Ираны лигийн хамгийн өндөр цалинтай бөх нь Хасан Яздани

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Аравдугаар сарын 1-нд Ираны чөлөөт бөхийн багийн лигийн тэмцээн эхэлнэ. 20 дахь удаагийн тус тэмцээнийг зохион байгуулахыг ЭМЯ-наас эсэргүүцэж байсан ч бөх сонирхогчид, тамирчдын шаардлагаар явуулахаас өөр аргагүй болжээ. Албан ёсны мэдээгээр коронавирусээр 26 мянган иран хүн амиа алдаад байгаа.

Цар тахлын улмаас Ираны лиг Тегераны “Азади” ордонд үзэгчгүй явагдана. Нийт зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Хэсэгтээ багууд хоорондоо хоёр барилдана. Шилдэг хоёр баг хагас шигшээд шалгарах дүрэмтэй.

Лигийн аварга болох хамгийн магадлалтай багт Тегераны Иран Молл баг нэрлэгдэж байна. Энэ баг өмнө нь Биме Рази нэртэй байж байгаад саяхан Тегеранд нээгдсэн худалдааны төвийн нэрийг авсан юм. Иран Молл багийн бүрэлдэхүүнд Риогийн олимпын аварга Хасан Яздани тэргүүтэй шигшээ багийн ихэнх гишүүн байгаа. Хасан Яздани лигийн тэмцээнд ороод 14 мянган ам.доллар авах нь лигийн хамгийн өндөр цалинд тооцогдож байна. Урьд өмнөх жилүүдэд алдарт бөхчүүд ганц барилдаад 14 мянган ам.доллар авдаг байсан бол энэ жил Ираны эдийн засгийн хямралаас орлого нь ийнхүү буурчээ. Энэ багт мөн Орос танк Абдулрашид Садулаевын гол өрсөлдөгч гэгдэж байгаа Мохаммад Махаммадиан, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Парвиз Хади, Токиогийн олимпын эрхтэй Реза Атри, U-23 дэлхийн аварга Амир Заре нар барилдана.

Тэдний гол өрсөлдөгч гэгдэж байгаа Эстикляль багт дэлхийн хошой аварга Реза Яздани, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Йонес Эмами байгаа. Реза Яздани багийнхаа ерөнхий дасгалжуулагч төдийгүй өөрөө ч барилдах юм.

Иранд эдийн засгийн хямрал болж байгаагаас гадаадын алдартай бөхчүүдийг урих нь хүндрэлтэй байгаа. Одоогийн байдлаар Эстикляль баг Гүржийн Гено Петриашвилиг урихаар хэлэлцээ хийж байгаа бол бусад багууд Азербайжаны Жабраил Гасанов, Гүржийн Бека Ломтадзе, ОХУ-ын Хетик Цаболов нарыг сонирхож байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top