Б.Гантулга: Нийслэлээс иргэд шинжилгээний бичиггүй ирж, хүндрэл учруулдаг

2020 оны 12 сарын 23

Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Гантулгатай цар тахлын үед авч хэрэгжүүлж буй цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Монгол Улсын хэмжээнд  цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тажиллаж байна. Сүхбаатар аймгийн хувьд ковид-19 халдвар илрээгүй аймгуудын нэг.  Цар тахалтай холбоотойгоор танай аймгийн хувьд бэлэн байдлын ямар зэрэгт ажиллаж, ямар ямар арга хэмжээ авч байна вэ, нэн шаардлагатай зүйл юу байна вэ?

-Сүхбаатар аймгийн хувьд  гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт тодотгол хийгээд ажиллаж байна. Энэ чиглэлээр аймгийн хэмжээнд болон Бичигтийн боомт дээр бэлэн байдлын зургаан үнэлгээ хийсэн. Улсын хэмжээнд ч тэр, манай аймагт ч тэр хилийн боомт гэдэг утгаараа эрсдэл өндөр гарч байгаа.

Энэ хариун дээр үндэслээд эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд коронавирус гарсан үед хэрхэн ажиллах вэ гэдэг төлөвлөгөө боловсруулж нэг сарын нөөц бүрдүүлж эм эмнэлгийн хэрэгсэлээр хангаж ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй бүс  гэж үзэж байгаа хил дагуу Мөнххаан сум, Бичигтийн боомт байгаа Эрдэнэцагаан сумдад эрүүл мэндийн газраас хяналтын баг гарч зөвлөмж өгөх, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулж байна. Халдвар тархсан арваннэгдүгээр сарын 11-нээс хойш Сүхбаатар аймгаас 4500 орчим иргэн Улаанбаатар хотоос хүрэлцэн ирээд байгаа. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш татан авалтаар 3784 иргэн ирсэн.  Тэдгээр хүмүүстээ түргэвчилсэн тестээр түүврийн аргаар 1390 хүнд шинжилгээ авахад гурван сул эерэг гарсан. Тэр гурван хүнийг Дорнод аймагт PCR шинжилгээ авахад сөрөг гарсан. Ийм л ажлууд хийж байна даа.

-Аймгийн иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ хэр сахиж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас гаргасан байнгын зөвлөмжийг мөрдөж байна. Гадуур гарахгүй  байх, гараа угаах, амны хаалтаа зүүх, зай барих зөвлөмжийг  зарим үйлчилгээний газрууд нээсэнтэй холбогдуулж аймгийн Онцгой комиссоос зөвлөж, хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Цаашид энэ өвчин бидэнтэй зэрэгцэн орших төлөвтэй болчихлоо шүү дээ. Тиймээс өөрөө л өөрийгөө сэргийлэх, хайртай дотнын хүмүүсээ хамгаалах хэрэгтэй. Аймгийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг дээр өвчтөнөий эргэлт тойролтыг сааруулах, өрхийн эмнэлгүүд дээр байнгын сургалт явуулж ажиллаж байна.

-Цар тахлын үеэр эм, эмнэлгийн хэрэгсэлийн нөөц хангамж хэр байгаа вэ. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас ямар ямар дэмжлэг тусламж үзүүлсэн бэ?

-Эрүүл мэндийн яамнаас нөөцийг хангах чиглэлээр боломжийн тусламж үзүүлж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн яамнаас 3000 түргэвчилсэн тестийг өгсөн. Сумдын хүн амын нягтрал, хөдөлгөөнтэй холбоотойгоор тестийг сумдын өрхийн эмнэлгүүд, хувийн эмнэлгүүдэд хуваарилсан. Эрүүл мэндийн яамнаас дахин 5000 тест хуваарилахаар хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж байна. Хамгийн гол нь өвчин гарсны дараа биш аль болох өвчин оруулахгүйн тулд л бүх ажлаа хариуцлагатайгаар зохион байгуулж, мэдлгэ мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.

-Хил залгаа аймгууд хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа. Боомттой газруудад хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ямар баг ажиллаж байна вэ. Жолооч нааш, цааш орж гарч байгаа асуудлууд хэр байна вэ?

-Бичигтийн боомтоор нүүрс тээвэрлэн гардаг. Жолооч нар нь хил давахгүй машин тэргээ солилцдог тийм журмаар явж байгаа. Хэрэв хилээс наашаа жолооч нар орж ирсэн тохиолдолд компанийхаа зардлаар өөрсдийгөө тусгаарлаж байгаа. Тэдгээр хүмүүст Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн эмч нар эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, хяналт тавих, жолооч нараас PCR шинжилгээ авах, Дорнод аймагт шинжлүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод 100 гаруй тест нэмж хуваарилсан. Ирэх долоо хоногийн лхагва гарагт бид тус суманд очиж эрсдэлийн үнэлгээ хийх, эмнэл зүй, арга зүйн чиглэлээр  шалгах ажлын хэсэг ажиллана. Бид өчигдөр Мөнххаан суманд энэ чиглэлээр ажиллаад ирсэн. Ололтой болон дутагдалтай тал юу байна гэдэг дээр дүгнэлт хийгээд  сууж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар Бичигт боомт дээр оны эхнээс өнөөдрийг хүртэл найман удаагийн ажлын хэсэг очиж ажилласан. Тус боомтод хилийн нэвтрэх цэгийн хариу арга хэмжээг зохион байгуулах зорилгоор тусгаарлах өрөө, ажиглах байруудыг байгуулсан.  Зургаан аж ахуйн нэгжийн ачаа тээврийн жолооч нар зорчиж байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн бүр зогссон.

-Аймгууд Улаанбаатар хотоос иргэдээ татан авсан. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс 14 хоног нь дууссаны дараа дахин шинжилгээ авах уу?

-Нийслэлээс ирсэн иргэддээ хяналт тандалтыг хийх хугацаанд иргэд гадуур сэлгүүцэх тохиолдол цөөнгүй гарсан. Үүнийг зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн газарт хариуцлага тооцохоор шилжүүлсэн. ХӨСҮТ-өөс гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусахад тестийн шинжилгээ хамруулах зөвлөмж ирсэн. Гэвч энэ зөвлөгөөг дагах нөөц бололцоо байхгүй байсан учраас шинж тэмдгийн тандалт хийгээд 60-аас дээш насны, голомттой ойр бүсээс ирсэн 534 иргэдээс шинжилгээ авсан.

-Энэ сарын 18-ны өдрөөс эхлээд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт гарч байгаа хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарласан. Хөдөлгөөн хэр их байна. Үүсэж буй хүндрэлтэй тал юу байна вэ?

-Албан томилолт, хүнс ачаа тээвэр, өвс, махны тээвэр, буяны ажил гэсэн шалтгаанаар хүмүүс зорчиж байгаа. Хөдөлгөөн эрс багассан. Бидэнд тулгарч буй гол хүндрэл гэвэл жолооч нар PCR шинжилгээний хариу нь гарахаас өөмнө, заримдаа 119-д бүртгэгдээгүй, шивэгдээгүй үед ирчихдэг. Зарим нь бүр 10 юм уу дөрөв хоногийн өмнөх шинжилгээтэй ирчихдэг.  Нэгэнт хүрээд ирсэн хүмүүсийг түргэвчилсэн шинжилгээгээр оруулж байгаа.

-Улирлын томууны дэгдэлт аймгийн хэмжээнд ямар хувьтай байна вэ?

-Томуугийн харуулдан тандалтын тогтолцоо гэж байдаг.  Эрүүл мэндийн байгууллагын 16 нэгжээс томуугийн тандалт авдаг. Улирлын томуу одоо хоёр хувьтай. Өнгөрөгч аравдугаар сард дөрвөн хувьтай байсан. Гэрийн хөл хорионд  орсноос хойш хувь нь буурсан. Эрсдэлт бүлгийн судалгаа аваад эхний ээлжинд 0-5 насны хүүхэд, эмч эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын ажилтанууд томуугийн вакцинд 100 хувь хамрагдсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top