П.Олонбат: Малчид бид л залгамж халаагаа бэлдэхгүй бол эрдэмтэд мал маллахыг заадаггүй юм

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

          Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Сайн малчин Пужуугийн Олонбаттай мал аж ахуйг хөгжүүлэх арга туршлага болон хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.

-Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн.  1988 онд улсын Залуу аварга малчин болж байлаа. Сэлэнгэ аймагт ирж нутаглаад 20 жил мал аж ахуй эрхэлж 2004 онд улсын Сайн малчин болсон. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Хяргастайн баян бүрд” нөхөрлөл байгуулж  ойг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан. Гахайн болон үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байгаад хотод орж ирээд хоёр жил болж байна даа. Насаараа мал малласан болохоор тэнгэр хангай муудах, ган зуд болох үед хэдэн малчид, хэдэн малдаа л сэтгэл зовниж явдаг даа.

 -Малчид малаа хэтэрхий олон тоо толгой болгож өсгөх нь хэр оновчтой байдаг юм бол. Малчид бэлчээрээ булаалдаж маргаан их дэгддэг шүү дээ?

-Нэг малчин айл өрх 600 толгой мал маллах хүчин чадал, боломж бололцоотой байдаг бөгөөд ашиг шимийг нь ч бүрэн авч чаддаг. Түүнээс ихэдвэл өөрсдөө л ядарч туйлдана. Малаа 2-3 мянган тоо толгой болгож өсгөлөө гээд ашиг шимийг нь бүрэн авч чадахгүй.  Олон малтай айл малчин авч ажиллуулах хэрэг гарна. Нэг айлын эзэгтэй өдөрт 10 үнээ л сааж чадна. 10 үнээтэй айл бялхсан сайхан цагаан идээтэй байх боломжтой. Ер нь өөрийн хэрэгцээнээс  илүү малын  хэрэг байхгүй. Хэрэгцээний мал гэдгийг  дээр үед ингэж хэлдэл байжээ. Жишээ нь, тарагны таван үнээ,  ачилганы  таван ат, уналганы эдэлгээний  хэдэн адуу,  идэшний хэсэг богтой  байхад өрх айл  амьдарна гэж үздэг байж.  Гэтэл одоо хэдэн зуугаараа багшралдсан их адуугаар яах юм бэ. Нэг маягийн аархал,  юм уу даа. Тэр олон адуу малын хөлд бэлчээр л талхлагдаж байна.  Олон мянган малтай хэр нь хотод орж дэнжийн мянгаас мах авч байгаа малчин байж л байна. Тэр их малтай хэр нь хотод байр авчихаж чадахгүй л байна шүү дээ. Нарийндаа яривал 2000 мянган толгой малтай байж хотод гайгүй байр авна. Тоондоо биш малын болон  амьдралын  чанар л чухал.  Олон малтай байлаа гээд хахаж цацсан баян болохгүй.

-Та отрын нүүдэлд зориулсан шинэ төрлийн хашаа хороо зэргийг санаачлан шинээр нэвтрүүлж байгаа. Тэр талаараа танилцуулна уу?

-Жилийн дөрвөн улиралд ашиглаж болох нүүдлийн зориулалттай угсардаг зөөврийн бүрэн саравчтай хашаа, ааруул хатаагч,  хүлэмж,  нүүдлийн жорлон  санаачлан хийж байна. Малыг эрсдэлээс хамгаалж малчин олон түмнийхээ хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор эх загварыг нь хийж малчдад сурталчилж үйлдвэрийн хэлбэрт оруулахаар ажиллаж байна. Нүүдэлд аваад явахад тохиромжтой, авсаархан, хөнгөн, зай талбай бага эзэлдэг байхаар шийдсэн. Мянган хонины хашаа гэхэд  гэртэйгээ хамт ачаад явна. Махны  амбаар буюу ааруул хатаагч  хүлэмж нь  нэг шуудайнд л багтана шүү дээ. Барихад амар цаг хугацааг хэмнэнэ. Отор нүүдлээр явж байгаа малчдад хаврын шороон хавсарга, өвлийн цасан шуурга  гэх мэт  байгалын эрсдэлээс  малаа  хамгаалахад  дулаан хашаа хороо л хэрэгтэй. Байгальд ээлтэй талаасаа мод хэмнэх давуу талтай. Мөн бүрэн саравчтай хашаанд хөрзөн гарган авч ашиглан түлшний хэрэгцээгээ хангаж ой модондоо үнэлж баршгүй хэмнэлт үзүүлэх ногоон санаачлага гэж хэлэхэд болно. Би  40 жил мал маллахдаа бог малын  Өвлийн  отор нүүдлийг нэг их сайшаадаггүй байлаа. Харин малчид бог малынхаа өвөл хаврын бэлчээрийг хамгаалж, хэмнэх үүднээс  адуу малаа өвлийн оторт явуулдаг заншилтай. Малчин хүн өөрийнхөө өвөл , хаврийн бэлчээрийг хамгаалж чадаагүйгээсээ болж бэлчээргүйдэж байна. Малчид  хүний  өвөл  хаврын  нөөцөрсөн бэлчээрийг идэж болохгүй гэдэг ухамсар дутаж байна. Увс аймгийн Зүүнговь сум бол бэлчээрийг нарийн хуваартай ашигладгийн хувьд Монголдоо  загвар сум. Төвийн бүсийн нутгийн малчдыг хараад байхад зуны цагт хүний  өөрийн хамаагүй өвөл , хаврын бэлчээрт  дуртай газраа оторлоод явж байдаг. Зундаа ямар сайхан өвстэй байлаа ч сорчлоод идчихсэн бэлчээр өвлийн цагт тун хүнд болдог. Тиймээс малчид ухамсартай байх хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Бидний хийж хэрэгжүүлж буй нүүдлийн зориулалттай угсардаг хашаа саравч, амбаар,  хүлэмж,  жорлон нь  цаашлаад нарийн яривал малын зүй бус хорогдлоос  хамгаална. Нүүдлийн соёл иргэншлийг боловсронгуй  болгож байгаа хэлбэр юм шүү.

-“Монголын үндэсний мал ахуйг хөгжүүлэх холбоо” хэзээ байгуулагдсан бэ, малчдад чиглэсэн ямар, ямар ажлыг санан зохион байгуулж байна вэ?

-Өнгөрсөн оны зургаадугаар сард 21 аймгийн 500 гаруй малчдын дунд зөвлөгөөн хийсэн. Зөвлөгөөнөөр  би малчдын өргөө цогцолбортой болох санал  дэвшүүлэхэд   малчид 100 хувь дэмжсэн. ХХААХҮЯ-ны холбогдох удирдлагууд оролцож мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж, туршлага солилцсон юм. “Монгол малчин” цогцолборын барьж байгуулах ажлыг хэрэгжүүлэхийн тулд “Монголын үндэсний мал аж ахуйг хөгжүүлэх холбоо” байгуулсан. Монгол Улсад 180 мянган малчин байгаа бөгөөд мал бүхий иргэдтэй нийлээд 220 мянган малчин байна гэж үзэж байгаа юм. “Монгол малчин” цогцолбор маань Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа-2050”-д багтсан мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилго чиглэлд уялдаж байгаа нь тун нүдээ олсон хэрэг юм. “Малчин цогцолборыг дагаад 100 гаруй ажлын байр нэмэгдэнэ.  Улаанбаатар хот,  Бүх аймаг сумын малчид  мал  бүхий иргэд бидэнтэй хамтарч энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд гар бие, хувь нэмэр оруулахыг уриалж байна.

- “Монгол малчин” цогцолборынхоо талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Малчны өргөөнд хамгийн чухал нь малчин сургах төв байгуулж хойч үедээ мал маллах арга ухааныг зааж сургахгүй бол цагаан захтай эрдэмтэд мал  маллахыг заадаггүй юм аа. Малчныг малчин л бэлтгэдэг юм. Мал дагасан хүн болгоныг малчин гэхэд хэцүү байна. Малчид бид ХААИС-ийн багш нартай хамтарч, бүс бүсийн шилдэг тэргүүний сайн малчдаар хичээл заалгана. Бүх аймгаас үйлдвэрлэн гардаг малын гаралтай бүтээдэхүүнээр хийсэн үндэсний брэндийг зарж борлуулдаг үзэсгэлэн худалдааны төв барих төлөвлөгөөтэй. Тус төв нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээлд зуучлан борлуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Манай малчид хийсэн хэдэн бүтээгдэхүүнээ энд тэнд нэг танхимын булан олж суугаад зарж борлуулдаг үе ард хоцорсон. “Монгол малчин” цогцолбор барих газрын хүсэлтийг Улаанбаатар хотын захирагчид тавьсан. Дарга нар сайхан төсөл байна гэж хэлдэг дэмжин гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь цар тахал хамаг ажил уяж байна даа. “Монгол малчин” цогцолборт мал аж ахуйн салбарт төрөн гарсан Сайн малчин, Хөдөлмөрийн баатруудыг алдаршуулах танхим, 21 аймгийн авъяаслаг малчдын соёл урлагийн тоглолтыг хийх үзвэрийн танхим, “Малчин” сургалтын төвөө түшиглэсэн мал аж ахуйн салбарын түүхэн хөгжил, мал маллагааны талаарх шинжлэх ухааны болон ардын уламжлалт арга ажиллагааны ном бүтээл бүхий номын сан, 1000 оюутны дотуур байр байх юм. Мөн, малчдын эрүүл мэндийг сахин хамгаалж, анхан шатны үзлэг оношилгоо хийх, улсын эмнэлэгт зуучлан хүргэх малчдад үйлчлэх эрүүл мэндийн төв байх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь малчид халуунд халж, хүйтэнд хөрч өөрийгөө умартсаар эрүүл мэндээ золиослосон байдаг. Тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал мөн. Мөн монгол нүүдэлчдийн соёл иргэншлийг харуулсан түүхэн музей байгуулж уламжлал ёс заншил, соёлыг харуулсан үзмэрүүд байрлуулна. Энэ музей нь дотоод, гадаадын аялагч жуулчдыг татах ач холбогдолтой. Бас хурал зөвлөгөөн, уулзалт, хурим найр, баяр ёслол тэмдэглэх 1000 хүний багтаамжтай танхим байх шаардлагатай. “Монгол малчин” цогцолборыг түшиглэн Төрийн Нэг цэгийн үйлчилгээ, банк санхүүгийн үйлчилгээ, соёл, биеийн тамир, спортын зал танхимын үйлчилгээ байх юм. Цогцолборын гадна талбайд эх орны эдийн засаг, амьжиргааны үнэт баялаг болсон таван хошуу малын баримал хөшөө сүндэрлэнэ. Мөн 500 хүртэлх автомашины зогсоолтой байна.

-Таныг нутаг орондоо хөрөнгө оруулалт хийж, хүн ардынхаа амьжиргааг дээшлүүлэхэд их хувь нэмэр оруулдаг гэлцэх юм билээ?

 -1997-2004 он хүртэл  1100-1600 гаруй толгой малыг жил бүр өсгөж малын татварт 4,5 сая төгрөг төлжээ. Нутгийн айлуудад гурван суурь мал таслан өгч маллуулж амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлж ажлын байраар ханган ажиллаж байлаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих нэгдүгээр багийн айл өрхүүдэд 76 толгой малыг буцалтгүй тусламж болгон өгч Цагааннуур сумынхаа 80- аас дээш настай ахмадуудад халуун хошуутай хониор хишиг хүртээж байлаа. Мөн 2000- 2004 Оргих нэгдүгээр багийн Засаг даргаар сонгогдон ажиллахдаа малчдаас санал хүсэлтийг нь авч ямар ажлуудыг нэн түрүүн хийхийг тогтоож эрэмбэлж, багийн контор, хурал хийх улаан булан, хүний эмчийн өрөөг хамтруулан барьж ашиглалтад оруулж байсан. Халуун ус, саун, хүнсний мухлагийг барьж багийнхаа малчдад үйлчилж байлаа. Мөн багийн төвийн гадна хашаа болон, сүүдрэвч барьж ашиглалтад оруулсан. Манай нэгдүгээр багийн малчид зундаа Шүрэнгийн голд зусдаг тул багийн төвөөсөө алслагдсан малчдын дунд хурал, өдөрлөг хийх зориулалттай нүүдлийн асар хийж ажилдаа ашиглаж төрийн үйлчилгээг олон түмэнд хүргэх ажилд санаачилга гаргаж 2003 онд  Сэлэнгэ ,  Дархан уул аймгийн хүрээнд   аймаг,  сум,  багийн  засаг дарга нарын  уулзалтыг үзүүлэх сургууль маягаар зохион  байгуулж  ажилаа танилцуулж байлаа. Өөрийнхөө олон жилийн мал маллах арга туршлагаа залуу малчдад хүргэхийн тулд 2010 онд аймаг, сумын удирдлага МАА-н мэргэжилтэн болон Цагааннуур сумын малчид оролцсон үзүүлэх сургуулийг өөрийн хотонд зохион байгуулж  хийсэн  юм.

-Мал маллах арга туршлагаа залуу малчдад өвлүүлэх ямар ажлууд хийж байна вэ?

 -Увс аймгийн Зүүнговь сумын ахмад малчдын арга ажиллагааг өөрийн амьдралд хэрэгжүүлэн баяжуулж, олны хүртээл болгох зорилгоор 2012 онд “Битүү дулаан хашаанд бог мал өвөлжүүлэх аргачлал” гэсэн хоёр дахь номоо бичлээ. Уг номонд Увс аймгийн Зүүнговь сумын малчид бид бог малыг битүү дулаан хашаанд өвөлжүүлж халуун, хүйтнийг тохируулан хөрзөн гарган авч ашиглан малаа эрсдэлгүй онд тарган оруулдаг арга ажиллагааг Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад хэрэгжүүлж болох талаар бодит амьдралд тулгуурлан бичсэн. Одоо “Монголын мал, малчин, бэлчээр гурав” гэсэн номоо бичиж байна. Уг номондоо бэлчээрийн даац хэтэрч ашиглалт, хамгаалалт муудаж бэлчэээр доройтож байгаад дүгнэлт хийж үүнээс гарах арга замын талаар олон талаас нь дэлгэрэнгүй бичиж энэ санаагаа төр засгийн удирдлагуудад уламжилсан. 

/Төслийн талаар мэдээлэл авах  болон  санал солилцох  Утас:   99499376   88669376

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munkhuu(66.181.161.58) 2021 оны 01 сарын 04

Malchdad uhamsar heregtei gej unen shuu. Malchin bur nuudlee bainga hiij nutgaa hamgaalj busdiinhaa belcheeriig ch bas iluu harj biluu doloohguigeer zuv zohistoi ashiglaval nutag us maani doroitold orohgui . Huvi hun uhamsartai ys zuitei mongol uhaantai ,mongol judagtai baih l hmgiin chuhal shuu. Ternees bish tur zasag tend buu tenders nuu gehgui shuu dee.tegeheer belcheeriin asuudal bol huvi hun uuruu bagahan menejement hinged zohitsuulchih asuudal.Jishee zunduu bn

0  |  0
Зочин(103.212.116.48) 2021 оны 01 сарын 05

Малчин хүн залгамж залуу малчидаа бэлтгэх нь түмэн үнэн.Оюутан болж хотод орж ирээд сурсан юм ч байхгүй эх эцгийнхээ махыг зулгааж олсон мөнгөөр нь зугаацаад биеийн амар харж өнгө,мөнгөнд хууртаад дашин шог болж байгаа нь маргашгүй үнэн.Малтайгаа байхад Монгол баян гэдгийг цаг хугацаа харуулах шиг болж байна,хамгийн үнэтэй мах идэж байгаа хүмүүс дэлхийд ганц Монголчууд.

1  |  0
Oyunaa(192.82.70.239) 2021 оны 01 сарын 08

Монгол улс мал хэл хил 3 тайгаа байхад бид хэзээ ч газардахгүй. Бид үр хүүхэд өсвөр үеээ сурган хүмүүжүүлэх үйлсэд дор бүрнээ бодож монгол улсаа Монголоор нь авч үлдэх арга ухааныг бодож боловсруулж байгаа таньд маш их баярлаж байна. Бид хүүхэд бүрийг дээд мэргэжилтэй болгох биш хүн байх эцэг эх болох арга ухааныг зааж сургаж ээж аав нь өөрсдийн хийж байгаа бүхнээ амьдрах арга ухааныг зааж сургах нь л чухал байна. Миний бодлоор хөдөө өсөж төрсөн бол дассан сурсан хийж өссөн бүхнээ эцэг эхээсээ өвлөж авч үлдэх нь чухал санагддаг. Ингэж байж бид монгол улсаа Монголоор нь авч үлдэх юм.

4  |  0
Бат(202.9.46.213) 2021 оны 01 сарын 11

Мал таны өмч та үр хүүхдээрээ малуулах эсэх нь таны л шийдэл хийдэг хийдгээ л хийцгээе

1  |  3
Top