КОВИД ТОЙМ: Италид хөл хорио тогтоох магадлалтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Өнгөрөгч оны сүүлчээр Хятадын Хубэй мужид шинэ коронавирусын халдвар анх бүртгэгдсэнээс хойш дэлхий даяар тархан, одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 51 саяыг давж, 1,2 сая гаруй хүн энэ тахлын улмаас хорвоог орхиод байна. Вирусын албан ёсны нэршил SARS-CoV-2, харин түүнээр үүсгэгддэг өвч­нийг Covid-19 хэмээн нэрлээд байгаа. Халдвар авсан байж болзошгүй гол шинж тэмдгүүд нь: өндөр халуурах, амьсгалахад хүндрэлтэй байх, хуурай ханиалга, үнэрлэх болон амтлах мэдрэмж алдагдах. Ковид-19 халдвараар таван саяас олон хүн өвчилсөн орноор АНУ, Энэтхэг, Бразил улсууд тус тус тооцогдож, халдварын болон нас барагсдын тоогоор АНУ урдын адил тэргүүлсээр байна. Энэ өвлийг өргөн хүрээт хөл хориогүйгээр давчих юмсан хэмээн Европ тив хүсэж байсан хэдий ч санаснаар болсонгүй. Коронавирусын хоёр дахь дав­лагаа энэхүү томоохон эдийн засаг бүхий тивийн хагас тэр­бум хүнийг хамраад байгаа аж. Сүүлийн өдрүүдэд Франц, Их Британи, Австри, Чех, Испани, Бельги улсууд бараг бүтэн хөл хорионд ороод байгаа бол Герман дахин хэсэгчлэн хорио тогтоож, Италид одоохондоо бүс­чилсэн маягаар хорио цээ­рийн дэглэм мөрдөгдөж байна.

Британийн вакцинжуулалт ирэх арванхоёрдугаар сард эхлэхээр төлөвлөгджээ

Британийн эрх баригчид ирэх арванхоёрдугаар сард өөрийн орны хүн амыг нийтээр нь вакцинжуулалтад хамруулахын тулд эмнэлгүүдэд 120 сая фунт буюу 200 орчим сая долларыг хуваарилахаар төлөвлөөд байна хэмээн тус улсын Дотоод хэргийн сайд Мэтт Хэнкок мэдээлжээ. Pfizer болон BioNTech компаниудын боловсруулан гаргасан вакцин коронавирусээс 90 хувь хамгаалж байгаа нь урьдчилсан дүнгээр тодорсон тухай саяхан зарим эх сурвалжууд мэдээлж байсан. Энэхүү вакцин нь туршилтын сүүлийн шатандаа яваа 11 вакцины нэг аж. Британи улс энэ вакцинаас 40 сая тунг авахаар захиалсан бөгөөд түүний бүрэн хэмжээний үр дүнг тодорхойлохын тулд хоёр тарилга шаардагдан, 20 сая хүртэлх хүн вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. “Хэрэв энэ вакцин, эсвэл өөр вакцин ч дэмжигдсэн тохиолдолд бид вакцинжуулалтын өргөн хүрээт хөтөлбөрт хамрагдахад бэлэн байна” гэж Хэнкок парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ дурдсан байна. Вакцинжуулалт эхний ээлжинд өндөр настны асрамжийн газруудад хийгдэх, мөн нийтийг хамарсан вакцин­жуулалтын арга хэмжээнд зориу­лан томоохон төвүүд, спорт танхимууд, эмнэлгүүдийг амралтын өдөргүйгээр ажиллуу­лахаар төлөвлөж буйгаа тэрбээр ВВС-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн аж.

Бразил улс хятад вакцины туршилтаа зогсоолоо

Хятадын Coronavac вакцины туршилтад сайн дураараа оролцож буй хүнд хүчтэй гаж нөлөө мэдрэгдсэн учраас уг вакцины клиник туршилтыг Бразилын эрх баригчид зогсоосон байна. Уг явдал өнгөрөгч аравдугаар сарын 29-нд тохиолдсон талаар эрүүл мэндийн байгууллагын орон нутгийн зохицуулагч мэдэгдсэн хэдий ч болж өнгөрсөн үйл явдлын талаарх тодорхой мэдээллийг танилцуулсангүй. Бразил дахь оношлогоог явуулж байсан Бутантан Институтын зүгээс эрх баригчдын энэхүү шийдвэрийг буруу хэмээн үзжээ. Ямар нэгэн ноцтой гаж нөлөөлөл хараахан бүртгэгдээгүй байхад зохион байгуулагчидтай ямар ч зөвлөлдөх зүйлгүйгээр туршилтыг зогсоох шийдвэр гаргасан нь эгдүүцэл төрүүлж байна хэмээн тус институтын захирал Димаш Коваш мэдэгдсэн байна.

Ливанд хөл хорио тогтоолоо

Ливанд хоёр долоо хоногийн турш шинэ хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр коронавируст цар тахлын халд­варыг хязгаарлаж чадна хэмээн эрх баригчид найдаж байна. Тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Хасан Диаб ард түмэндээ хандан үг хэлэхдээ, нөхцөл байдал аюултай түвшинд хүрээд буйг мэдэгдээд, “Улсын болон хувийн эмнэлгүүд ч хүнд өвчтөнийг хүлээн авах чадалгүй болсон” хэмээн онцлон дурдсан аж. Түүний өгүүлснээр, гурван сарын өмнө эхлэхдээ 200 хүний амь насыг авч одсон цар тахлын хүчтэй тархалтаас шалтгаалж орон нутгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон бөгөөд Ливан улс вирус тархалтын хяналтаа алдахад хүрсэн аж. Тус улсад халдварын тархалт эхэлснээс хойш 95 мянган тохиолдол бүртгэг­дэж, 732 хүн амь насаа алдаад байна.

Хятад улс бүх хөлдөөсөн хүнсийг ариутгахаар болжээ

Гаднаас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүдтэй харьцсан усан боомтын ажилтнуудад коронавируст халдвар илэрсэнтэй холбоотойгоор импортоор орж ирж буй бүхий л хөлдөөсөн хүнсийг Хятадад ариутгахаар шийдвэрлэсэн байна. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол болон түүнийг зөөвөрлөхөд ашигласан тээврийн хэрэгслийг ч ариутгахаар эрх баригчид журамлажээ.

South China Morning Post мэдээлснээр, хөлдөөсөн бүтээгдэхүүн дээр вирус илэрсэн хэд хэдэн тохиолдол сүүлийн саруудад гараад байгаа аж. Энэтхэгээс импортоор оруулж ирсэн загасан бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр коронавирус илэрсэн тухай Шаньси мужийн эрх баригчид өнгөрөгч бямба гарагт мэдээлж байжээ. Мөн ажилтнуудынх нь дунд халдварын тохиолдол гарсан тухай мэдээлсэн 19 улс, бүс нутгаас хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн импортлох явдлыг өнгөрөгч есдүгээр сард Хятад улс зогсоосон аж.

Усны булгануудыг устгахыг шаардах эрх Данийн засаг захиргааныханд байсангүй

Коронавирусын мутацид орсон хэлбэр Данийн амьтны фермүүд дэх булгануудад илэрсний дараа тэднийг нийтээр нь устгахыг шаардсан нь эрхзүйн үндэслэлгүй байсан талаар тус орны эрх бариг­чид хүлээн зөвшөөрсөн байна.

Өнгөрөгч аравдугаар сарын сүүлчээр эдгээр амьтдад халдвар тархсан эхний шинж тэмдгүүд илрээд эхэлмэгц фермерүүд тэднийг устгаж эхэлжээ. “Халдвар гарсан сургаар булгануудыг устгалд оруулахаар яаравчилж, үүний тулд хууль эрхзүйн бааз зайлшгүй шаардлагатай гэдгийг сайн ойлгоогүй явдалдаа хүл­цэл өчиж байна” хэмээн Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен парламент дээр үг хэлэхдээ уучлал хүссэн аж. Шаардлагатай тохиолдолд амьтдыг хөнөөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг Засгийн газар ойрын үед бэлдэхээр төлөвлөсөн хэдий ч Хөдөө аж ахуйн сайд Могенс Йенсен урьдчилан сэргийлэх арга хэмжээний үүднээс булгануудаа “нойрсуулж” эхлэхийг фермерүүдэд зөвлөсөн байна. Дани улс бол булганы үсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орон юм.

Италид орон даяар хөл хорио тогтоох магадлалтай байна

Италид коронавируст халд­варын тархалттай холбоо­тойгоор Кампани, Эмили-Романья, Венето, Фриули-Венец-Жули гэх  дөрвөн бүс нутагт ахин “улаан” төлөв тавигдахаар болсон бол Тоскана, Умбри, Базиликата, Лигури, Абруццо “улбар шар” статустай болсон байна. Энэ лхагва гарагаас эдгээр бүс нутгууд дахь баар ресторан, уушийн газрууд бүрэн хаагдаж, оршин суугчид нь бүс нутгаасаа гарах боломжгүй болсон аж. Өнгөрөгч мягмар гарагт Италид 35 мянган халдварын шинэ тохиолдол бүртгэгдэн, 580 хүн амь насаа алдсан байна. Тус улсын эрх баригчид орон даяар хөл хорио тогтоох боломжийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ сарын 15-нд шийдвэрээ гаргах аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дэлхий(202.179.25.144) 2020 оны 11 сарын 13

Дэлхийд устгах юм маш их байна. Сарьсан багваахай, усны булга, корона вирус, монголын коммунистууд, хар тамхи гэх мэт.

0  |  0
Top