Билл Гейтс: Коронавируст цар тахал 2022 онд эцэс болно

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Технологийн алдарт Microsoft  компанийг үндэслэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс коронавируст цар тахал 2022 онд эцэс болох тухай Fox News телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр 2021 оны зун халдварын тохиолдлын тоо эрс буурч, хүн амын дунд эсрэг биет үүсэх магадлалтай гэж ярьсан байна.

Хэдийгээр 2022 онд эцэс болох ч улирлын томуу шиг улирлын шинж чанартайгаар хүн амын дунд тархах магадлалтай өндөртэй гэдгийг онцолжээ.

“Вакцины судалгаа, хүн амыг вакцинжуулах явц зэргийг урьдчилан тооцолбол 2022 оны эцэс гэхэд коронавируст цар тахал тогтворжино. Гэхдээ 2021 оны зун гэхэд халдварын тохиолдлын тоо буурч, эндэгсдийн тоо ч багасна. Хамгийн их хохирол амсах улс нь магадгүй АНУ байх болов уу. Учир нь авч буй арга хэмжээ, улстөрчдийн байр суурийг харахад системтэй тэмцэж байгаа зүйл ажиглагдахгүй байна” гэж Билл Гейтс ярьжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар дэлхий даяар нийт халдварын тохиолдол 32.9 сая, эндэгсдийн тоо 996 мянгад хүрсэн байна.

Халдварын тохиолдлын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ улсууд тэргүүлж байна. Зөвхөн дээрх дөрвөн улсад нийт халдварын  тохиолдол 18.9 саяар хэмжигдэж байгаа аж.


Эх сурвалж: The Green Planet

 

Top