Ш.Будсүрэн: Өмнийн цэнхэр говиор дахиад тэмээтэй аялмаар байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 18

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг болсон  тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллаар хийсэн реалити шоу Бямба гараг бүрийн 20:30 цагаас “ТВ 8” телевизээр үзэгчдэд хүрч байна. “Gobi challenge-2020” реалити шоуг "Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан бөгөөд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг гарах юм.

Реалити шоуд оролцогч 10 залуу Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар  18 хоногийн турш тэмээтэй аялсан билээ.

Толь хад- Сайн сарын хөндий- Ноён уул- Тост, Тосон бумбын нуруу- Хэрмэн цав- Зуунмод, Зулганай- Наран даац- Нэмэгт- Их хонгил- Сэврэй хайрхан- Хонгорын элсээр дайрах аяллын маршрут 650 км үргэлжилнэ. Тэмээ унах нь байтугай тэмээ харж, бүр зургаа хамт авахуулж ч үзээгүй 10 залуугийн аялал анхнаасаа л адал явдал дүүрэн байв.

Оролцогчид маань тэмээтэйгээ танилцсанаар аяллын эхний өдөр эхэлсэн.  Салбар салбарын төлөөлөл болсон үе тэнгийн залуус Толь хадыг үзэж, үлгэрийн мэт Сайн сарын хөндийд саатсанаар аялал үргэлжилнэ. Гэвч оролцогч Ш.Будсүрэн тэмээнээсээ унаснаар шоуны үйл явдал хурцадна. Азаар эмчтэй явсан, эмнэлэг ойрхон, басхүү “Ард” даатгалтай байсан нь аялагчдын сэтгэлийг тайвшруулдаг.

Өмнийн говийн охин юунаас болж тэмээнээс унасан нь бусдын хувьд таавар, басхүү сургамж болж үлдэнэ.

Гэтэл аяллын гурав дахь өдөр оролцогч А.Пагмадулам тэмээнээсээ уналаа. Анхны өдрийг бодвол унаж яваа тэмээдтэйгээ нүүр хагарч, дасалцсан оролцогчид өөдөө газар хэсэгхэн жонжуулсан хэрэг л дээ. Гэвч тэмээ бол тэмээ. Тэр тусмаа сургаад удаагүй, эмнэгдүүхэн тэмээд гэдэг шоунд оролцогчдын хувьд бас нэгэн том сорилт байлаа.

Энэ явдал шоуг зохион байгуулагчдын зүгээс маршрутыг өөрчилж, аяллын замыг товчлоход хүргэв. Бас бүх оролцогч хамгаалалтын дуулга малгай өмсөх ёстой боллоо. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах тухай багаараа нухацтайхан хэлэлцсэн мөчид оролцогч Ш.Будсүрэн багийнхан дээрээ эргэн ирж, тэмээтэй аяллаа үргэлжлүүлэх болов.

Энэ үед “Gobi challenge-2020” тэмээн аяллын баг ирвэсийн нутгаар хөл тавиад байв. Дэлхийд алдартай цоохор ирвэсийн нутаг нь Улаанбаатараас 850 орчим км зайд байгааг хотынхон тэр бүр мэдэхгүй л байх.

Ингээд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын уртын дуучин Ш.Будсүрэн “Gobi challenge-2020” реалити шоуны оролцогч юм. Аяллын эхний өдөр тэмээнээсээ унасан дуучин бүсгүйтэй ярилцлаа. 


-Нэвтрүүлгээ үзэв үү. Сэтгэгдэл ямар байна?

-Нэвтрүүлгээ үзээд сэтгэл их догдолсон. Монголын үндэсний хэв шинжийг агуулсан үнэхээр сайхан нэвтрүүлэг болжээ. Ойр дотны хүмүүсээс маань гадна нутгийн олон үзээд “сонирхолтой, өгөөжтэй нэвтрүүлэг болжээ” гэцгээж байгаа. Ялангуяа миний тэмээнээсээ ойчсон хэсэг хүмүүсийн сонирхлыг татсан байна лээ. 

-Та говийн хүн, тэмээ унаж байсан. Чухам яагаад ойччихов?

-Хэдийгээр би говийн хүүхэд ч гэлээ тэмээ уналгүй 20 гаруй жил болжээ. Сурагч байхдаа л хөдөөх гэр, сургуулийн хооронд 50 орчим км газарт тэмээ унадаг байсан. Тэмээ унах дөр байвч байнга тэмээ унах дадалгүй учир мартсан байна. Дээр нь “Gobi challenge-2020” шоуны үеэр бидний унасан тэмээд дөнгөж сургасан, залуу тэмээд байсан. Уналгад сайн сураагүй болохоор айдастай, оготны үлий, томоохон цагаан чулуунаас хүртэл үргэж байсан юм. Намайг ойчихын өмнөхөн нэвтрүүлгийн зураглаач ойртож ирсэн, гэнэт тэмээ маань үргээд давхичихсан. Тэгээд л ойчсон доо. 

-Эхний дугаар дээр гарснаар та өөрөө тэмээгээ сонгосон гэсэн?

-Үгүй үгүй. “Gobi challenge-2020” багийн зарим гишүүн намайг “тэмээгээ өөрөө сонгосон, говийн хүүхэд гэж эрдсэн” зэргээр буруу ойлгосон юм шиг байна билээ. Би юу гэж дураараа загнах вэ, тэмээчин сонгож өгсөн.

-Тэмээнээс унахад юу бодогдов?

-Тухайн үед толгой л их өвдсөн. Эмнэлэгт очоод толгойдоо эмчилгээ хийлгээд “Аяллаа үргэлжлүүлмээр байна” гэхэд эмч дараа нь дэлгэрэнгүй зураг авахуулахыг зөвлөсөн. Удалгүй толгой гайгүй болж, аялалдаа нэгдсэн юм.

-Одоо таны биед ямар нэг зовуурь байна уу?

-Гэртээ дэглэм барьж байгаа болохоор санаа зовох зүйлгүй дээ. “Gobi challenge-2020” реалити шоу нь даатгалтай болохоор бичиг баримтаа бүрдүүлж өгөөд байгаа. 

-Тэмээнээс ойчсоны дараа дахиад тэмээ унахад ямар байв?

-Анх очихдоо “Сайхан уналганы тэмээнүүд байгаа, эвлэгхэн унаад явчихна” гэж бодож байсан. Гэтэл уналгад дадаагүй тэмээнүүд байсан болохоор айж байсан. Буцаж очоод “Gobi challenge-2020” тэмээн аяллын баг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв рүү орохын өмнө би тэмээтэй аялалдаа нэгдсэн юм. Энэ удаад сайхан дөлгөөн тэмээ таарсан. Бас тэмээчдээр хөтлүүлж явсан болохоор айгаагүй. Удалгүй Гурвантэс сум руу орж, сумын иргэд сайхан хүлээж авахад нь сэтгэл сэргээд өвчнөө мартчихсан даа. 

-Та аяллын турш тэмээн дээрээ гараа хөдөлгөж, дасгал хийгээд байсан. Үр дүнгээ өгсөн үү?

-Дасгал биш ээ /инээв/. Би дотроо ээжийгээ дурсаж, тийм хөдөлгөөн хийж явсан юм. Багад ээж маань тэмээтэй ирж, биднийг сургуулиас авдаг байв. Тэр үед зөөлөн жонжуулахад ээжийн минь гар хөдөлдөг байж билээ. Ер нь жонжуулж явахад гар өөрийн эрхгүй савладаг юм.

-Эргээд бодоход “Gobi challenge-2020” аяллын юу нь сайхан байж вэ?

-Аялалд гарснаас барианд орох хүртлээ бүхий л зүйл нь сайхан байсан. Би олон газраар аялж үзсэн. Харин энэ удаад насан туршдаа мартахааргүй сайхан аялалд явлаа. Тэмээтэй холбоотой дурсамжууд минь цөм сургуулийн сурагч байх  үетэй минь холбогддог бол энэ удаад төрж, өссөн Өмнөговь аймгийнхаа олон сайхан газраар тэмээтэй аяллаа.

Зуунмод, Зулганайгаар аялж явахдаа элсэн шуургатай таарсан. Тэр шуурга байснаар бусад өдрүүдийн аялал илүү тодорч байгаа юм. Тэгэхээр аяллынхаа шуургатай өдөрт хүртэл баярлаж байна.

-Та урьд нь говийнхоо үзэсгэлэнт газраар хэр явсан бэ?

-Өмнө нь Өмнөговь аймгаараа тоглолтоор олон л явж байсан. Гэхдээ үзэсгэлэнт газруудаар зорьж аялж байгаагүй. “Хэрмэн цав орж үзэх сэн” гэж их боддог байлаа. Хүслээ биелүүлж, тэр сайхан газраар тэмээтэй аялаад ирсэндээ баяртай байна. Дахиад өмнийн цэнхэр говиороо тэмээтэй аялмаар л байна.

Уран бүтээлч хүнийхээ хувьд Хэрмэн цавд л дуугаа дүрсжүүлмээр санагдсан.

 -Та дуучин хүнийхээ хувьд говийн байгалиа магтан дуулж явав уу?

-Говь шанхын гурван уртын дуу байдаг юм. Түүнийгээ дуулж явсан. Гэхдээ хээр хөдөө тэр болгон дуулаагүй. Намайг багад ээж минь “Танихгүй газар хамаагүй дуулж болохгүй” гэдэг байсан. Говь нутагт хүний мөр гараагүй онгон дагшин газар их. Тиймээс аль болох байгаль дэлхийгээ аргадаж, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Би цагаан тэмээнээс ойчсон. Гэтэл цагаан тэмээг тэнгэрийн уналга гэдэг юм байна. Хамаагүй унадаггүй гэдгийг сүүлд мэдэж байгаа юм. Ингээд болохоор монгол ёс гэдэг айхтар байгаа биз. Энэ утгаараа “Gobi challenge-2020” шоу хүүхэд залууст монгол өв соёлоо ойлгож мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

-“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг санаачлан зохион байгуулсан үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сан болон энэхүү шоуг ивээн тэтгэсэн бүх байгууллагад талархсанаа илэрхийлье.

Түүнчлэн шоуны үндсэн оролцогчид, зураглаач, найруулагч гээд арын албанд ажилласан бүх хүнд энэ сайхан нэвтрүүлгийг үзэгч олны хүртээл болгосонд баярлалаа. Монгол хүн бүрийн таашаалд нийцсэн контент болсон гэж би бодож байна. Энэ нэвтрүүлгийг үзээрэй, Монголоороо аялаарай гэж  монголчууддаа уриалмаар байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аялагч(64.119.20.3) 2021 оны 01 сарын 19

Сайхан олон хоногын тэмээтэй аялал болсон байна лээ.Харин манай хөдөөнийхөн уналга ачлаганд ердийн хөсөг хэрэглэхээ болиод 20 оод жил өнгөрчээ .Аль ч нутагт очиход хужаа мотоцикл портер машин хоёр малчин айлын гадна зоолттой .Морь тэмээ эмнэг хангал байх нь зөв шүү дээ.Хангай говь ялгаагүй дээ.

0  |  0
Заза(95.56.70.123) 2021 оны 01 сарын 18

Тэмээтэйгээ тэндээ улдээ .Мал хариуулж улс орондоо ажил хииг. Тэнд зуд болж байгаа штээ.

0  |  0
тэмээнээс унасан шал(192.82.76.98) 2021 оны 01 сарын 18

Нэг залуухан охин тэмээнээс унахыг зурагтаар харсан. Бурантгаа хэтэрхий богинохон барьснаас тэмээний нүдэн дээр шүргээд байсан болохоор тэмээ тэсээгүй санагдсан. Өөрсдөө нэвтрүүлгээ дахиад хараарай\n

0  |  0
занэр (66.181.166.134) 2021 оны 02 сарын 25

зссс..оркууд

1  |  0
Top