Г.Батцэнгэл: Дэлхийн гангийн хэрэглээ ирэх 50 жилд ч буурахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Парламент телевиз”-д коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага сэдвээр өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 


 

-Монголын коксжих нүүрсний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас яриагаа эхлүүлье. Манай экспортолж буй  нүүрсний эрэлт хаана байгаа вэ?

-Монголын нийт экспортын 40 гаруй хувийг нүүрсний салбар бүрдүүлж байна. Экспортын энэ гол бүтээгдэхүүний талаар ерөнхий ойлголт өгөх нь зөв байх. Коксжих нүүрсний гол хэрэглээ гангийн үйлдвэрлэлд байгаа. Ган хайлуулах үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэртээ коксоо хийх сонирхолтой байдаг. Яагаад гэвэл, улс, үйлдвэр бүр өөр өөрийн гэсэн жор гаргаж авсан байдаг. Энэ нь олон улсын зах зээл дээр бэлэн коксын наймаа маш бага байхад нөлөөлдөг. Ган хайлуулах үйлдвэрүүд шаардлагатай тохиолдолд л гаднаас  бэлэн кокс авч байгаа. 

-Ган хайлуулах үйлдвэрүүд өөр өөрсдийн жороо нууц байлгадаг гэсэн үг үү?

-Европт гэхэд л кокс дахь коксжих нүүрсний орц өндөр байдаг. Түүгээрээ герман, швед ган илүү чанартай, брэндлэг гэж болно. Азид коксжих нүүрс харьцангуй бага орцтой байх жишээтэй. Энэ бол түүхий эдийн олдоц, өртгөөсөө хамаарч байгаа зүйл. Жишээлбэл, Япон Улс дотооддоо коксжих нүүрсний нөөцгүй гаднаас худалдаж авдаг. Түүнийхээ хэрэглээг өөр орцоор орлуулахыг эрмэлздэг. Материалын баланс гэдэг зүйл бас байгаа. Нэг тонн ган үйлдвэрлэхэд 1.5 тонн төмрийн хүдэр, 0.5 тонн кокс буюу түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай 0.75 тонн металлургийн нүүрс хэрэглэнэ. Тэгэхээр төмрийн хүдэр зөөж авах хэмжээ нүүрснээсээ хоёр дахин их болж байгаа биз. Эдийн засгийн агуулгаараа гангийн үйлдвэрүүд түүхий эдээ зөөхөд төмрийн хүдэртэйгээ ойр байршилтай байх ёстой. Өмнө нь ТЭЗҮ гаргаж, судалгаа хийхэд Монголын ган үйлдвэрийн суурь бааз Дархан хотод байх ёстой юм байна гэдгийг тогтоосон. Тэр нь төмрийн хүдэр тээвэрлэхтэй л холбоотой. Сэлэнгэ аймагт байгаа төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн Дарханд төмөрлөгийн үйлдвэр байгуулсан учир шалтгаан нь тэр. Эхний ээлжид хаягдал төмрөөр ажиллуулж байгаад, цаашид Төмөртэйн ордууд дээр түшиглэн металлургийн үйлдвэрээ байгуулах санаа. Тэрийг ойлгох хэрэгтэй. Байршил гэдэг бол эдийн засгийн ач холбогдолтой давуу тал. Зүгээр нэг сайхан газар гэж үзээд үйлдвэр байгуулна гэж байхгүй. Энэ мэт эдийн засаг, шинжлэх ухааны агуулгаараа үйлдвэрлэлийн цент бүр нь өртөгт нөлөөлнө. Өртөг нь өрсөлдөх чадварыг тодорхойлдог.

-Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн цаашдын төлвийг хэрхэн харж байна вэ?

-Дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ 1996 оноос хойш өсөж ирсэн. Өнгөрсөн 2019 онд 1.9 тэрбум тонн руу дөхсөн статистик байна. Энэ жилийн тухайд энэ тонноос давсан. Дэлхий даяар 1996 онд 750 мянган тонн ган үйлдвэрлэж байжээ. Одоо энэ тоо бараг гурав дахин өссөн байна.  Сүүлийн 25 жилийн дотор дэлхийн даяар гангийн үйлдвэрлэл гурав дахин өссөнийг үүнээс харж болно. Асар том үйлдвэрлэлийн бааз нэмэгдсэн гэсэн үг. Азийн хямралын үе буюу 1997-1998 онд гангийн үйлдвэрлэлийн өсөлт саарсан. Түүнээс хойш тасралтгүй өссөөр 2008-2009 онд гангийн үйлдвэрлэл мөн буурсан нь дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой. Харин 2015-2016 онд гангийн үйлдвэрлэл буурсан нь БНХАУ эдийн засгийн бодлогодоо тохиргоо хийсэнтэй холбоотой гарсан сааралт. Гэхдээ 2017 оноос хойш тасралтгүй өсөлттэй явж байна. Дэлхийн хүн ам, эдийн засгийн өсөлттэй холбоотой гангийн хэрэглээ сүүлийн 25 жил ингэж нэмэгджээ. 25 жил гэдэг бол холын түүх биш. Монгол Улс 1997 онд Ашигт малтмалын хуультай болсон. Тухайн үед Монголын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг гуйж явдаг байсан. Улмаар "BHP" гэдэг компанид Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг өгсөн. "BHP" 1997 онд тусгай зөвшөөрлөө буцааж өгөөд, гараад явсан байдаг. Шалтгаан нь тухайн үеийн Азийн санхүүгийн хямрал болон коксжих нүүрсний хэрэглээ өсөхгүй гэж үзсэнтэй холбоотой. Гэвч 2000 оноос хойш коксжих нүүрсний эрэлт огцом нэмэгдэж, Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдсэн. Бид 20-25 жилийн өмнөхөн болсон эдгээр явдлыг мартчихаад байна. Дэлхийн ган үйлдвэрлэлийн 25 жилийн өсөлтөөс харахад, Монголын уул уурхайн салбар, тэр дундаа коксжих нүүрсний зах зээл дээр ямар байр суурь эзэлснийг ойлгож болно. 1997 онд хэн ч тоохгүй байсан Монголын коксжих нүүрсний зах зээл дээр 2021 яагаад боломж гарч ирээд байна вэ гэдгийн тайлбар энэ. Дэлхийн гангийн үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн. Түүнийг дагаад коксжих нүүрсний эрэлт өссөн. Цаашид ч өсөх дүр зураг бий. 

-Дэлхийд ийм өсөлттэй байгаа ган үйлдвэрлэлийн эрэлт хаана түлхүү төвлөрч байгаа вэ?

-Дэлхийн ширэмний үйлдвэрлэлийн бараг 75 хувийг Хятад Улс дангаараа үйлдвэрлэж байгаа. Коксжих нүүрс ашиглан ган үйлдвэрлэж буй гол цөм нь манай урд хөрш Хятадад төвлөрч байна гэсэн үг. Ерөнхийдөө дэлхийн ган үйлдвэрлэлийн 50 хувийг Хятад үйлдвэрлэж байгаа.  Эрэлт нь ч тэнд байна. Эдийн засаг нь тогтворжсон Европ, Америкт хаягдал төмрөө дахин ашиглах үйлдвэрлэл их байгаа. Хятад, Азийн бусад орнуудад шинэ өсөлт бий болж буй учраас шинэ материалын хэрэгцээ өндөр бий. Хэрэглээний хувьд дэлхийн гангийн 50 хувь нь барилгын салбарт шингэж байгаа. Тэгэхээр эдийн засаг тэлж, барилгын салбар явж байхад гангийн хэрэглээ байсаар байна. Сүүлийн 25 жилд Хятад улсад хотжилт маш эрчимтэй өрнөсөн. Бүс нутгаар нь харсан ч Хойд Америк, Европт гангийн үйлдвэрлэл өсөлтгүй, хэрэглээ тогтворжсон байгаа. Харин 1997 онд 100 сая тонныг үйлдвэрлэж байсан Хятадын гангийн үйлдвэрлэл 2017 онд 900 сая тонн руу дөхөж ирсэн. Хятадын гангийн үйлдвэрлэл 20 жилийн дотор 10 дахин өссөн байна. Хятадыг оруулахгүйгээр Ази, Номхон далайн бусад улсад ч ган үйлдвэрлэлийн өсөлт хадгалагдаж байгаа. Ерөнхийдөө гангийн үйлдвэрлэлийн өсөлт, түүнийг дагасан коксжих нүүрсний хэрэглээ Ази, Номхон далайн бүсэд л байна. Ингэж Монголын нүүрс зах зээлдээ ойртсон.    

-Ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ Азид хадгалагдана. Тэр дундаа Энэтхэгт төвлөрөх хүлээлт байна. Энэ талаарх төсөөллөө хуваалцахгүй юу?

-Дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох гангийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг авч үзэхэд, Энэтхэг улсынх Хятадаас 10 дахин бага байгаа. Хэрэв Энэтхэг улсын гангийн үйлдвэрлэл Хятадын хэмжээний өсөлт үзүүлэх, ядаж 50 хувьд нь хүрэхэд өнөөдөр дэлхий дээр худалдаалагдаж буй бүх коксжих нүүрсийг зах зээлийн хувьд шингээнэ гэж үзэж байгаа. Хятадын эдийн засаг сүүлийн 30 жилд дунджаар 10 хувийн өсөлт үзүүлж байж одоогийн хэмжээндээ хүргэсэн. Тэгвэл Энэтхэг улсын эдийн засаг жилдээ  таван хувийн өсөлттэй явахад, 500 сая тонн ган үйлдвэрлэх хэмжээнд хүрнэ. Энэ нь коксжих нүүрсний нийлүүлэлтийг залгина. Дараагийн 25 жилд өнөөдөр дэлхий дээр зарагдаж байгаа коксжих нүүрсний хэмжээтэй дүйцэх эрэлт үүснэ гэсэн үг. Хөдөлгүүр нь Энэтхэг болон Азийн бусад хөгжиж буй орон байх юм. Индонез гэхэд л 300 орчим сая хүн амтай.  Филиппин, Тайланд, Вьетнам гээд нэмэгдэхэд, цаана нь тэрбум хүнтэй зах зээл байна. Хятад улсын өсөлт ч дуусах болоогүй. Өнөөдөр хотжилт нь 60 хувьтай явж байгаа. Гэтэл өндөр хөгжсөн Япон, Солонгосын хотжилт 80 хувьд хүрсэн гэж үздэг. Хятадын энэ хэрэгцээг Энэтхэг залгуулан авна. Тэдний араас Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам ороод ирвэл гангийн үйлдвэрлэл, хэрэглээ өнгөрсөн 25 жилд Хятадын бий болгосон хэмжээнд очно. Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн эдийн засгийн дараагийн 50 жилийг тодорхойлно.

-Монгол Улс ирээдүйн гангийн хэрэглээний өсөлтөөс юу хожих боломжтой вэ. Өнөөдөр энэ зах зээлийнхээ хаана нь явна вэ?

-Дэлхийн нүүрсний ассоциацаас гаргасан тоо мэдээллээр, 2018 онд 1.4 тэрбум тонн нүүрс дэлхий даяар худалдаанд оржээ. Үүний 1.1 тэрбум орчим нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 330 саяыг нь коксжих нүүрсний худалдаа эзэлсэн байна. Тэргүүлэгч нь Индонез улс. Гэхдээ тус улсаас 2018 онд гадаад руу нийлүүлсэн 430 саяын ихэнх нь эрчим хүчний нүүрс байгаа юм. Монгол Улсын хувьд коксжих нүүрсний нөөц ихтэй учраас Индонезтой өрсөлдөхгүй. Австрали улс 2018 онд нийтдээ 382 сая тонн нүүрс худалдаж, 179 сая нь коксжих нүүрс байжээ. Энэ статистикаар дэлхийн коксжих нүүрсний хэрэглээний талаас илүү хувийг Австрали улс нийлүүлсэн байна. Тиймээс Австрали улс коксжих нүүрсний зах зээл дээр ноёрхож байгааг ойлгох хэрэгтэй.  Мөн ОХУ жилдээ 26 сая тонн коксжих нүүрс, 180 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон нь нийт хэмжээгээрээ дэлхийд гуравт орох үзүүлэлт. Америк дөрөвдүгээрт, Колумб тавдугаарт, Өмнөд Африк зургадугаарт, тэдний араас Монгол Улс долоод бичигдэж байна. Дэлхийн коксжих нүүрсний худалдааны 7-8 хувь, нийт нүүрсний хоёр хувийг манай улс нийлүүлдэг. Бид өнөөдөр нүүрсний зах зээлд ийм л хэмжээнд байгаа.  Монголын коксжих нүүрс байршлын хувьд давуу талтай ч нийлүүлэлт Оросоос бага хэмжээтэй байна. Мөн дэлхийн нийт нүүрсний тээврийн 80 хувь далайгаар хийгдэж байгаа гэдгийг мэдээд авах хэрэгтэй. Ингэж байж нүүрсний зах зээл ярих хэрэгтэй.  

-Монгол Улс Хятад  руу хэд хэдэн боомтоор нүүрс экспортолж байгаа. Нүүрсний экспорт аль боомтоор илүү хийж байгаа вэ?

-Монголын нүүрсний экспортын 95 хувь Өмнөговийн хоёр боомтоор гарч байгаа. Тэр дотроо Гашуунсухайтын боомт давамгайлдаг. 

-Танай компанийн хувьд нүүрсээ баяжуулан экспортолдог. Урд хилийн цаана хэчнээн боловсруулах үйлдвэр ажиллаж байна вэ?

-Өвөрмонголын Баяннуур, Алшаа аймгуудын бизнесийн зорилт нь Монголоос орж ирсэн нүүрсийг угааж, ангилах байдаг. Хэдэн жилийн өмнө судалгаа хийж байхад Баяннуурт 20 сая тонн нүүрс угаах хүчин чадал байсан.  Дахиад 30 хүртэл сая тонн болгон нэмэгдүүлнэ гэдэг тоо хэмжээ гарсан. Алшаа аймагт дор хаяж 5-10 сая тонн нүүр угаах хүчин чадал байгаа. Ерөнхийдөө Монголоос авч буй бүх нүүрсээ боловсруулах хүчин чадал байгаа гэсэн үг. Одоо Монголоос баяжуулсан нүүрс экспортолж буй ганц компани нь “Энержи ресурс” болчихоод байна. Бусдад нь бага үнслэгтэй нүүрсээ олборлож дуусаад, өнөөдөр өндөр үнслэгтэй нүүрсээ боловсруулах шаардлага тулгарч эхэлсэн. Нарийнсухайтын боомтод байгаа “Өсөх зоос”, “Соусгоби сэндс”, МАК компаниуд тус бүрдээ нэг сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орууллаа гэдэг мэдээлэл байна.

-Тэгэхээр Хятадын талдаа түүхий нүүрс авах сонирхол өндөр байна уу?

-Урд талдаа баяжуулах үйлдвэр барьж байгаа нөхдүүд бүгд ченжүүд буюу дундын наймаачид байдаг. Монголоос авсан нүүрсээ Хятадын хямд нүүрстэй холиод зардаг. Бид нүүрсээ тэдэнд зарах шаардлага байхгүй. Эцсийн хэрэглэгч буюу гангийн үйлдвэр, эсвэл том коксын үйлдвэрт нийлүүлэхийг зорьдог. Эцсийн хэрэглэгчдийн хувьд нүүрс дамлах сонирхол байхгүй, чанар, тогтмол нийлүүлэлтийг чухалчилж авч үздэг. Тэдний ашиг сонирхол, бидний ашиг сонирхол нэгдэж байгаа учраас хамтран ажиллаж болоод байна.

-Нууц биш бол БНХАУ-ын аль хэрэглэгчид бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа вэ?

-Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компанид нууц зүйл байхгүй шүү дээ. Гол хэрэглэгч гэвэл Бугатын ган төмрийн үйлдвэр. Монгол талдаа байршлын хувьд хамгийн ойр үйлдвэр. Мөн Гансу мужийн “Жуган” үйлдвэр, “Чайна энержи Өвөрмонголын кокс, химийн компаниуд”-ад нүүрс  нийлүүлдэг. Эдгээр үндсэн хэрэглэгчдэд нүүрснийхээ 80-90 хувийг нийлүүлж байгаа. Бусад жижиг хэрэглэгчид бас бий. Манайх жилд дунджаар таван сая тонн баяжуулсан нүүрс хилээр гаргадаг. Энэ нь Гашуунсухайт боомтоор гарч буй нийт нүүрсний 20 орчим хувь.

-Өнөөдөр Гашуунсухайт боомт дахь нүүрсний цуваанаас үүсдэг дараалал ямар байгаа вэ?

-Энэ он гарсаар өдөрт 350-400 машин нүүрс гарч байна. Оргил үедээ боомтоор 1200-1500 машин нэвтрүүлдэг байсан. Өнгөрсөн жилийн эхний хагаст Ковид-19 цар тахлын нөлөөллөөр боомтын нэвтрэлт огцом буурсан. Хоёрдугаар хагаст сэргэж, өдөрт 700-800 машин нүүрс гаргаж байсан.

-Одоо баригдаж байгаа төмөр замын талаар мэдээлэл байна уу?

-Бидний ойлгож буйгаар төмөр зам өргөн царигаар тавигдаж байгаа. Өргөн цариг явсаар олон улсын конвенцын дагуу Хятадын нутаг дэвсгэр рүү өргөнөөрөө орно. Бид шууд Ганц модны боомтод нүүрсээ буулгана гэсэн ойлголттой байгаа. Тус төмөр замыг эзэмших “Тавантолгой төмөр зам” компанийн 34 хувийг “Монголын төмөр зам”, 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” эзэмшинэ гэдэг мэдээлэлтэй байна. Монголчуудын сүүлийн 10 гаруй жил ярьсан төмөр замын асуудал ингэж шувтарч байх шиг байна. Бид одоо нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээх хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.218.99) 2021 оны 03 сарын 09

Өөрөө өөрсдөдөө өртөг нэмж өргөн цагираг тавьдаг тэнэг хорлогчин женког яллах цаг эрт орой ирнэ. Путин нариин цагирагтай зам тхвиад дуусчихлаа.

0  |  0
Top