Хөдөлгөөнт холбооны 6G сүлжээний эрин үе айсуй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Дэлхийн тэргүүлэгч компаниуд хөдөлгөөнт холбооны технологийн 6G сүлжээг боловсруулах ажилд ороод байна. Хөдөлгөөнт холбооны зургаа дахь үеийн 6G сүлжээний хурд нэг секундэд нэг терабитэд хүрэх гэнэ. 5G сүлжээний хурд секундэд нэг гигабит байдаг бол өдгөө бидний хэрэглэж буй 4G сүлжээний хурд нэг секундэд 100 мегабит байдаг. Өөрөөр хэлбэл 6G сүлжээний тусламжтай 142 цагийн видеог нэг секундэд татаж авах боломжтой болно. Гэхдээ хэрэглэгчдэд ийм хурд шаардлагагүй. 5 болон 6G сүлжээ нь зүйлсийн интернетийг хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой. 6G сүлжээний эрин үе тархи компьютерын холбоосыг бүтээх шинэ шинэ боломжийг бий болгоно гэж Сиднейн их сургуулийн доктор Махяр Ширванимогаддам онцолжээ.

Тухайлбал, Илон Маскийн стартап компанийн бүтээж буй саажилттай болон төв мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй өвчтөнүүдэд зориулсан цахим чип үүнд орно. 5 болон 6G технологи жолоочгүй автомашинд авто замын ослын талаарх мэдээллийг нэг ч секундийн зөрүүгүй авах боломж олгохоос гадна ойн түймэр, алга болсон хүмүүсийг эрэн хайхад ашиглаж буй нисгэгчгүй нисдэг аппаратууд мэдээллээ тэр даруйд илгээх юм. Өдгөө ийм аппаратын мэдээлэл санах ойд нь бичигддэг байна.

5G сүлжээний технологийн гол нийлүүлэгч болох Хятадын технологийн “Huawei” компани 6G сүлжээний технологийн боловсруулалтад ороод байгаа бөгөөд хөдөлгөөнт холбооны зургаа дахь үе арван жилийн дараа хэрэглээнд нэвтрэх юм. Үүнээс гадна “Samsung Electronics” энэ төрлийн судалгааг 2019 оноос хийж эхлээд байгаа бол Японы Засгийн газар энэ онд багтаан 6G сүлжээг боловсруулахад бэлтгэх шинжээчдийн зөвлөлийг байгуулахаар ажиллаж байна. Тус улс энэ сүлжээг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top