КОВИД-19: Таманои дэвжээний бөхчүүдийн банцүкэг буулгахгүй

2020 оны 10 сарын 01

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний өмнө коронавирусний халдвар Таманои дэвжээнд голомтлон гарч, 28 бөхөөс 24 нь халдвар авсан нь тогтоогдсон.

Сүмо бөхийн холбооноос тус дэвжээний бөхчүүдийг ояката багштай нь хамт тэмцээнд орохыг хориглосон юм. Халдвар аваагүй бөхчүүд ч энэ тэмцээнд барилдаагүй билээ.

Намрын тэмцээний дараа болсон Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Таманои дэвжээний бөхчүүдийн банцүкэ чансааг ирэх тэмцээнд буулгахгүй байхаар шийдвэрлэжээ. Дүрэм ёсоор тэмцээнийг бүтэн өнжсөн бөх банцүкэ буурдаг ч энэ удаад гэмтэл бэртэл биш дэлхийг хамарсан цар тахал гол шалтгаан нь гэж үзсэн байна.

Холбооны шүүлт хариуцсан ояката Исэгахама “Холбооноос хэлэлцээд ийм шийдвэр гаргалаа. Тэд барилдахгүй гээд барилдаагүй хэрэг биш. Өөрсдөөс нь хамаарах зүйл байсангүй. Банцүкэг нь хэвээр үлдээнэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Таманой дэвжээний халдвар авсан бөхчүүд бүгд эмчилгээгээ дуусаад дэвжээндээ харьсныг мөн мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top