Орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих гэрээ байгууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Өмнөговь аймагт ажиллаж байна. 

Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд хамгийн чухал нөлөөтэй салбар бол Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар байдаг. Тиймээс ч Засгийн газраас шинээр байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар салбарынхаа хөгжлийг шат ахиулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхлээд буй юм. 

Энэ онд жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчдийг дэмжих зорилгоор 21 аймаг тус бүрд  нэг тэрбум төгрөг хуваарилах эрхийг төрөөс олгосон. Коронавирус цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа жишиг ЖДҮ-гийн салбарт ч байгаа юм. Тиймээс эхний ээлжинд 500 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болоод байгаа юм. Түүнчлэн  уг  ажил Өмнөговь аймгаас эхэллээ.

Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн орон нутагт олгож эхэллээ.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт  зохион байгуулж, Өмнөговь аймгийн 11 төсөлд 1.0 тэрбум төгрөгийн зээл олгох гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр 11 төсөл хэрэгжсэнээр орон нутагт 60 гаруй шинэ ажлын байр бий болж, 3 үйлдвэр шинээр байгуулагдаж, 8 үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөж байна. Үүний тод  жишээ нь Оюутолгой компанид арьс ширэ н бээлий, хөдөлмөр хамгаалалтын стандартын шаардлага хангасан хувцас нийлүүлдэг "Хасуд бат" брэнд юм. Үнэгүйдэж буй арьс ширийг үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж байна.

Түүнчлэн 2008 онд 2 га талбайд 2500 чацаргана  тарьж, суулгацаар  тариалалт хийсэн нь 2011 онд жимсэлж,  2018 оноос Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлтэй зээлд хамрагдаж цэвэр ус, хүнсний үйлдвэр байгуулан "Өмнийн говьд чацаргана тариалж, нутгийн брэнд болгосон "Их говийн төгөл" компани  юм.

Тодотгоход, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 500 сая төгрөгөөс гадна Өмнөговь аймаг орон нутгийн санхүүжилтээр жижиг дунд үйлдвэрлэгчээ дэмжин нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Улмаар төсөлд шалгарсан 11 төсөлд эхний ээлжинд санхүүжилт олгохоор болж буй юм. Мөн 9 төсөл дараагийн шатны санхүүжилтэд хамрагдахаар хүлээгдэж буй аж. 

Өнөөдрийн байдлаар 16 аймаг төсөл сонгон шалгаруулах Дэд хорооны хурлаа хийж, аж ахуйн нэгжүүдэээс ирүүлсэн төслүүдээ эрэмбэлж, жагсаалтаа ирүүлээд байгаа ба эдгээр аймгуудад нийт 107 төсөлд 7 тэрбум 950 сая төгрөгийг улсын төсвөөс гаргахаар болж, гэрээ байгуулахаар болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top