СЕХ: Сонгогчдод мэдээлэл хүргэх тал дээр ОНЦГОЙ АНХААРАХ хэрэгтэй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зохион байгуулалтын асуудлаар аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг оролцуулсан уулзалт, семинар боллоо. 

Уулзалт семинарыг нээж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэлсэн үгэндээ “Орон нутгийн Хурлын сонгуулийн бэлтгэл ажил батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хуулийн хугацаандаа хийгдэж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн тухай хуулинд ирцийн босго заагаагүй гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа, гэсэн хэдий ч бид тайвширч болохгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, хэсгийн хороод нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгогчдод мэдээлэл хүргэх, сонгуульд идэвхтэй оролцох тал дээр онцгойлон анхаарч ажиллахад анхаарах хэрэгтэй. Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах тал дээр бид анхаарч ажиллах ёстой” хэмээв.

Дараа нь аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороод бүр нэр дэвшигчдийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар товч мэдээлэл хийсэн юм. Энэхүү уулзалт-семинарын үеэр сонгуулийн үед тулгардаг олон асуудлуудын талаар хэлэлцэж, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийж, холбогдох чиглэл, үүргийг аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод өглөө.

Сонгуулийн зохион байгуулалтын талаарх уулзалт-семинарын үеэр саналын хуудасны хэвлэх, тээвэрлэх, зарцуулалтыг тайлагнах, санал авах байр бэлтгэх, сонгогчийн санал авах ажиллагааг зохион байгуулах, санал хураалтын дүн гаргах, нэгтгэх, хяналтын тооллого зохион байгуулах, сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх, архивын нэгж болгох, хүлээлцэх ажлын хүрээнд анхаарах асуудлуудын талаар ярилцав.

Түүнчлэн сонгуулийн хороод хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод анхаарлаа илүү хандуулж, сонгуульд биечлэн оролцож саналаа илэрхийлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал байгааг онцоллоо. Уулзалт-семинарын үйл ажиллагаа олон талыг хамарсан сэдвийн хүрээнд явагдсан нь нэлээд үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top