3000 хүнийг байртай болгосон барилгачин залуу ийн ярив

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

“Шинэ гэр түншлэл” ХХК-ийн захирал Д.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр дахин төлөвлөлтийн хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж, 800 гаруй айлыг орон сууцтай болгосон “барилгачин” юм.
Түүний амжилтын нууцаас хуваалцлаа.   


-Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Дамдинсүрэнгийн Энхбаяр гэдэг. Миний эцэг Магсарын Дамдинсүрэн Архангай аймгийн Хотонт сумын харьяа, хүүхэд байхдаа хотод ирж суурьшсан. Төмөр замын чиглэлээр мэргэжил эзэмшиж, насаараа энэ салбартай ажил амьдралаа холбосон нэгэн. Миний эх Намхайдоржийн Гэрэлмаа, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяа, худалдааны байгууллага Улсын их дэлгүүрт олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид эцэг эхээс дөрвүүлээ, би гурван эгчтэй, айлын бага хүү юм. Их засаг их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Одоогоор МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Удирдахуйн ухааны сургуулийн магистрант, энэ жил төгсөнө. Миний ажил хөдөлмөрийн гараа Хас банкнаас эхлэлтэй, тус банканд зургаан жил ажилласан. Анх теллерээр ажилд орж харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн, зээлийн эдийн засагч, зээлийн менежрийн албан тушаал хашиж байсан. Банканд ажиллаж байхдаа эхнэртэйгээ танилцан гэр бүл болж гурван охинтой болсон. Би өөрөө гурван охинтой, миний аав гурван охинтой, аав маань өөрөө гурван эгчтэй. Ийм сонирхолтой давхцал манай гэр бүлд байдаг.

-Та хуулийн мэргэжилтэй боловч тэс өөр салбарт яагаад ажилласан юм бэ?

-Би хуулийн мэргэжилтэй боловч өрсөлдөөн ихтэй, бусад салбараас илүү хөгжсөн банкны салбарт ажиллах хугацаандаа их зүйл сурч, мэдсэн. Нэг жил надад их аз завшаан тохиож “Жайка” олон улсын байгууллагын “Хот төлөвлөлтийг чадавхжуулах” төслийг Барилга хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлсэн. Тухайн үед Япон мэргэжилтнүүдтэй 3-4 сар хамтарч ажиллах боломж гарсан. Миний арга барил Япончуудад их таалагдсан юм шиг байгаа юм. Тэр хүмүүс надад их өөриймсөг хандаж, олон зүйлийг зааж өгсөн. Би хуучний барилга байшинг дахин төлөвлөх, гэр хорооллыг барилгажуулах ажил ямар технологи, зарчмаар төлөвлөгдөж, хэрэгжүүлэх талаар суралцсан. Энэ үед би өөрөө хийж үзвэл сонирхолтой юм байна гэсэн санаа авч “Шинэ гэр түншлэл” гэдэг компанийг үүсгэн байгуулсан. Манай компанийн санхүүгийн асуудлыг миний эхнэр, маркетингийн асуудлыг миний найз хариуцаж ажилладаг. Би өөрөө ачих, буулгах, жолоочийн ажлыг ч хийдэг. Бүх зүйлдээ өөрөө гүйж явахгүй бол барилга гэдэг их ажил. Олон хүний ажил амьдрал, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдаж байдаг тул бүх зүйлд өөрөө оролцдог.

-Анхны дахин төлөвлөлтөө хаана хийж байсан бэ?

-Манай ахны ажил БЗД-ийн 16 дугаар хороо хуучнаар “Цэргийн 72 дугаар хотхон”-д байсан ашиглалтын шаардлага хангахгүй болсон гурван байрыг дахин төлөвлөсөн. Тус байранд 240 гаруй иргэн, дундаа ариун цэврийн болон усны өрөөтэй амьдардаг байсан. Ингээд оршин суугч тус бүртэй уулзаж, саналаа танилцуулан, сонгон шалгаруулалтад оролцсон.

Анхны төсөл хэрэгжүүлэхэд маш их асуудал байсан. Хэдийгээр “Цэргийн 72 дугаар хотхон” хучин байр ч гэлээ тухайн оршин суугчдын хөрөнгө. Энэ хөрөнгийг бид буулгаж шинээр барьж байгаа тул туйлын хариуцлагатай, хурдан шуурхай, чанар стандарт ягштал баримтлан барих ёстой. Бид төлөвлөснөөсөө богино хугацаанд буюу 18 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан. Энэ үед оршин суугчид хөл нь газар хүрэхгүй баярлаж, баярын нулимс унагаж ч байсан. Нэг хэсэг манай ажилчид шинэ байрны найранд өдөр бүр шахуу уригдсан шүү.

Эхний төслөө хэрэгжүүлж байх хугацаандаа дараагийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож иргэд, хотын удирдлагуудын дэмжлэгээр хэрэгжүүлэхээр болсон. ХУД-ийн 2-р хороо байшин үйлдвэрлэх комбинат /БҮК/-ын ажилчдад олгосон хоёр давхар, хоёр барилга 97 өрхийн 400 гаруй иргэнтэй, гаднаа нүхэн жорлонтой, хөрс, орчны бохирдол ихтэй барилга, байшин байсан.   

Намайг тендер хууль бусаар авсан гэж зарим хүн үзэх гээд байдаг. Бид тендерт оролцож, шалгараагүй. Тендер бол Улсын болон орон нутгийн өмчийн төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдаж авах гэдэг эрх зүйн зохицуулалтаар зохицуулагддаг. Харин миний ажил бол өөр, Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дахин төлөвлөлтийн мэргэжилтнүүд тухайн хуучин байрны оршин суугчидтай хамтран төсөл хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулж, компаниуд өөрийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлдэг учиртай.

-Дахин төлөвлөлт гэдэг бол маш их ажиллагаатай мэт санагддаг. Оршин суугчдыг байрнаас нь нүүлгэж өөр газар байрлуулахаас эхлээд ажил ундарна. Энэ үед хүндрэл бэрхшээл тулгардаг биз?

-Ажлаа хийгээд явж байхад олон асуудал тулгарна. Хоолны мөнгөгүй, хүүхэд маань өлсөөд гурав хонолоо гэдэг. Эсвэл зарим нь архины мөнгө өгөхгүй бол ажлыг чинь хийлгэхгүй гээд дарамт учруулдаг. Ажил хийж байхад цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨХТ газар, Авилгатай тэмцэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар хүртэл иргэд гомдол гаргаж биднийг шалгуулдаг. Гэсэн ч бид төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Дахин төлөвлөн барилгажуулж орон сууцуудаа ашиглалтад оруулсан.

Японд бол дахин төлөвлөлтийг дэмжээд оршин суугчид нь өөрсдөө нүүгээд явдаг. Барилга барих явцыг ч иргэд нь дэмждэг байна. Гэтэл манайд бол эсрэгээрээ. Тухайн байранд амьдарч байсан оршин суугч нь архи ууж ирээд, машин техник оруулахгүй, архины мөнгө нэхээд зогсож байсан тохиолдол бий. Барилга барих гэдэг нь хэдэн тоосго өрж, бетон зуурмаг цутгахын нэр биш, өдөр бүр шинэ сорил, асуудалтай нүүр тулж, техник технологийг түлхүү ашиглах замаар амаргүй явагддаг ажил.

-Анхны ажлынхаа хөрөнгө мөнгийг хэрхэн босгож байсан бэ?

-Бид юу юугүй хоосон яваагүй. Аав ээж, ах эгчийн туслалцаа дээр нь би өөрөө банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай тул санхүүгийн асуудлаа зохицуулж чадсан. Бэлэн мөнгө бөөнөөр орж ирэхэд санхүүгийн менежментийг зөв хийх ёстой. Дээр нь хариуцлага гэдэг зүйл хамгийн чухал нь. Би өнөөдрийг хүртэл компанийнхаа ажиллагсдын цалин урамшууллыг тухайн бүр цаг хугацаанд нь өгсөөр ирсэн. Одоо хоёр ч дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж 3000 гаруй иргэнийг шинэ орон сууцтай болгоод байна. Цаашид бид гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр ажиллахаар төлөвлөж, ажлаа хэдий нь эхлүүлээд байна.

-Та дахин төлөвлөлтийг амжилттай хийж чадаж байгаагийн нууц нь юу вэ?

-Компани болгон өөрийн гэсэн сул тал, давуу талтай. Бидний компанийн арга барил бол жижиг зүйлд ч сэтгэл гаргаж чаддаг. Дээр нь жоохон мөнгөтэй болоод ирэхээр хэт их тансагладаг ийм зан надад байдаггүй. Энэ арга барилаар бизнесээ удирдаад ирэхээр илүү зардал гаргахгүй чухал ажилдаа хөрөнгө мөнгөө зарцуулах ёстой. Миний аав өөд болоод 12 жил болж байна. Аав маань намайг өсгөж хүмүүжүүлэхдээ дарамт шахалт үзүүлдэггүй байсан. Одооны эцэг эхчүүд хүүхдээсээ хэтэрхий их зүйлийг шаардаж байна. Энэ нь хүүхдэд багаас нь ачаа үрүүлж байгаа мэт санагддаг байх. Харин миний аав намайг үргэлж дэмждэг, урам зориг өгдөг байсан. Ингэхээр өөрийгөө хөгжүүлж, өөрөө өөрийгөө эрж хайх боломж олддог.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТТТ(202.21.100.210) 2020 оны 09 сарын 29

ЗҮГЭЭР ХАНДИВЛАСАН ЮМ УУ? ТИЙМ БАЯЧУУЛ МОНГОЛД БАЙХ УУ?\n

0  |  0
aagi(202.179.25.86) 2020 оны 09 сарын 28

Unegui bair ugsiim bn te

0  |  0
Top