20 настай бүсгүйг шатаасан Ууганбаяр, Ганжаргал: Ял эдлээд гарах нас байна, яадаг юм

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24


 

 

 Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суудаг 16 настай Ууганбаяр, Ганжаргал нар хүний аминд хүрчихээд найзуудтай Зайсан, Туулын эргээр зугаалж яваад буцахдаа цагдаа нарт баригджээ. Насанд хүрээгүй жолооны үнэмлэхгүй хүүхдүүд харваас сэвтсэн машин барьж явахтай таарсан цагдаа машиныг нь журамлахаар болж  хүүхдүүдийн зургийг авч, дүрс бичлэг хийгээд явуулсан байна. Тэд Туул голын эргээр явж байгаад мод мөргөчихсөн юм. Одоо машиныг нь хүргэж өгнө хэмээн мэдүүлжээ. Гэтэл журамласан машины эзэн гэрээсээ гараад сураггүй байгаа гэсэн мэдээлэл цагдаагийн газар ирсэн байж. Цагдаагийнхан машины эзнийг эрэн сурвалжилж, Шархадны ойролцоох жалганд цогцсыг нь  шатаагаад булсан байхыг олсоноос гадна хэргийн газар эзнийх нь машины  дугуйны мөр олдсон байна. Замын цагдаагийнхан хүүхдүүдийн мэдүүлгийг камерт баталгаажуулж, гэрэл зургийг нь дарчихсан байсан учраас хэргийг илрүүлэхэд дөхөм болжээ. Тэд ч анхныхаа мэдүүлгээр хэргээ хүлээжээ.

Хэрэг гардаг өдөр Ууганбаяр, Ганжаргал нар найзуудтайгаа сагс тоглож байгаад талийгаачтай тааралджээ. Тэд түүний машинд сууж Шархадны эцэст дөхүүлж өгөхийг хүссэн байна. Явж байхдаа талийгаачаас машинаа бариулахыг гуйсан бөгөөд  зөвшөөрөөгүй учир залуус түүнийг хоолойг боож ухаан алдуулаад машиныг нь жолоодохоор тохирсон аж.  Тэд тохирсон ёсоороо хоолойг нь бооход бүсгүй ухаан алджээ. Тэд эмэгтэйг сэрээх гэсэн ч нэгэнт амиа алдсан байсан тул айсандаа талийгаачийг Шархадны ойролцоо Цагаан давааны тоосгоны үйлдвэрийн дээд жалганд аваачиж булахаар болжээ. Хэргийн ул мөр үлдээхгүй гэсэндээ шатаасан байна.  “Машин барьж хурдтай давхихыг хүссэн. Түүнээс хүн алъя гэж бодоогүй гэж  мэдүүлсэн ч дараа “Ихэдлээ гээд 20 жил авна биз. Ялаа эдлээд гарах нас байна. Яадаг юм” хэнэг ч үгүй хэлж байсан гэж “Өдрийн сонин”-д нийтэлсэн байна.

 Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань хэн болчихоод байна вэ. Ер нь бидний хүүхдүүд юу хийж хэнтэй нөхөрлөж байна. Машин жолоодож хурдтай давхихын тулд санаатайгаар хүнийг ухаан алдуулахаар төлөвлөсөн нь ийнхүү тэднийг алуурчин болголоо.  Өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө ихэд том болсонд тооцон зөвхөн  хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахаа байжээ.  Хятадад 17 настай хүү Ipod авахын тулд өрөөсөн бөөрөө зарсан хэрэг гарсан.   Хүн амьдралдаа нэг л буруу алхам хийвэл ар араас  нь нүгэлт муу үйлүүд сүүдэр шиг  дагадаг аж. Машин жолоодох гэсэн их хүсэл, хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй зан, улмаар хүний амь, шатсан цогцос, шорон гяндан.  Үүнд хэн буруутай вэ, мэдээж өнөөдөр алуурчин болчихоод байгаа хүүхдүүд. Тэгэхдээ эцэг эх, багш нар мөн өнөөгийн төр засгийн бодлогыг илт эсэргүүцэн төрийн ордон руугаа чулуу мод шидэлж байгаа нөхдүүд тодорхой хэмжээгээр хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлж байгаа нь нууц биш. Хүүхдүүдийг эрдэм боловсролтой болгох гэж зүтгэдэгээс  хүн чанар,  сайн хүн байх талаас нь ямар ч сургалт, зохион байгуулсан ажил  байдаггүй  боловсролын яам ч тодорхой хэмжээгээр энэ хэргийг анхааралдаа авч хариуцлага хүлээх хэрэгтэй болов уу. Бид хүүхдүүдээ мундаг математикч эдийн засагч хууль болгох гэж зүтгэснээс хүн шиг хүн болгох дээр анхаарал хандуулах ёстойг энэ хэрэг тодоос тод харуулж байна. Монголын ирээдүй яаж хүмүүжиж байна вэ эцэг эхчүүд ээ, сурган хүмүүжүүлэгчид ээ. Таны хүүхэд хаана юу хийж явна?

 

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(202.21.114.194) 2013 оны 08 сарын 13

zaazgui bolson yum chin jaahan huuhduud ingej helehgui geed yah ve dee elbegee dargaa

0  |  0
Top