Ч.Чимэд: Нөхцөл байдал хүндэрвэл хилийн цаана гацсан шатахуун, тэжээлийг татаж авахаас өөр аргагүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Манай сурвалжлагч Увс аймагт ажиллаж байна.

Цар тахлын эрсдэл өндөр байгаа энэ үед аймгийн зүгээс ямар  арга хэмжээ авч ажиллаж буй талаар, аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгааг Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдээс  тодруулжээ.


 

“Аймгийн Шуурхай штабаас гаргасан зөвлөмжийн дагуу аймаг, сумд болон улсын чанартай авто замуудын  орох, гарах  гарцууд дээр түр штаб байгуулж, хяналт, бүртгэл хийж ажилласан. УОК-ын шийдвэр гарч нийслэл хотод хөл хорионы дэглэмийг сулруулсантай  уялдуулаад аймгийн хэмжээнд  өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дэглэмийг сахиж байна. Харьцангуй эрүүл бүс учраас гаднаас ирсэн зорчигчдод чанга хяналт тавьж байгаа.

Гэрийн хорионд 14 хоног байлгаж, хорионоос гарахдаа ЭМЯ-наас  өгсөн зөвлөмжийн хүрээнд  хэвийн амьдралдаа оролцоод явж байна.

Аймгийн хэмжээнд шаардлагатай нөхцөлд иргэдийг тусгаарлах байруудыг бэлдсэн. 250-300 хүнийг тусгаарлах байрыг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, бэлтгэсэн байгаа. Иргэд бол гэрийн хорионд оръя гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс иргэдийг холбогдох байгууллагуудын хяналт, шалгалтын дор гэрийн хорионд 14 хоног байлгаж байгаа. Нийслэлээс 5500 орчим иргэнийг  хүлээж аваад байна.

Арванхоёрдугаар  сарын 15-наас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд нэлээн удаан байлаа. Тиймээс  зарим үйлчлгээний газруудын үйл ажиллагааг хорио цээрийн дэглэм барьсан байдлаар явуулах зохицуулалтыг хийж байна.

Өвөлжилтийн байдал Увс аймагт одоохондоо гайгүй байна. Бүх сум цасан бүрхүүлтэй. Гэхдээ баруун тал руугаа говь тал нутагтаа  цасан бүрхүүл байхгүй, хангай тал руугаа цасан бүрхүүл байна. Олон жилийн дунджаар аюулт осол үзэгдэл болоогүй байна. Аймгийн хэмжээний өвс тэжээлийн нөөц бүрдүүлсэн.

Хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийн тухайд Дулааны 2 дугаар  станцад үүссэн удирдлагын болон янз бүрийн асуудалтай холбоотойгоор тодорхой хэмжээнд нүүрсний нөөц бэлдээгүй байсан. Ажлаа авснаас хойш үүнд анаарч  хэвийн  хэмжээний буюу долоо хоногийн нөөц бүрдүүлээд байна. Цаг хүндэрсэн үед шаардлагатай газруудад онцгой комиссын шийдвэрийн хүрээнд  Баян-Өлгий дэх онцгой комиссоос  өвс татаж авна.

Тэжээлийн нөөцийн хувьд онцгой нөхцөл байдал үүссэн. Дотоодоос бүрдүүлсэн тэжээл бага зэрэг байна. Аймаг болон бүс нутгийг хангах нөөц байхгүй. Тэжээлийн нөөцийг  аж ахуйн нэгжүүд ОХУ-аас импортоор авч, өөрийн аймаг төдийгүй баруун таван аймгийн хэрэгцээг хангаж ирсэн уламжлалтай. Манай аймгийн аж ахуйн нэгжүүд ОХУ-ын тэжээл нийлүүлдэг компаниудтай гэрээ урьдчилаад  байгуулсан юм билээ. Татаж авах гэхээр хил гаалийн асуудал хүнд болсон.  Боршоо боомтыг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хаасан. Баян-Өлгий аймгийн  Улаанбайшинтын боомт тодорхой өдрүүдэд хуваариар ажиллаж байгаа нь хилийн нэвтрүүлэх чадварыг бууруулсан. Тиймээс хил, боомтын үйл ажиллагаатай холбоотойгоор тэжээл, шатах тослох материалын импорт гацсан байдалтай байна.

Шатахуун импортлогч компаниуд  гэрээгээ хийгээд, урьдчилгаа төлбөрөө шилжүүлчихсэн гэдгээ учир байдлаа хэлж байгаа. Сарын өмнө хилийн цаана 30 гаруй машин шатахуун ачаад ирчихсэн. Цаана нь 300 машинаар шатахуун авах гэрээ хэлцэл нь хийгдчихсэн байна. Тиймээс Боршоо боомтыг нээж өгөөч гэсэн асуудлыг тавьсаар байна. Аж ахуйн нэгжүүд 1.7 тэрбум рублийн тэжээл авахаар гэрээ хийчихээд байгаа юм байна.

УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатар, мөн хил гаалийн  асуудал зохицуулахаар байгуулагдсан дэд комиссыг ахалж буй Зам, тээврийн сайд руу боомтыг нээж өгөөч гэсэн санал, хүсэлтээ явуулсан. Нээх, нээхгүй нь тодорхой бус байна. Хэрвээ цаг хүндэрвэл тэжээл,  шатахууныг татан авахаас өөр аргагүй гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.69.152) 2020 оны 12 сарын 24

Бидний нөхцөл байдлал хүндэрч хэрэгцээ шаардлага бий болохыг оросын тал хүлээгээд л үнээ хатуу бариад байж байхуу. зөвхөн бидэнд бараагаа зардаг биш, зах зээлтэй орон шүү дээ.

0  |  0
zochin(59.153.114.162) 2020 оны 12 сарын 24

oruulj ireed xiliin oiroltsoo tusgaarlaj baigaad oruulaa ch iim yumand zoxitsuulj chadaxgui tur baix gej

0  |  0
Tuk(66.181.161.46) 2020 оны 12 сарын 26

Uws aimgt zaalaa neechihldee. Darhlaag demjih zuil bol hudulguun shuu

0  |  1
Top