Халааснаас халаас дамжсан хэтэвчний нам ч яахав

2020 оны 10 сарын 01

Улс төрийн нэг намын халааснаас нөгөө намын халаас руу орж гарч явдаг Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан шийдвэр гарчээ. Тиймээс тус намынхан жагсаал цуглаан зохион байгуулж, бухимдлаа гудамжинд гаргаж байгаа бололтой. “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр анх байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулж ирсэн ХҮН-ын нийслэлийн салбар хороог өдгөө хоёр дарга төлөөлж байгаа. Нэг байгууллага хоёр тамгатай гэсэн үг.

Тиймээс Сонгуулийн хорооноос уг маргаанаа эцэслэн шийдвэрлэх хүртэл бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл гэр доторх асуудлаа шийдэж чадаагүй бүлэг этгээдүүд Монгол төрийн сонгуульд оролцох гэж сэрүүн зүүдэлж явааг л буруу гэж үзжээ. Сонгуулийн хорооноос хуулийн дагуу шийдвэр гаргажээ гэдэг нь албан мэдээллээс ил байна. Гэрээ бүү хэл биеэ засаагүй нөхөд л төрийн хэрэгт оролцох гэж байгаа хэрэг.

Харин тус намын нийслэлийн хорооны дарга П.Наранбаяр “ХҮН-аас улс төрийн намууд айж байна, үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга бий, тодотгож хэлэхэд түүний зөвлөх байсан Д.Пүрэвдаваа, АН бий” гэх тайлбарыг өгчээ. Тэр ч бүү хэл гишүүд дэмжигчдийнхээ хамт талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар суулт зарлахаа мэдэгдэв. Хэрвээ ХҮН-д дэмжигчид байгаа бол болохгүй зүйл алга. Даанч хэдэн зангиатай нөхөд дарга болохыг зүүдэлж яваагаас өөр ямар ч дэмжигч байх билээ гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрнө.

Өөрсдийнх нь хэлж байгаа шиг Ерөнхийлөгч хүртэл өндөр авч, улс төрийн намууд сүүлээ хавчаад зугтаах хэмжээний нам биш хэдий ч өөрсдийгөө өндөрт тавьж бодохын буруу юу байхав. Бидний сайн мэдэхээр тэд үзэл баримтлал дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг нам лав биш гэдгийг  өнгөрөгч хугацааны үйл ажиллагаа нь сайтар хэлээд өгнө. Тэдэнд зорилго ч байхгүй гэхэд хэтийдэхгүй. Зорилготой нам, эвслийн тэмцэл нь хүртэл өөр харагддаг даа. Өөрсдийгөө сэхээтэн хэмээн нэрлэсэн хэдэн улс төрийн хэнээтүүдийн л бүлэглэл гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Байгуулагдсан цагаас нь харахад байнгын л хэрүүл маргаантай явж ирлээ. Тамга авч зугтаадаг, хоёр гурван даргатай байх нь тэдний хувьд хэвийн үзэгдэл. Тэгэхээр Монгол төрийн ажилд оролцож, сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол нэгэн тамга тэмдэг дээр гар зангидаж, нэгэн үзэл баримтлал дор итгэл үнэмшлээ нэгтгэхээс нам хэмээх байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг сануулах хэрэгтэй. 

Гэхдээ тэдний “...биднээс айж байна, үүний цаана АН байгаа, Ерөнхийлөгч байгаа..” гээд байгааг буруутгах аргагүй. Бусдын хэтэвчнээс хэтэвч рүү өнгөлзөж явдаг ч тэд өөрсдийгөө үнэлэх ёстой. Тиймээс Орон нутгийн сонгуульд тэд оролцлоо гэхэд бага ч атугай санал хуваах учиртай. Хуваахдаа хүрвэл АН, МАХН, ШИНЭН эвслээс хоёр, гурван хувийн санал хуваах магадлалтай учраас “Үүний цаана Д.Пүрэвдаваа, АН бий” гэж хардахаас өөр аргагүй. Буруутгах ч арга алга. Тэгээд ч тэдэнд хардах эрх нь бий. Өөрсдийгөө Монгол Улсын хоёрдагч том намтай зүйрлэж байж л бусдын халааснаас гарна биз дээ. Дандаа л нам намын халаас дамжиж, эрх барьж байгаа намын талд илүү үйлчилж явах нь хэцүү байх. 

Түүнчлэн тэд “Үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа” гэж хардах, бодох ч эрхтэй. Тэд чинь УИХ-д Я.Доржханд гэх төлөөлөлтэй учраас айсуй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлчихсөн нам шүү дээ. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвших “эрхэм”-ээс Х.Баттулга айж байна гэсэн итгэл үнэмшил тэдэнд байна. Ийм өндөр итгэл үнэмшилтэй байж бусдын хэтэвчнээс гарна шүү дээ. Энэ мэт хардлага сэрдлэгэ, өөртөө итгэх итгэлийг буруутгаж болохгүй. Харин бусдаар бол тэдэнд өмгөөлөх зүйл юу ч байхгүй. Анхнаасаа л С.Боргил, С.Ганбаатар нарын нөхөд тамга булаалдаж, сүүлдээ намыг зарсан гэх мэдээлэл ч байдаг. Тодотгож хэлбэл, Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр гэх нөхөр “ХҮН-ыг С.Ганбаатар худалдаж аваад, цааш нь Т.Доржхандтай наймаалцсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.

Намгүй популизм хийгээд ч хол явахгүйгээ мэдэрсэн С.Ганбаатарын хувьд ХҮН-аар дамжиж их улс төрд эргэн ирэх гэсэн боловч тус намын мэдлэг боловсрол ярьсан хэдэн халаасны нөхөд хамтрахад дэндүү төвөгтэй байсан учраас Н.Энхбаярт дагаар орсон хэрэг. Ингэхдээ ХҮН-ыг самарчихаад явсан нь бол үнэн. Самрах ч ёстой байсан болов уу. Самарч байж Я.Доржхандын байр суурийг тэнд бэхжүүлэх учиртай. Яагаад гэхээр энэ наймаанд мөнгөнөөс гадна худалдан авагчийн байр суурийг бэхжүүлэх шаардлага зайлшгүй бий. Түүнээс бус гишүүд ч үгүй, бүтэц ч байхгүй намын гэрчилгээ, тамга худалдаж авалтай биш дээ. Үүний тулд л самарсан хэрэг гэдгийг улс төрийн хүрээнд ярьдаг.

Яах аргагүй Я.Доржханд ХҮН-ын Удирдах зөвлөлийн даргын суудалд ямар ч маргаангүй дөрвөн жил болсноос харахад Э.Одбаярын “нам наймаалцсан” гэх үг ортой. Я.Доржхандын хувьд нам худалдаж авсных ямартай ч УИХ-ын гишүүнээр сонгогдож, ХҮН түүхэндээ анх удаа парламентад суудалтай болсон. Өөрсдийнх нь ярьж байгаагаар Ерөнхийлөгчийг айлгаад зогсож байна. Өдгөөгөөс арваад жилийн өмнө буюу 2011 онд Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлснээр үүд хаалгаа нээсэн гэж үздэг уг нам 2015 онд дахин шинэчлэгдлээ хэмээн зарласан. Тэд л бид шинэчлэгдэн зохион байгуулагдаж, шинэ залуу, боловсролтой, урьд өмнө улс төрд хутгалдаж байгаагүй мэргэжилтнүүд намыг толгойлж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэллээ хэмээсэн. Ингэхдээ өөрсдийгөө “Сэхээтний”, “Монголын ирээдүй” хэмээн нэрлэж хүртэл үзсэн ч амжилт олсонгүй өнөөдөртэй золгоод байгаа нь энэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nemo(99.57.27.106) 2020 оны 10 сарын 02

ene uuganbayar geg dandaa hunii boov hohson neg hohor baih umaa

0  |  0
Top