ГАДНЫН ХЭВЛЭЛД | Цар тахал ба эрх мэдлийн шилжилт

Б.Аззаяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцроод яг дөрөв хонож байна. Цар тахлын үед гаргасан хүний эрхийн зөрчил, түүнээс үүдсэн иргэдийн тэмцэл Засгийн газрыг хэрхэн огцруулсан тухай дэлхийн 20 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолжээ.

Энэ сарын 19-нд коронавирусийн халдвар авсан дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Уг үйл явцыг Eagle телевизийн суваг үзэгчдэд хүргэхэд нялх биетэй эмэгтэйг -20 хэмийн хүйтэнд нимгэн хувцастай тээвэрлэсэн нь иргэд, олон нийтийн дүргүйцлийг хүргэж, сошиал сувгуудаар иргэд бухимдлаа илэрхийлсэн юм. Улмаар нэгдүгээр сарын 20-ны өдөр иргэд талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулсан. Яг энэ өдөр нь Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа зарласан юм. Шөнийн 12:00 цаг хүртэл үргэлжилсэн жагсаалын дараа өдөр нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээн, огцорч буйгаа зарласан юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд 95.2 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон юм.

Гаднын хэвлэлүүд цар тахлын үеийн эрх мэдлийн шилжилтийг хэрхэн мэдээлснийг уншигч танд хүргэе.


Russia Today: Өвлийн хүйтэнд дулаан хувцас өмсүүлэлгүй эх, үр хоёрыг шилжүүлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо

Коронавирусээр оношлогдсон эхийг, нялх хүүхдийнх нь хамт тусгаарлагдах байр руу шилжүүлэхдээ дулаан хувцас өмсүүлээгүйгээс үүдсэн жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорлоо.

“Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг халдвартын эмнэлэг рүү зөөх явцдаа хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Би хоёр охинтой, эцэг хүн. Тэр эмэгтэйгээс хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьсан юм.

Орон нутгийн нэгэн телевизээр эх, үр хоёрыг тээвэрлэх үйл явцыг нэвтрүүлсэн нь олон нийтийг жагсахад хүргэжээ. Эмнэлгийн зүгээс тухайн эмэгтэйн гэр бүлээс албан ёсоор уучлал эржээ.

Монгол Улсад одоогийн байдлаар коонавирусний батлагдсан 1584 тохиолдол байгаагаас хоёр хүн нас бараад байна.
 


Xinhua: Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх пүрэв гарагт өөрийн хүсэлтээр огцорлоо. Тэрээр коронавирустэй өвчтөнийг, дөнгөж төрсөн хүүхдийнх нь хамт шилжүүлэх явцад гаргасан алдааны улмаас ийнхүү огцорсон байна.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлжээ.

Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэхээс өмнө түүний кабинетийн хоёр сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухайгаа нийтэд зарласан билээ.

Орон нутгийн нэгэн телевизийн сувгаар дөнгөж төрсөн эхийг, нярайн хамт тусгаарлах байр руу шилжүүлэх явцад дулаан хувцас өмсгөөгүй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм. Улмаар олон нийт Засгийн газраа огцрохыг шаардан, жагссан байна.

Синьхуа агентлагийн дээрх мэдээллийг China Daily цахим хуудас онцлон мэдээлжээ.


AFP: Коронавирустэй эхийн эмчилгээг эсэргүүцсэн жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо

Монгол Улсад коронавирустэй дөнгөж төрсөн эхийг, нярайн хамт өөр эмнэлэг рүү шилжүүлэх тээвэрлэлтийн үеэр хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж, улмаар эсэргүүцлийн жагсаал өрнөж, Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо.

Далайд гарцгүй Монгол Улс өнгөрсөн жил хилээ хаан, коронавирустэй амжилттай тэмцэж байсан ч арваннэгдүгээр сард дотоодын халдвар анх удаа бүртгэгдсэнээс хойш халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байна.

Өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн эмэгтэйг, нярайн хамт -25 хэмийн хүйтэнд унтлагын хувцас, хуванцар шаахайтай тээвэрлэж байгаа нь телевизийн камерт бичигдэн үлдсэн. Чухам үүнээс шалтгаалан олон нийт бухимдлаа илэрхийлж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

Лхагва гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Монгол Улсын Засгийн газар болсон явдалд уучлал хүсэн, Засгийн газар огцрохоо олон нийтэд зарлав.

“Харамсалтай нь, халдвартай эхийг шилжүүлэх явцад алдаа гаргалаа. Үүнийг хараад зүрх шимширсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хариуцлага хүлээхээ мэдэгдье” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн юм.

Монголчууд  амаржсан эхийг эхний саруудад нь гам бариулж, хөрсөн хоол ч өгдөггүй уламжлалтай. Гэтэл өвлийн хүйтэнд амаржсан эх, нярайг нимгэн хувцастай түргэний тэрэгт суулгаж буй энэ үйл явц иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлсэн юм. Лхагва гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд залуус голдуу 5000 гаруй иргэд төв талбайдаа цугласан. Жагсагчид өлгийтэй хүүхдийг дүрсэлсэн хүүхэлдэй төв талбайдаа тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсаал болсон даруйд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга болон Эрүүл мэндийн сайд өөрийн хүсэлтээр огцорсон. Түүнчлэн ХӨСҮТ-ийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга зэрэг дунд шатны удирдлагуудад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Төв Азийн ардчилсан улсад залуучууд улс төр болон системийн хямралтай тэмцсээр ирсэн туршлагатай. Коммунист засаглалаа халах зорилгоор залуусын эхлүүлсэн тэмцэл 1992 онд Ардчилсан үндсэн хууль батлагдсанаар шийдэгдэж байсан түүхтэй юм. Үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд төрийн сангийн мөнгийг өөрсдөдөө ашигтай эргүүлсэн, хээл, хахуульд холбогдсон үйлдлүүдтэй хүчтэй тэмцэн, Ерөнхий сайдаар сонгогдож байжээ. Тэрээр албан тушаалаасаа бууж байгаа ч удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Төрийн тэргүүний хувьд итгэл алдсан” гэж хэлсэн мэдэгдлээс нь харж болохоор байна.

Иргэдийн дуу хоолой

Өнгөрсөн долоо хоногт босон эсэргүүцлийн жагсаал эсэргүүцлийн зөвхөн нэг хэсэг. Цар тахал дэгдсэнээс хойш хилийн чанадад гацсан иргэдээ авахад хойрго хандаж, зохион байгуулалтгүй ажиллаж байгааг иргэд шүүмжилж байна. Түүнчлэн цар тахлаас шалтгаалсан хатуу хөл хорионы дэглэм, хилээ хаасан зэргийг ч шүүмжилдэг.

“Ковид-19” вирусээс шалтгаалж иргэдээ ядууруулж, өлсөж үх гэж байгаа юм уу” гэж 20 настай оюутан Л.Одбаяр ярилаа.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш орон нутагт зорчих хөдөлөгөөнийг хязгаарлах шийдвэртэй холбоотойгоор 80 гаруй мянган хүн нийслэл хотод гацжээ. Орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой шийдвэрээс болж олон хүн машиндаа хонож байгааг ч эсэргүүцэж байлаа. Он гарахаас өмнө арванхоёрдугаар сард эмнэлгийн тусламж хүлээн, машиндаа амьсгал хураасан 58 настай эмэгтэйн ар гэрээс Засгийн газрын зүгээс уучлал хүсэж байлаа.

Франц пресс агентлагийн дээрх мэдээллийг яг энэ агуулгаар Сингапурын “Channel News Asia” France 24 цахим хуудас, АНУ-ын санхүүгийн мэдээллийн Barrons.com, Энэтхэгийн NDTV, Khaleej Times агентлагууд мэдээлсэн байв.


Reuters: “Ковид-19” цар тахалтай холбоотой жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцров

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа албан ёсоор зарлалаа. Улмаар парламентаар түүнийг огцруулах эсэхийг хэлэлцэж, албан ёсоор огцорсон тухай “Монцамэ” агентлаг мэдээлжээ. У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдэх үеэр “Олон нийтийн шаардлагыг Ерөнхий сайдын хувиар хүлээн авсны үндсэн дээр огцорч байгаа" гэдгээ зарласан юм.

Өмнөх өдөр нь телевизийн сувгаар дөнгөж төрсөн эхийг, нялх хүүхэдтэй нь хамт өвлийн хүйтэнд нимгэн хувцастай тээвэрлэж байгаа үйлдлийг цацсан бөгөөд үүнд бухимдсан иргэд лхагва гарагт төв талбайдаа цуглан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Дээрх дүрс бичлэгийг харвал коронавирусний халдвартай амаржсан эхийг халдвартын эмнэлэг рүү шилжүүлэхдээ нимгэн унтлагын хувцастай тээвэрлэж байгаа нь бичигдэн үлджээ. Эсэргүүцлийн жагсаал болсон лхагва гарагт Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа зарласан.

Монгол Улс коронавирустэй тэмцэхэд хийж буй бодлогын арга хэмжээгээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сайшаал хүртэж байсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сард дотооддоо халдвар тархсанаас хойш дотоодын халдвар эрчимтэй өссөөр байна.

Гурван сая хүн амтай Монгол Улсад одоогийн байдлаар 1584 тохиолдол (Мэдээ нийтлэгдсэн 2021.01.21-ний өдрийн байдлаар) бүртгэгджээ.

Британийн “Reuters” агентлагийн дээрх мэдээг яг энэ агуулгаар нь Японы “Japan Times”, Канадын “National Post”, Швейцарийн “Swiss Info” цахим хуудас, Энэтхэгийн “Hindustan Times”, АНУ-ын “U.S.News” цахим хуудаст мэдээлжээ.


Associated Press: “Ковид-19” эмнэлгийн асуудлаас шалтгаалан Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо

Коронавирусээр оношлогдсон амаржсан эхийг өөр эмнэлэг рүү тээвэрлэхэд алдаа гаргасныг эсэргүүцсэн жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорлоо.

У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Монгол ардын нам олонх болсон Улсын их хурлаар түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн, олонхийн саналаар дэмжсэн юм. Пүрэв гаригийн орой болсон УИХ-ын хуралдааны үеэр Ардчилсан намаас сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дээрх улс төрийн хямралыг өдөөсөн гэж буруутгасан билээ.

Улаанбаатар хотын төв талбайд дөнгөж төрсөн эхийг, нялх хүүхдийнх нь хамт “Ковид-19”-ийн тусгаарлах байр руу шилжүүлэхдээ нимгэн хувцас, шаахайтай байсныг телевизээр нэвтрүүлсэн юм. Өнгөрсөн лхагва гарагт үүнийг эсэргүүцсэн жижиг хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард хилээ хааж, одоогийн байдлаар коронавирусний 1592 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Гэсэн ч хязгаарлалтын арга хэмжээнүүд эдийн засагт нөлөөлж байгааг олон нийт эсэргүүцэж байгаа юм.

Гэхдээ дээрх үйл явцын цаана У.Хүрэлсүх болон Х.Баттулгын олон жилийн улс төрийн тэмцэл оршиж байгаа. Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын хамгийн боломжит өрсөлдөгч нь У.Хүрэлсүх. Гэхдээ эрх баригч нам дотор нөлөө бүхий бизнесмен С.Батболд өрсөлдөх магадлалтай байна.

“Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн” гэж У.Хүрэлсүх мэдэгдэлдээ дурдсан юм. Түүнчлэн “Эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Цаашилбал, Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой хүн ийм үйлдлийг давтах ёсгүй” гэж хэлсэн үгэндээ онцолжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга парламентын чуулганд хандан хэлсэн үгэндээ Ерөнхий сайдын шийдвэрт цочирдож байгааг дурдаад, “Оюу Толгой” төсөлтэй холбоотойгоор Монгол ардын намын бүлэглэлүүдийн хатгаасаар ийм үйлдэл хийж байгааг тэмдэглэжээ.

Авлига, хээл хахууль, эдийн засгийн тогтворгүй байдал, төрийн албаны сул үйлчилгээ Монгол Улсад нүүрлэсэн бөгөөд 3.2 сая хүн амтай энэ улсын тал нь нийслэл хотдоо амьдран суудаг.

Далайд гарцгүй Монгол Улс Зөвлөлтийн үеийнх шиг Москвагаас эрчим хүч экспортолдог, харин хүчирхэгжсээр буй БНХАУ нийт экспортын 90 гаруй хувийг эзэлж байна.

Америкийн алдарт Associated Press агентлагийн мэдээллийг яг энэ агуулгаар тус улсын “ABC News” суваг, Миннесота мужийн Star Tribune, Австралийн “Canberra Times”, Канадын “The Star”, Японы “Аsahi Shimbun” агентлаг мэдээлжээ.
 

 

 


 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.105) 2021 оны 01 сарын 26

Түвшин биш дөвчигнүүр нэгэн

0  |  0
zochin(202.179.27.164) 2021 оны 01 сарын 26

odoo harahad bugd jujig ter jiremsen eh tegeed mash goe tod haragdahuits bairlalaas hiisen bichleg tegeed ogtsroh daraa ni eronhiilogchiig harluulah sda oyuntolgoi asuudal oyunerdene zugeer zasag nehemjlelee tatsan tataagui tatsan bol yagaad ingeed medeelel hiihed tiim hetsuu bnu . shal hud tsag hojih sanaatai esbel bas mongo abaad am holoo tushuulchihsan baih. mongolchuud bid hajuu hunee hudragdahiig unen hu uzdeggui. huk said zugeer l ogtsrohgui hajuudhaa chirdeg ain zugeer l nobsh .

0  |  0
Зочин(64.119.22.236) 2021 оны 01 сарын 25

Та манлайлагч байхын тулд албан тушаалаас зүүгдэх хэрэгүй.

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 01 сарын 25

Ard tumniihee acnaag uurcn uls ornoo hogjuulehiin toloo garcn irsen Huelsukh zamiinhaa dundaas shaltag gargan uuregt ajlaasaa buuj bgaa ni uneheer arcnaagui ard tumnii itgeleer tigloson uildel bolloo Ehelsen ajkaa orhidog hun Eronhiilogcnid cn dewshih erhgui

0  |  0
.(64.119.20.175) 2021 оны 01 сарын 25

chicken

0  |  0
Top