Япон саран дээр ус төрөгчийн түлшний үйлдвэр барина

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Японы сансар судлалын агентлаг 2035 он гэхэд устөрөгчийн түлшний үйлдвэр барихаар төлөвлөж байна.

Киодо агентлагийн мэдээлснээр, тус үйлдвэрийг мөсний нөөцтэй гэж таамаглаж буй Дэлхийн дагуулын өмнөд туйлын бүсэд байгуулах гэнэ. Эл мөснөөс ундны ус болон хүчилтөрөгч, устөрөгч гаргаж авахаар төлөвлөж байна. Устөрөгчийг саран дээр болон сар орчмын сансрын станц хооронд үйлдэх нислэгт ашиглах юм.

Урьдчилсан тооцоогоор, энэ зорилгод 21-37 тонн ус шаардагдах аж. Саран дээр ийм үйлдвэр барьснаар Дэлхийгээс түлш тээвэрлэх зардлыг хэмнэх боломжтойгоос гадна сар болон сансрыг эзэмших үйл явцыг түргэтгэхэд дөхөм болно гэж тооцоолж байна.

Өнгөрсөн онд Япон улс АНУ-ын НАСА агентлагийн сансрын хөтөлбөрт нэгдэх болсон тухай зарласан билээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоодугаар сарын 10-нд Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам НАСА агентлагтай Дэлхийн дагуулыг судлах салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулав. Хэлэлцээрт судалгааны төхөөрөмж нийлүүлэх, сарны гадаргуун талаарх мэдээллийг солилцох, сарнаа явагчийг хамтран бүтээх, Японы сансрын нисэгчдийг сар руу нисгэх зэрэг хамтын ажиллагааны хэлбэрийг тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top