ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Өнөөдөр 2020.10.02. Энэ оны 276 дахь өдөр бөгөөд он дуусахад 90 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 53 минутад мандлаа. 18 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 2 хэм дулаан, шөнөдөө -7 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Гвинейд Тусгаар тогтнолын өдөр бол Италид Үндэсний өвөө, эмээ нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн загвар зохион бүтээгч, “Donna Karan New York”-ийг үндэслэгч Донна Каран, жүжигчин, дуучин Ромина Пауэр, Английн дуучин Стинг, Америкийн жүжигчин Лоррейн Бракко, Норвегийн дуучин Лене Гравфорд Нюстрём зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1937 оны энэ өдөр улс төрийн хэрэгтнүүдийн хэргийг хянаж, эцсийн шийдвэр гаргах эрхтэй “Онц бүрэн эрхэт комисс”-ыг байгуулжээ. Энэхүү комисс нь 1939 оны дөрөвдүгээр сард татан буугдах хүртлээ 25785 хүний хэргийг хэлэлцэж, 20099 хүнд буудан хөнөөх ял, бусдад нь 10-аас дээш жил хорих ялаар шийтгэж байв.

1978 оны энэ өдөр БНМАУ-БНЗамби улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1998 оны энэ өдөр Монголын ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь үрэгджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1946 оны энэ өдөр анхны “савангийн дуурь” DuMont сувгаар гарчээ.

1974 оны энэ өдөр Якутад цөмийн дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн хүч 1.7 килотонн байсан юм.

2002 оны энэ өдөр Японд дэлхийн анхны робот-инкассатор худалдаанд гарчээ.

2009 оны энэ өдөр ирландчууд бүх нийтийн санал хураалтаар Лиссабоны хэлэлцээрийн төлөө саналаа өгч байв.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот, балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top