Манай уран зохиол дахь ХАОС

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

“Өнгөрсөнд үлдсэн үнэн өнөөдөр ямар хэрэгтэй юм бэ?”

СҮРЭГ: “...Самбай зүүн алгандаа атгаж болохоор шороо дүүргэн аягаа дөрвөлж дээр тавьчхаад  гарлаа. Тэрээр урцныхаа үүдэн дээр зогсоод атгасан алгаа дэлгэх төдийд алган дээрх шороог нь салхи хийсгэж, өмнө зүг рүү авч одов оо...Буу зэвсэг гэрэл чийдэн агссан харийн дөрвөн эрийг хүнхэр тайга тосож авлаа.” гээд зохиол төгссөн бол бүх юм вандан тас болох байв. Гэвч тэгсэнгүй. Бүх юм “окей”  болж төгсөв. Дэлхийг аварч төгсдөг холливуд киноны супер баатар шиг үзэгчдээр “алга ташуулж, тэдэнд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гэсэн хэрэг үү?

ВАНГИЙН НУЛИМС хэмээх зузаан номыг хэн гээч хүн бичсэнийг мэдээгүй ч уншиж дуусаад “ Да Винчи код” тэргүүт гурамсан зохиолоороо дэлхийг шуугиулсан дедектив, триллер зохиолын эзэн Дэн Браун шиг баримтат-уран сайхны аргаар адал явдлыг оньсого мэт нууцлан өрнүүлж бичдэг Монгол зохиолч гарч ирж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө” гэж бичиж байснаас хойш энэ цуврал эдүгээ тав дахь нь СҮРЭГ нэрээр өндөрлөж байна. Би андуурсан үгүй хоёроо шалгаж үзэх сайхан боломж энэ юм.

Уран зохиолын олон жанрыг хослуулан бичих гэсэн залуу зохиолчийн  хүсэл эрмэзлэл бол манайдаа  шинэ содон үзэгдэл. Хаалт хориг, үзэл суртал, дарамт шахалтанд байсан манай уран зохиол 90-д оноос хойш ангамал газар сад тавин буух үерийн ус шиг байв. Хэн дуртай нь юу дуртайгаа бичиж болно. Энэ нь манай уран зохиолын хаос юм. Орчлонгийн суурь шалтгаан бол эмх замбараагүй буюу хаос хөдөлгөөн. Харин энэ нь өөрөө аяндаа эмхэрч цэгцрэх далд зүй тогтолтой. Тийм биш бол “Их тэсрэлт”-ийн дараа орчлон ертөнц үүсэх бус, нэрт физикч Хокингийн онож хэлснээр зүгээр л “бантан” болж хувирах байв. Тиймээс уран зохиол сүйрлээ мөхлөө гэж орилолдох хэрэггүй. Жамаараа яваа нь л тэр .

ЧАМД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ? цуврал романы хувьд өнгөрсөн цаг буюу түүх дурсамж нь байна, одоо цагийн үйл явдал нь байна, ойрх ирээдүйд болох үйл явдал буюу төсөөлөл  фантаз байна, зүүд зөгнөл , зөн совин гэх мэт далд ертөнц нь байна. Нэг үгээр хэлбэл сайн уран бүтээлд байх тэр өгөдлүүд нь байна. Харин хэрхэн дүрслэн бичиж, үйл явдлаа холбож, дүрээ урлаж, үзэл санаагаа дэвшүүлсэн бэ? гэдэг маш чухал.

ВАНГИЙН НУЛИМС -эхлэхдээ олон давхар эрчилсэн утасны нэг гогцооноос л угзарч байна. Цаашид хэрхэн задрах вэ гэдэг уншигчийн сонирхолыг татаж байгаа юм. Цагийн урсгал өнгөрсөн-одоо- ирээдүй гэсэн шулуун шугамаар өрнөх учиртай бол зохиолд гурван цагийн хэлхээс тойрог маягаар эргэж байна. Цаг хугацааны машинаар аялаагүй ч санаа бол догь. Зоримог шийдэл мөн. “Вангийн нулимс”-ын тухай өмнө нь бичсэн болохоор түр орхие. Бичлэгийн арга хэлбэр нь нийтлэлийн хатуу өнгө аястай, үйл явдлыг хэт детальчлан бичсэн дутагдал байгаа боловч өгүүлж байгаа санаа, адал явдлын хөөцөлдөөн нь тун сонирхолтой. Гэхдээ Дэн Брауны гурамсан зохиолын үйл явдал шиг урд хойноо орон “Галзуу хурд” кино шиг уралдуулсангүй. Энд тэнд үсчиж, нэг тийм “хаос” маягтай эмх цэгцгүй байв. Гэхдээ л нэг юм нуугаад байгаа нь анзаарагдсан.

ХАРЬ ХЭЛЭЭР ЯРИГСАД хэмээх дэвтэрт “Вангийн нулимс”-ын эрчлээсүүд задарч олон зүйл тодорхой болж ирнэ .Тэр яг л Шерлок Холмс Ватсон хоёр шиг учир шалтгааныг мөшгиж байна. “Вангийн нулимс”-ын эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг гогцоог алсаас алгуур ойртуулж байна. Японы армийн  731-р тусгай ангийн цэрэг дайны зорилготой бактерлогийн туршилтууд орчин цагт хэрхэн бүхнийг сөгдүүлэх, эрхшээх, мөнгө олох улам нарийн бүтэцтэй зэвсэг болж хувирав аа гэсэн асуултын хариулт, учир шалтгааныг эндээс хайж байгаа юм. Дэлхийг цочроосон цар тахал корона вирусыг бүтээх ажил эндээс л эхэлсэн гэдгийг төвөггүй мэдэж болно. Одоо асар үнэтэй цэргийн зэвсэг хэрэггүй, ердөө нүдэнд үл харагдах вирус бүхнийг дийлэх болно гэдгийг дэлхий даяараа харж байна. “Вангийн нулимс” зохиолдоо хүн төрөлхтнийг аварч болох, алж болох вирусыг хүн өөрөө зохион бүтээсэн тухай, удахгүй аюул тарьж мэдэх тухай зохиолч бичиж суухдаа ирээдүйг зөгнөн харсан гэж үү? Таван жилийн өмнө шүү дээ. Энэ бол зөн билиг гэхээсээ илүү судалгаа анализын үр дүн юм.

Дэлхийн II дайны үед том ард ямар геополиткийн өрсөлдөөн, хуйвалдаан явдагдаж байсныг дурайтал сайхан бичжээ. Ерөөс зохиолчийн нэг давуу тал нь судалгааг уйгагүй сайн хийж түүндээ анализ хийх  чадвар юм.

 “...Нэр нь Ёсимура Хисато...Тэр хүн бол миний удирдлага дор хүний нийгмийг “Хүн сүрэг “ болгох цочролын эмчилгээг нээсэн хүн”\х-186\ Манай нийгэм өнөөдөр цочролын шокноос гарах нь бүү хэл ид дундаа өрнөж байна.

Нацаг гэх сайн эр, монгол хүний төлөөлөл хэрхэн туршилтын  амьд гуалин болж тамлуулсан тухай. Нацаг тохиолдлоор орж ирсэн зүгээр л нэг дүр төдий биш цаана нь нууц байгаа гэдгийг хэн ч гадарлахгүй. Цаашдаа үйл явдал улам ээдрээтэй болоод байв. “Цагаан” нэрт хүн-ургамал ямар учиртай вэ гэх мэт. Гэхдээ энэ зохиол өмнөхөө бодвол суларч эхлэв. Үйл явдал руугаа олон дахин эргэж буцаж, хэлэх гэсэн санаагаа хэд хэд давтаж, дүрслэлүүд нь нуршуу нэг л унжгар санагдаад байв.

ДЭЭД АЙЛ хэмээх мөчир бүлэгт өмнөх зохиолд туслахын туслах дүр байсан Эрбол гэх залуу гол баатар болов. Энд ямар учир шалтгаан байна гэж гайхан эргэлзэх нь магад. Энэ бол зохиолчийн дараагийн туршилт байв. Сэтгэхүйн триллер гэж нэрлэсэн боловч үнэндээ тэр зорилгодоо харааха хүрч чадсангүй. Триллер дедектив зохиолын титэмгүй хаан Рампогийн зохиолуудтай жишиж үзээд л хэлсэн хэрэг. Яг юу болох нь мэдэгдэхгүй далд түгшүүр, чулуу хөөлгөх арга бол триллерийн амт шимт. Гэтэл Эрболын сэдэл, зорилго , төлөвлөгөө , ер нь бүх юм анхнаасаа тодорхой учир хэрхэн гүйцэлдүүлэхийг харах л үлдэнэ. Гэтэл урам хугарах болоогүй байж. Зохиолын төгсгөлд том эргэлт гарлаа. Хий юм төсөөлөх сэтгэцийн өвчин. Ямар ч дээд айл байхгүй, ямар ч аллага болоогүй. Нийгмээрээ сэтгэцийн өвчин тусжээ...Зохиолд л гол ба туслах дүр гэж байхаас амьдрал дээр сайн муу ямар хүн байх нь хамаагүй өөрөө л гол дүр гэсэн санаа энд явж байна.

ХУРИМЫН ГЭРЧ мөчир бүлэг нь хайрын олон өнгө аясыг харуулах зорилготой уянга- сэтгэлзүйн чиглэлийн романтик зохиол. Энэ зохиолын тухай лектор Чилаа Todko Samsond бичсэн захиандаа  тун ч уран яруу бичсэн байдаг тул илүү үг хэлэх шаардлагагүй мэт. Харин мань эр хэт дөвийлгөн хөөргөсөн ч юм байна. Гэхдээ энэ бол хувь хүний үзэл бодол учраас надад хамаагүй. Хамгийн гол нь хайрын үнэ цэн. “...Мөнгө төлж инээнэ, мөнгө төлж уйлна, мөнгө төлж дурлана, бүр мөнгө төлж секс хийнэ, мөнгө төлж мансууран согтоно” \х-160\ бид ийм л цаг үед амьдарч яваа нь гашуун ч гэсэн үнэн. Зохиолын гол үйл явдал нь хайр-харуусал. Нэг юмын  хоёр тал. Хэн нь хэнтэйгээ суух нь гол биш хэрхэн яаж хайрлаж байгаа нь чухал. Зохиолын бичлэг нь их л сайхан хөглөгдөж бичигдсэн мэт санагдсан.

СҮРЭГ -энэ зохиолын үйл явдал , үзэл санаа, өгүүлэмж, бүх л юм энд л гарах учиртай. Зохиолын турш ийш тийшээ савчиж, эргэж буцаж, төөрүүлж будилуулж байсан нөгөө ХАОС маань одоо зүй тогтлоороо эмх цэгцэндээ орж эхлэв. Уншиж байгаа хүн анхааралтай хянуур л байхгүй бол төөрч самуураад нөгөө гурван цагийнхаа алинд нь явааг ч мэдэхээ болино. Цаг хугацаа маань битүү тойрогт эргэж байгаа учраас тэр юм. Энэ зохиолд миний хүсэн хүлээсэн, горьдож байсан нэг юм нэмэгдсэн нь зүүд зөн совин, бөө мөргөл, онгод шүтлэг зэрэг далд ертөнцийн орон зай . Ерөөсөө л далд ертөнцийг нэмэхгүй бол нөгөө гурван цагийн тойрогт эргэж буй тэр олон сүлжиж, хэрэлдсэн үйл явдал дунд нэг л юм дутагдаад байв.

Улсаагийн “Харанхуйд” хэмээх монологууд бол үнэн ганган. Энэ монологуудаар ганц хүний жүжиг хийсэн ч болохоор. Өөрөөсөө асууж өөртөө хариулах  зуурдын оронд байгаа хүний эргэцүүлэл, гаргалгаа үнэндээ л сонин содон. Үхэл ба амьдралын тухай.  Ерөөс зохиолд хэчнээн олон үйл явдал өрнөж байгаа ч гол үзэл санаа нь: “...Би яагаад энд байгаа вэ?...Би өөр газар байж болох байсан уу?... Би өөрөөр амьдарч болох байсан уу?”\х-408\ гэсэн асуултын эрэл юм. Орчлонгийн далд учир шалтгаан, далд зүй тогтлыг эрж хайж байгаа бүтээлч сэтгэлгээ юм. Тиймээс учир шалтгааныг нээн үзүүлэхийн тулд зохиолийн эрчлээсийг бүгдийг нь задалж байна. Энэ нь тайлбарлаж байгаа хэрэг биш “эрвээхэйн нөлөө” гэдэг зүгээр л онол уу, эсвэл тийм зүй тогтол байна уу гэдгийг л үзүүлэх гэж байгаа хэрэг. “...Лин Лин айж ичсэндээ Улсаа , Агиа хоёртой хамт нэг өрөөнд хонохыг гуйж байснаа нэхэн санаж амжив. Бараг л энэ орос эрээс хамаг зүйл болсон мэт хачин бодол ч зурсхийн өнгөрөв.  Хэрэв энэ эр тэр шөнө, тэр давхарт байгаагүйсэн бол Лин Лин Улсаа, Агиа хоёрын өрөөнд хонохгүй байсан. Хонохоор орохдоо Улсаагийн дан цамцыг үнэрлэж зогсохгүй байсан. Хэрэв тэр цамцыг үнэрлэж зогсоогүй бол ...”\х-329\ Ер нь яг бүх юм анх юунаас эхэлсэн бэ? Бүгдийг эхнээс нь тооцож үзнэ гэвэл зайлшгүй хоёр салаа зам гарч ирнэ.Салаа зам болгон хоёроор үржигдсээр эцэс төгсгөлгүй гаргалгаанууд. Санаандгүй, тохиолдлын юм гэж энэ хорвоод нэгээхэн ч үгүй ээ гэдгийг л зохиолоороо дамжуулан харуулж байгаа хэрэг.

Улс төрий талаарх баримт факт, онол,арга тактикууд бол маш сонирхолтой. Баримтанд тулгуурлсан гаргалгаа таамгууд нь итгэл үнэмшилтэй. “Ардчилалын хараацай” хэмээх хоёр нөхрийн хуурамч багийг хуу татан шалдаж орхив. “Хаан шалдан байна” гэж хашхирсан ч байсан тэр хүн өөрөө харин “шалдан”  байж. Хөгийн юм шүү.Тодко осолтой тоглоомоор тоглож, галаар наадах бус гал тавьж орхилоо.

СҮРЭГ-т зохиолчийн дүрслэн бичих ур чадвар, үг хэллэг, найруулга үнэхээр мундаг, чадал чансаа нь илт сайжирсан байна. Яван чангарч байна. “Авьяас, ухааныг ямар ч сургууль заадаггүй” гэж их үнэн үг юм. Тэр анхнаасаа бүх л зүйлийг төлөвлөж, тооцоолсон байж. Нээрээ л “Чөтгөрийн зулзага” юм даа. Орон зайн хувьд ч, үйл явдлын хувьд ч хамрах хүрээний хувьд ч ийм нүсэр зохиолыг бүгдийг торлож бичнэ гэдэг үнэхээр хүнд. Гэхдээ бүх юмыг лавшруулах гээд байгаа нь нөгөө сайхан эрчмийг сулруулаад, сунжруу нуршуу болгоод  байгаа юм.Тиймээс гээхийг нь гээж, тас цавчихыг нь цавчиж,  ор тас мартахыг мартах хэрэгтэй.

 “Өөрөө чармайн суралцсан зүйл л мэдлэг болдог. Мэдлэгийг мөн өөрөө өнгөлж зүлгэснээр боловсрол болдог. Боловсролоо ашиглаж сурах нь хүч юм” гэж хэлсэн “долларын эзэд”-ийн онолч Милтон Фридманы үгийг зохиолч залууд зориулан хэлмэээр байна.

 “Эзэнтэй улсын сүлд ийм байсан. Харин өдгөө эзэнгүй алдуул адуу л үлдэж”\х-434\ Энэ өгүүлбэр манай өнөөгийн дүр зураг. Хэн дуртай нь унаж зайдалж, дураараа дургиж болох “алдуул адуу” болж дээ гэж гуниглан харуусах сэтгэл төрнө...

“...Өөрийг нь зүүдэлж өөрөө зүүдэнд нь лусын дүрээр бууж, урцандаа өөрөө дуудсан юм...Тэнгэрт түгсэн үй түмэн од шүүрээд авмаар ойрхон санагдах нь нэн сайхан. Зөөлөн салхи моддын оройгоор исгэрэн шунгаж, “зуун долоон зай” хэмээх арцны хаан анхилаад, хорвоогийн бүх явдлаас холдож болох цор ганц газар энэ л гэмээр” Харь орноор тэнэж “үхэхээс бусдыг үзэж үхээрээс бусадтай нөхөрлөсөн” Улсаа Хөвсгөлийн тайгад ийн бодож хэвтдэг. Нээрээ л бид диваажин шиг оронд байгаа мөртлөө дэргэдэх эрдэнээ тоодоггүй. Олж хардаггүй.

Зохиолыг ямар ч хэлбэрээр бичиж, юу ч шигтгэж, хамж шимж, нэмж зүйж болно.Гол нь цогц үзэл санаа. Энд л зохиолчийн авьяас билиг, ур ухаан, чадал чансаа харагдаж эхэлнэ. Зохиолын шигтгээ болж буй шүлгүүд зохиолчийн дотоод ертөнц, мэдрэмжийн тусгал, уянгын халилууд.

ВАКЦИН тойрсон адал явдлууд хүрээгээ тэлсээр манай нийгмийн гажуудал, цаашлаад дэлхий дахинд өрнөж буй ТОМ бодлогын нууц руу нэвтэрч эхэллээ. Дэлхийд ноёрхлоо тогтоож бүхнийг эрхшээх гэсэн “Долларын эзэд”-ийн далд зорилго, хорон санааг илчилж байна. Бид ардчилал, эрх чөлөө нэрийн дор бусдад “тархиа” базуулсан “ХҮН- УРГАМАЛ”-ууд болжээ. Томоор харж, томоор сэтгэхийн эд хав энэ буюу.

Гадны юм бүхнийг гайхамшиг хэмээн биширч мөргөдөг, өөрсдийгөө дорд үздэг гамшиг бол бидний оюун санааны дархлаа, үнэт зүйл, үзэл санааны доройтол, ялагдал сүйрэл юм. Гадаад уран зохиол гэхээр л гамшиг байсан ч гайхамшиг гэж боддог, тийм тархи угаалт хийдэг, тэгж тулгадаг энэ цаг үед баримт судалгаанд тулгуурлан, уран сэтгэмжээр баяжуулан, уран зохиолын олон төрөл зүйлийг сүлэн бичиж буй залуу уран бүтээлч бол том олз юм. Уран зохиолтой улс орон болгонд өөрийн Кафка, Толстой, Хэмингуйэ, Мүраками бий. Манайд яагаад өөрийн Дэн Браун байж болохгүй гэж...Би андуураагүй байна.

Төгсгөлд: “Өнгөрсөнд үлдсэн үнэн өнөөдөр ямар хэрэгтэй юм бэ?” гэж. Учир шалтгаан уялдаа холбоогүй юм нэгээхэн ч үгүй учир өнөөдөр бүү хэл маргаашт ч хэрэгтэй.

СҮРЭГ-т редакторууд маш сайн ажиллажээ. Үг үсгийн алдаа миний анзаарснаар “хөөрөг” гэдэг үгийг хоёрдахь удаа бичихдээ “хөрөг” гэсэн байна лээ. Мөн “хууль вакцин” гэсэн үг гарч ирсэн. Энд “бус” гэдэг үг орхигдсон болов уу.

Хөх толбот Д.ТӨМӨР-ОЧИР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top