1.6 сая ам.доллараар хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төв байгуулжээ

2020 оны 10 сарын 01

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Улс орны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг хэлэлцэх зөвлөлдөх уулзалтыг өчигдөр (2020.09.30) өдөрзохион байгууллаа.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахалтай холбогдуулан “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийг нэг жилээр сунгасан ба энэхүү шийдвэрийн мөрөөр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй 6 дахь Улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа мөн адил нэг жилээр сунгагдсан болохыг мэдээлэв.

Улмаар тус сангаас цар тахлын улмаас үүссэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үйл ажиллагааны хөтөлбөрөө шинэчилж, хэрэгцээнд тулгуурласан төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, бүх түвшинд үр дүнтэй ажилласныг тэмдэглэж, 2019 оны тайлангийн хурлаар дэвшүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ, жендерийн тэгш байдлыг хангах зорилтын хүрээнд нийгэм дэх сөрөг хэвшмэл ойлголтыг арилгах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр илүү идэвхитэй ажиллах шаардлага байгааг тэмдэглэсэн байна.

Монгол Улс НҮБ-ын Хүн амын сантай 1976 оноос хойш хамтран ажиллаж байгаа ба 5 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. 2017-2022 онд хэрэгжих энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах, залуучуудын хөгжлийг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад  чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм. НҮБ-ын Хүн амын сангаас Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж, техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд 1.6 сая ам.долларын хөрөнгө босгож, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах 2 төвийг Баян-Өлгий болон Хөвсгөл аймгуудад шинээр байгуулж, хил орчмын аймгуудад PCRийн оношлогооны лабораторийг тохижуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн болно.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top