЁР НҮҮРТЭЙ” бодлого явуулж байна гэж НҮБ-ыг буруутгав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

БНАСАУ-ын пуужингийн туршилтын талаар баримталж буй НҮБ-ын байр суурь “хоёр нүүртэй” бодлогыг илэрхийлэл бөгөөд Хойд Солонгосын бие даасан байдал, өөрийгөө батлан хамгаалах эрхийг зөрчиж байна гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны олон улсын байгууллагын газрын тэргүүн Чо Чхол Сү мэдэгджээ.

Хойд Солонгос нь өнгөрсөн долоо хоногт пуужингийн хоёр удаагийн туршилт хийсэн билээ. Энэ сарын 21-нд хоёр далавчит пуужин Шар тэнгисийн зүг харвасан бол 25-нд хоёр баллистик пуужин Япон тэнгисийн чиглэлд харвасан юм. АНУ Хойд Солонгосыг НҮБ-ын тогтоолыг зөрчсөн гэж буруутгаж, тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгахыг уриалсан билээ. Энэ сарын 30-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын пуужингийн асуудлаар хаалттай хуралдаан хийхээр товлоод байгаа юм.

Чо Чхол Сү НҮБ-ын тогтоолуудыг АНУ-ын дайсагнасан бодлогын шууд тусгал гээд эдгээр баримт бичиг БНАСАУ-ын өөрийгөө батлан хамгаалах эрхийг хөндөж байна гэж мэдэгдэв. “Энэ нь тусгаар, бие даасан улсыг үл тоомсорлосон, “хоёр нүүртэй” бодлогын илэрхийлэл. Ихэнх улс орон цэргийн хүчээ бэхжүүлэх зорилгоор төрөл бүрийн пуужин, зэвсэг туршдаг. Гэвч зөвхөн бидний өөрийгөө батлан хамгаалах шударга арга хэмжээ асуудал болж байна” гэж тэрбээр онцолсон байна.

Түүний хэлснээр, саяхан АНУ Сирийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгч байсан бол хэдэн хоногийн өмнө Их Британи цөмийн зэвсгээс ангижрах үүргээсээ татгалзаж, цөмийн цэнэгт хошууныхаа тоо ихээхэн нэмэгдүүлэх болсноо албан ёсоор зарласан. Түүнчлэн, Франц хэд хэдэн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай шинэ үеийн тив хоорондын баллистик пуужин туршаад удаагүй байна. Гэтэл эдгээр ажиллагааг ямар ч асуудал үүсгэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцээгүй” гэж Чо Чхол Сү дурдсан байна.

Түүний хэлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоёрдмол байр суурь баримталсаар байвал Солонгосын хойг дахь нөхцөл байдал зөвхөн хурцадсаар байх төдийгүй БНАСАУ хариу арга хэмжээ авах болно гэв.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ра(202.9.46.206) 2021 оны 03 сарын 30

зүв улам хүчтэй зэвсэг бүтээж өөрийгөө бат хамгаалах хэрэгтэй

0  |  0
Top